Номлогчийн үгс
5 Жинхэнэ Бурхны өргөөнд очих болгондоо явдал үйлээ хяна. Тахил өргөснөөс, ойртож очоод чагнасан нь дээр. Мунхгууд л буруу юм хийдгээ мэдэхгүй байж тахил өргөдөг юм.
2 Ярих гэж бүү яар. Зүрх сэтгэлдээ байгааг жинхэнэ Бурханд хэлэхээсээ өмнө сайтар бод. Учир нь жинхэнэ Бурхан тэнгэрт, чи газар дээр байна. Тиймээс үг чинь цөөн байг. 3 Зовнил ихэдвэл* зүүд зүүдэлнэ. Үг олширвол мунхаг хүн шиг дэмий юм ярина. 4 Бурханд тангарагласан л бол хойшлуулалгүй биелүүл. Бурхан тэнэг хүмүүсийг таашаадаггүй. Тангарагласнаа биелүүл. 5 Тангараглаад биелүүлэхгүй байснаас, тангараглахгүй байсан нь дээр. 6 Амнаасаа болж нүгэл бүү үйлд. «Энэ нь алдаа байжээ» гэж тэнгэрийн элчийн дэргэд бүү хэл. Яагаад чи хэлсэн үгээсээ болж жинхэнэ Бурхны уурыг хүргэн, хийж бүтээснээ сүйтгүүлэх ёстой юм бэ? 7 Зовнил ихэдвэл* зүүд зүүдэлдгийн адил, үг олширвол яриа утгагүй болно. Харин жинхэнэ Бурхнаас эмээ.
8 Хэрэв танай нутагт нэгэн түшмэл ядуусыг дарлаж зөв байдал, шударга ёсыг уландаа гишгэж байхыг харвал бүү гайх. Учир нь тэр түшмэлийг өөрөөс нь илүү их эрх мэдэлтэй нэгэн ажиглаж байдаг юм. Тэднээс ч давуу эрх мэдэлтнүүд бий.
9 Энэ хүмүүс бүгдээрээ газраас олсон ашгаа хувааж авдаг. Хаан хүртэл газрын шимийг хүртдэг.
10 Мөнгөнд дурлагч нь мөнгөндөө, эд баялагт дурлагч нь орлогодоо хэзээ ч ханахгүй. Энэ нь бас утгагүй.
11 Баялаг өсөхийн хэрээр зарцуулагчид нь олширно. Эд баялгаа харахаас өөр ямар ашиг эзэнд нь байгаа юм бэ?
12 Зарц хүн их ч идсэн, бага ч идсэн сайхан унтаж амардаг. Баян хүн асар их эд хөрөнгөөсөө болоод унтаж чаддаггүй.
13 Нарт хорвоод би нэгэн гунигт явдлыг харлаа. Хураасан хөрөнгө нь эзэндээ зовлон авчирдаг ажээ. 14 Ажил хэрэг нь бүтээгүйгээс тэрбээр эд хөрөнгөө алджээ. Хүүтэй болсон ч өвлүүлэх юмгүй хоцорчээ.
15 Хүн эхийн хэвлийгээс нүцгэн гарсан шигээ нүцгэн буцна. Нөр их хөдөлмөрлөчхөөд юу ч авч явж чадахгүй.
16 Тэрбээр ирсэн шигээ буцна. Салхины хойноос ингэтлээ их ажилласны үр ашиг юу байна вэ? Энэ нь бас л нэг эмгэнэл юм. 17 Мөн түүний бүхий л өдөр хоног баргар*, асар их гуниг цөхрөл, өвчин шаналал, уур бухимдлаар дүүрэн ажээ.
18 Хүнд юу нь сайн бөгөөд зөв байдгийг би ойлгов. Энэ нь жинхэнэ Бурхны өгсөн богинохон амьдралдаа идэх, уух, нарт хорвоод нөр их хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэх ажээ. Яагаад гэвэл энэ нь түүний шагнал юм. 19 Түүнчлэн жинхэнэ Бурхан эд баялаг, өмч хөрөнгө, эдгээрийг эдэлж хэрэглэх чадварыг өгсөн бол хүн энэ шагналаа хүртэж, ажил хөдөлмөртөө баясах ёстой. Энэ нь Бурхны бэлэг юм. 20 Жинхэнэ Бурхан зүрх сэтгэлийг нь баяр баясгалангаар бялхаадаг учраас амьдралынх нь өдөр хоногууд урсан өнгөрч байгааг ч тэрбээр үл анзаарна.