Нэгдүгээр хаад
8 Тэгээд Соломон Израйлын ахлагчид, Израйлын овгуудын бүх удирдагч, эцгийн бүлүүдийн тэргүүнүүдийг цуглуулав. Тэд Еховагийн гэрээний авдрыг Сион хэмээх Давидын хотоос авчрахаар Иерусалимд Соломон хаан дээр ирлээ. 2 Израйлын бүх эрчүүд Етаним* сар буюу долоодугаар сард баяр наадмын* үеэр Соломон хааны өмнө цуглацгаажээ. 3 Израйлын бүх ахлагчийг ирэхэд тахилчид авдрыг өргөөд авч явав. 4 Тэд Ехова Бурхны авдар, цугларалтын асар, асар доторх бүх ариун эд хэрэгслийг Бурхны сүмд аваачив. Тахилчид, левичүүд тэдгээрийг аваачсан юм. 5 Соломон хаан болон түүний цуглуулсан израйлчууд авдрын өмнө байлаа. Тэд тоолохын аргагүй асар олон хонь, үхрээр тахил өргөжээ.
6 Тэгээд тахилчид Еховагийн гэрээний авдрыг байх ёстой газар нь буюу өргөөний хамгийн дотоод өрөө болох Ариунаас ариун газарт херубүүдийн далавчнуудын доор аваачиж тавив.
7 Херубүүдийн далавчнууд авдрыг тавьсан газар дээгүүр дэлгээстэй байсан бөгөөд херубүүд авдрыг дамнуургуудтай нь халхалж байлаа. 8 Дамнуургууд маш урт байсан тул үзүүрүүд нь хамгийн дотоод өрөөний өмнөх Ариун газраас харагддаг байлаа. Харин гаднаас бол харагддаггүй байв. Тэдгээр нь өнөөг хүртэл тэндээ байгаа. 9 Авдарт хоёр чулуун хавтангаас өөр юу ч байгаагүй. Мосе хоёр чулуун хавтанг Хоребт байхдаа авдарт хийж байсан юм. Тэр үед Ехова Египетээс гараад явж байсан израйлчуудтай гэрээ байгуулсан билээ.
10 Тахилчдыг ариун газраас гарч ирэх үед үүл Еховагийн өргөөг дүүргэв. 11 Үүлнээс болоод тахилчид тэнд үйлчилж чадахгүй болов. Учир нь Еховагийн цог жавхлан Еховагийн өргөөг дүүргэсэн юм. 12 Тэгэхэд Соломон: «Ехова, та өөрийгөө өтгөн хар үүлэн дунд оршино гэж айлдаж байсан. 13 Гэсэн ч би танд зориулж сүр жавхлант өргөө, мөнхөд оршин суух газрыг байгууллаа» гэв.
14 Тэгээд хаан эргэж хараад тэнд зогсож байсан Израйлын хамаг чуулганыг ерөөв. 15 Соломон: «Миний эцэг Давидад амласнаа* өөрийнхөө мутраар биелүүлсэн Нэгэн болох Израйлын Бурхан Ехова магтагдах болтугай! 16 Тэрбээр: “Би ард түмэн израйлчуудаа Египетээс гаргасан өдрөөсөө хойш нэр алдрынхаа төлөө өргөө бариулах гэж Израйлын аль ч овгоос ямар ч хотыг сонгоогүй. Харин Давидыг ард түмэн израйлчуудаа захируулахаар сонгосон” гэж айлдсан билээ. 17 Эцэг Давидын маань чин зүрхний хүсэл бол Израйлын Бурхан Еховагийн нэр алдрын төлөө өргөө барих байсан. 18 Гэхдээ Ехова эцэг Давидад маань “Чи миний нэр алдрын төлөө өргөө барихыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа чинь их сайн хэрэг. 19 Харин миний нэр алдрын төлөө өргөө барих хүн нь чи биш. Чамд заяах хүү чинь барина” гэж айлдсан. 20 Ехова хэлсэндээ хүрсэн. Би яг Еховагийн амласнаар эцэг Давидынхаа дараа Израйлын хаан сэнтийд заларсан. Бас Израйлын Бурхан Еховагийн нэр алдрын төлөө өргөө барьж, 21 тэнд авдрыг тавих газар бэлдсэн. Ехова эцэг өвгөдийг маань Египетээс гаргасныхаа дараа тэдэнтэй гэрээ байгуулсан бөгөөд тэр гэрээ авдарт бий» гэлээ.
22 Тэгээд Соломон Израйлын хамаг чуулганы урд Еховагийн тахилын ширээний өмнө зогсоод хоёр гараа тэнгэр өөд өргөн 23 «Израйлын Бурхан Ехова минь ээ, гэрээгээ тан шиг сахидаг, өөрт тань чин сэтгэлээсээ үйлчилдэг үйлчлэгчдээ үнэнчээр хайрладаг тан шиг Бурхан дээр тэнгэрт ч, доор газарт ч байхгүй билээ. 24 Та үйлчлэгч тань болох эцэг Давидад минь амласандаа хүрсэн. Та өөрөө амласнаа өнөөдөр мутраараа биелүүллээ. 25 Израйлын Бурхан Ехова минь ээ, та бас үйлчлэгч тань болох эцэг Давидад минь “Хэрэв хөвгүүд чинь миний өмнө явдал үйлээ анхааран, заасан замаар минь чам шиг явбал үр удам чинь миний өмнө Израйлын хаан сэнтийгээс хэзээ ч буухгүй” гэж амласан билээ. Та энэ амлалтаа ч биелүүлээч. 26 Израйлын Бурхан минь ээ, та өөрийнхөө үйлчлэгч, эцэг Давидад минь амласнаа биелүүлээч.
27 Бурхан үнэхээр газар дэлхийд оршин сууна гэж үү? Тэнгэр ч, тийм ээ, хязгааргүй уудам тэнгэр ч бүхэлдээ таныг багтааж чадахгүй. Тэгэхээр миний барьсан энэ өргөө ямар өчүүхэн юм бэ! 28 Та зарц миний залбирал болон тааллыг тань эрсэн гуйлтыг минь анхаараач. Ехова Бурхан минь ээ, өнөөдөр өмнө тань залбирч байгаа зарцынхаа залбирлыг, тусламж гуйн хашхирахыг минь сонсооч. 29 Та энэ сүмийн талаар “Миний нэр тэнд алдаршина*” гэж айлдсан билээ. Тиймээс намайг энэ сүмийн зүг залбирахад та зарц миний залбирлыг сонсохоор мэлмий тань өдөр ч, шөнө ч энэ өргөө рүү харж байх болтугай. 30 Таны тааллыг эрэх зарц миний гуйлтыг болон энэ газрын зүг хандан залбирах ард түмэн израйлчуудынхаа гуйлтыг та тэнгэр дэх орших газраасаа сонсоно уу. Тийм ээ, сонсоод уучилна уу.
31 Хэрэв хүн нэгнийхээ эсрэг нүгэл үйлдсэн гэж буруутгагдан, шаардлагынх нь дагуу тийм юм хийгээгүй гэж ам тангараг* өргөж, тангараг өргөсөн байх үедээ энэ өргөөн дэх таны тахилын ширээний өмнө ирвэл 32 та тэнгэрээс сонсоод зарц нараа шүүж, хорон муу нэгнийг нь гэм буруутай гэж тунхаглан, хийсэн үйлийнх нь хариуг барина уу. Харин үнэнч шударга нэгнийг нь гэм буруугүй гэж тунхаглан, үнэнч шударгынх нь төлөө шагнана уу.
33 Таны ард түмэн Израйл таны эсрэг нүгэл үйлдсээр байгаад дайсандаа ялагдчихаад танд буцаж хандан нэрийг тань алдаршуулж, энэ өргөөний зүг тааллыг тань эрэн залбирвал 34 та тэнгэрээс сонсоод ард түмэн израйлчуудынхаа нүглийг уучлан эцэг өвгөдөд нь өгсөн нутагтаа буцааж аваачна уу.
35 Ард түмэн тань таны эсрэг нүгэл үйлдсээр байгаад тэнгэр хаагдаж, хур бороогүй болоход, та тэднийг ингэж дорд болгоход тэд энэ өргөөний зүг залбиран нэрийг тань алдаршуулж, нүгэл үйлдэхээ боливол 36 та өөрийнхөө үйлчлэгчид болох Израйлын ард түмнээ тэнгэрээс сонсож, нүглийг нь уучилж, явах ёстой сайн замыг нь зааж өгнө үү. Та ард түмэндээ өв болгон өгсөн нутагтаа хур бороо оруулна уу.
37 Хэрвээ ард түмний тань газар нутаг өлсгөлөн, тахал, халуун салхи, хөгц, сүрэг царцаа, ховдог царцаанд нэрвэгдэх юм уу аль нэг хот нь дайсанд бүслэгдвэл эсвэл өөр ямар нэг гай гамшиг, өвчин зовлон тохиолдвол 38 ганц хүн ч бай, Израйлын ард түмэн бүгдээрээ ч бай энэ өргөөний зүг гараа өргөн залбирах бүрд нь, тааллыг тань гуйх бүрд нь (учир нь хүн бүр зүрх сэтгэлийнхээ зовлон шаналлыг мэднэ) 39 та орших газар болох тэнгэрээсээ сонсож, уучилж, тусална уу. Та хүн бүрийн зүрх сэтгэлд юу байдгийг мэддэг (та л хүн бүрийн зүрх сэтгэлд юу байдгийг яг таг мэддэг) учраас бүх зам мөрийнх нь дагуу шагнана уу. 40 Тэгвэл эцэг өвгөдөд маань таны өгсөн газар нутаг дээр ард түмэн тань амьдран суух бүхий л хугацаандаа танаас эмээнэ.
41 Түүнчлэн израйл түмэнд тань харьяалагддаггүй ч таны нэр алдрын тухай сонсоод алс холоос ирэх гадаад хүний тухайд 42 (учир нь тэд таны агуу нэр, хүчит гар, сунгасан мутрын тухай дуулна) тэрбээр ирээд энэ өргөөний зүг залбирвал 43 та орших газар болох тэнгэрээсээ сонсоод гуйх бүхнийг нь биелүүлнэ үү. Тэгвэл дэлхийн бүх үндэстэн таны ард түмэн израйлчууд шиг нэрийг тань мэдэж, танаас эмээнэ. Миний барьсан энэ өргөө таны нэрээр дуудагддагийг тэд мэднэ.
44 Та ард түмнээ дайсантай нь тулалдуулахаар аль ч замаар илгээсэн байлаа, ард түмэн тань таны сонгосон хотын зүг, таны нэр алдрын төлөө миний барьсан өргөөний зүг Ехова танд хандан залбирахад 45 залбирал болон тааллыг тань эрсэн гуйлтыг нь тэнгэрээс сонсож, тэдний төлөө шударга ёсыг гүйцэлдүүлнэ үү.
46 Хэрэв ард түмэн тань таны эсрэг нүгэл үйлдэн (учир нь нүгэл үйлддэггүй нэг ч хүн байхгүй) та тэдэнд уурлан хилэгнэж, дайсанд нь тушааж, тэд хол ойрын нутаг руу дайснууддаа олзлогдон яваад, 47 олзлогдон очсон газартаа тэд ухаарч ойлгон, танд буцаж хандан “Бид нүгэлтэй, бид буруутай, бид бузар муу юм хийсэн” гэж олзлогчийнхоо нутагт байхдаа танаас өршөөл эрвэл, 48 олзлогдон очсон дайсны нутагтаа тэд бүхий л зүрх сэтгэл, амь биеэрээ* тэмүүлэн байж танд буцаж хандан, эцэг өвгөдөд нь таны өгсөн нутаг буюу өөрсдийнхөө нутгийн зүг, таны сонгосон хотын зүг, нэр алдрын тань төлөө миний барьсан өргөөний зүг танд залбирвал 49 та орших газар болох тэнгэрээсээ залбирал болон тааллыг тань эрсэн гуйлтыг нь сонсож, тэдний төлөө шударга ёсыг гүйцэлдүүлнэ үү. 50 Таны эсрэг нүгэл үйлдсэн ард түмнээ уучилж, таны эсрэг үйлдсэн бүх гэм бурууг нь уучилна уу. Та тэднийг эзлэн түрэмгийлэгчдэд нь өрөвдүүлбэл эзлэн түрэмгийлэгчид нь тэднийг өрөвдөнө. 51 (Учир нь тэд бол төмөр хайлуулах зуух мэт Египетээс гаргаж авчирсан таны ард түмэн, таны эзэмшил билээ.) 52 Та тааллыг тань эрэн гуйх зарцыгаа, тааллыг тань гуйн залбирах Израйлын ард түмнээ залбирах бүрд нь харж, сонсох болтугай! 53 Учир нь Хэмжээгүй эрхт Эзэн Ехова минь ээ, та бидний эцэг өвгөдийг Египетээс гаргах үедээ Мосегоор дамжуулан тунхагласан ёсоороо биднийг дэлхийн бүх үндэстнээс өөрийнхөө өв болгон сонгож авсан билээ» гэв.
54 Соломон энэ бүх залбирал, тааллыг нь эрсэн гуйлтаа Еховад хэлж дуусаад Еховагийн тахилын ширээний өмнө тэнгэр өөд гараа сунган өвдөг сөгдөж байсан газраасаа босов. 55 Тэгээд зогсож Израйлын хамаг чуулганыг чанга дуугаар ийн ерөөв. 56 «Өөрийнхөө ард түмэн Израйлд амласан ёсоороо амар тайвныг өгсөн Ехова магтагдаг. Үйлчлэгч Мосегоороо хэлүүлсэн бүх сайн амлалт нь үг үсэггүй биелсэн. 57 Бидний Бурхан Ехова эцэг өвгөдтэй маань хамт байсан шигээ бидэнтэй хамт байг. Биднийг хаяхгүй, орхихгүй байх болтугай. 58 Тэрбээр бидний зүрх сэтгэлийг өөр лүүгээ хандуулах болтугай. Тэгвэл бид түүний заасан замаар явж, эцэг өвгөдөд маань сахиулахаар тушаасан түүний зарлиг, хууль тушаалыг сахих юм. 59 Еховагаас тааллыг нь эрсэн бидний эдгээр үгийг Ехова Бурхан маань өдөр шөнөгүй санах болтугай. Тэрбээр өдөр бүр зарц надад болон ард түмэн Израйлдаа туслах болтугай. 60 Тэгвэл дэлхийн бүх үндэстэн Еховаг жинхэнэ Бурхан гэдгийг, өөр Бурхан байхгүй гэдгийг мэдэх болно. 61 Бурхныхаа заасан замаар явж, хууль тушаалыг нь өнөөдрийнх шигээ сахин, зүрх сэтгэл чинь Ехова Бурхандаа бүрэн зориулагдсан байг» гэлээ.
62 Хаан болон хаантай хамт байсан израйлчууд бүгд Еховагийн өмнө асар их тахил өргөв. 63 Соломон хаан Еховад эвийн тахил болгон 22 000 үхэр, 120 000 хонь өргөв. Ийнхүү хаан болон израйлчууд Еховагийн өргөөний нээлтийн ёслолыг хийсэн юм. 64 Хаан тэр өдөр Еховагийн өргөөний хашааны голын хэсгийг ариусгав. Учир нь тэнд шатаалт тахил, идээн өргөл, эвийн тахилын өөхийг шатаах хэрэгтэй болсон юм. Шатаалт тахил, идээн өргөл, эвийн тахилын өөхүүдийг Еховагийн өмнөх зэс тахилын ширээн дээр өргөхөд ширээ хэтэрхий жижигдэж байлаа. 65 Тэр үед Соломон хамаг Израйлтай хамт Ехова Бурхныхаа өмнө баяр тэмдэглэсэн юм. Тэнд цугласан хүмүүс Лебо-хаматаас* доошоо Египетийн сайр* хүртэлх газруудаас ирцгээжээ. Тэд долоон хоног, ахиад долоон хоног гээд нийтдээ 14 хоног баяр тэмдэглэсэн билээ. 66 Дараагийн өдөр* нь Соломон ард олныг гэр гэр лүү нь явуулав. Ехова үйлчлэгч Давид болон ард түмэн израйлчууддаа сайн сайхан зүйлс хийсэн учраас ард олон хааныг ерөөж, баяр хөөртэй, сэтгэл өндөр буцжээ.