Исаиа
38 Тэр үед Хезекиа хүнд өвдөж, амь нас нь үхлийн ирмэгт тулсан байлаа. Амозын хүү зөнч Исаиа түүн дээр ирж «Ехова ийн айлдаж байна. “Чи эдгэхгүй, үхэх тул гэрийнхэндээ захиасаа хэл”» гэж хэлэв. 2 Тэгэхэд Хезекиа хана руу харж, Еховад залбирлаа. 3 «Танаас гуйя, Ехова минь. Хамаг л зүрх сэтгэлээрээ танд үнэнч явж ирснийг минь, таны таалалд нийцүүлдэг байсныг минь санаач» гэснээ цурхиран уйлж гарав.
4 Тэгэхэд Ехова Исаиад хэлсэн нь: 5 «Буцаж очоод Хезекиад хэл. “Чиний өвөг эцэг Давидын Бурхан Ехова ийн айлдаж байна. «Би залбирлыг чинь сонслоо. Нулимсыг чинь харлаа. Амьдралыг чинь 15 жилээр уртасгаж, 6 чамайг болон энэ хотыг Ассирийн хааны гараас аваръя. Би энэ хотыг хамгаална. 7 Ехова би хэлсэн үгэндээ хүрнэ. Ехова би үүнийгээ баталж дараах тэмдгийг чамд үзүүлнэ. 8 Ахазын шатан* дээр туссан сүүдрийг би арван алхам ухраана»” гэлээ. Тэгтэл шатаар уруудаж байсан сүүдэр арван алхам ухарчээ.
9 Иудагийн хаан Хезекиа өвчин тусаад эдгэснийхээ дараа ийн бичжээ.
10 «Би ид насандаа
Булшны* хаалгаар орох болох нь ээ.
Миний амьдрал ингээд дуусдаг юм байжээ» гэж би хэлэв.
11 Би бас ингэж хэлсэн. «Би Яаг* харахгүй. Би амьд хүмүүсийн дунд байхгүй учир Яаг харахгүй.
Би хүмүүсийг дахин харахгүй.
Учир нь би үхэгсдийн дунд байх болно.
12 Миний гэр яг л буулгаад аваад явсан
Хоньчны майхан мэт юм.
Нэхмэлчин хүн нэхсэн даавуугаа хуйлдаг шиг би амьдралаа хуйлав.
Бурхан амийг минь даавууны утас тасалдаг шиг таслав.
Үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол та надад зовлон учруулж байна.
13 Би өглөө болтол өөрийгөө тайвшруулах гэж хичээдэг.
Тэрбээр хамаг ясыг минь арслан адил хугачдаг.
Үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол та надад зовлон учруулж байна.
14 Би ураацай эсвэл хөөндэй* шиг дуугарч,
Тагтаа шиг гүгнэж байна.
Өөдөө ширтсээр нүд минь чилжээ.
“Өө Ехова минь, би их зовж байна.
Надад туслаач!” гэсэн.
15 Тэрбээр надтай ярьж амласнаа биелүүлснээс хойш
Би одоо юу хэлэх вэ?
Өчнөөн их зовж байснаа санаад
Насан туршдаа даруу явах* болно.
16 “Ехова минь ээ, таны ачаар хүмүүс амьд байдаг.
Таны ачаар би ч бас амьд байна.
Та намайг эдгээж, амьд байлгана.
17 Би амар заяа үзэхийн оронд гашуун зовлон амссан.
Харин та намайг энхрийлэн хайрлаж
Сүйрлийн нүхнээс аварсан.
Та миний бүх нүглийг нурууныхаа ар луу чулуудсан*.
18 Таныг Булш* алдаршуулахгүй.
Үхэл магтахгүй.
Нүхэнд хэвтэгсэд таны үнэнч байдалд найдахгүй.
19 Өнөөдөр би таныг магтаж байгаа шиг,
Амьд хүмүүс, зөвхөн амьд хүмүүс л таныг магтана.
Эцэг нь хөвгүүддээ таны үнэнч байдлын тухай ярина.
20 Ехова минь, намайг авраач.
Бид насан туршдаа Еховагийн өргөөнд
Миний зохиосон дууг чавхдаст хөгжмөөр тоглоно”».
21 Исаиа: «Хатаасан инжрийн шахмал авчирч, хатгин дээр нь тавь. Тэгвэл эдгэнэ» гэв. 22 Хезекиа: «Би Еховагийн өргөө рүү явна гэсэн ямар тэмдэг байна вэ?» гэж асуусан ажээ.