Рут
4 Боаз хотын дааман хаалга руу явж, тэнд суув. Тэгтэл Боазын ярьж байсан өнөөх зольж авах эрхтэй хүн хажуугаар нь өнгөрөх нь тэр! Боаз: «Анд минь*, нааш ир. Энд суу» гэхэд тэр хүн ирж суулаа. 2 Боаз хотын 10 ахлагчийг авчран «Энд сууна уу» гэхэд тэд суув.
3 Боаз зольж авах эрхтэй хүнд «Моабаас буцаж ирсэн Наоми бидний садан Елимелехийн газрыг худалдахаас өөр аргагүй болсон. 4 Тийм учраас би чамд энэ тухай хэлье гэж бодсон юм. Хотын оршин суугчид болон миний ард түмний ахлагчдын өмнө тэр газрыг худалдаж ав. Чи зольж авна гэвэл ав. Авахгүй бол надад хэл. Яагаад гэвэл зольж авах эрхтэй эхний хүн нь чи, дараагийнх нь би» гэхэд тэр хүн: «Би зольж авъя» гэв. 5 Тэгэхэд Боаз: «Тэр газар бол зөвхөн Наомигийнх биш, бас бэлэвсэн моаб эмэгтэй Рутийнх гэдгийг бодолцоорой. Иймээс чи тэр хоёроос худалдаж авна гэсэн үг. Ингэж байж газар нь үр удамд нь үлдэх юм» гэжээ. 6 Зольж авах эрхтэй хүн: «Би зольж авахаа болилоо. Өөрийнхөө өвийг сүйрүүлэх юм байна. Нэгэнт зольж авахгүйгээс хойш миний золих эрхээр чи зольж ав» гэж хэлэв.
7 Эрт цагт Израйлд зольж авах эрхийг эдлэхтэй холбоотой болон эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбоотой аливаа арилжааг баталгаажуулахдаа шаахайгаа тайлж нөгөө талдаа өгдөг ёстой байжээ. Израйлд ийнхүү тохиролцоог хүчин төгөлдөр болгодог байв. 8 Зольж авах эрхтэй хүн Боазад «Чи худалдаж ав» гээд өрөөсөн шаахайгаа тайлав. 9 Боаз ахлагчид болон тэнд байсан бүх хүнд «Өнөөдөр би Наомигаас Елимелех, Хилион, Махлоны бүх өмч хөрөнгийг худалдаж авч байна. Гэрчүүд нь та нар. 10 Бас талийгаач Махлоны газрыг үр удамд нь үлдээхийн тулд би бэлэвсэрч хоцорсон эхнэрийг нь буюу моаб бүсгүй Рутийг эхнэрээ болгон авна. Тэгвэл ах дүүс болон хотынхных нь дунд нэрийг нь авч явах үр удам үргэлж байна. Та нар өнөөдөр гэрч нь боллоо» гэв.
11 Хотын дааман хаалганы дэргэд байсан хүмүүс, ахлагчид: «Бид бол гэрчүүд! Израйл үндэстнийг төрүүлсэн Рахел Леа хоёрыг Ехова ивээсэн шигээ чиний эхнэр болж буй эмэгтэйг ивээх болтугай! Чи Ефратад дэвжин дээшилж, Бетлехемд нэр чинь алдаршиг. 12 Еховагийн чамд заяах, тэр бүсгүйн төрүүлэх хүүхдээр дамжуулан чиний үр удам Иуда Тамар хоёрын хүү Перезийн үр удам шиг болох болтугай!» гэж ерөөв.
13 Ингээд Боаз Рутийг эхнэрээ болгон авчээ. Тэрбээр эхнэртэйгээ унтахад Еховагийн ивээлээр эхнэр нь жирэмсэлж хүү төрүүлэв. 14 Тэгэхэд эмэгтэйчүүд Наомид «Өнөөдөр өвийг тань зольж авах хүнгүй орхиогүй Ехова магтагдах болтугай! Хүүгийн нэр Израйл даяар тунхаглагдаг! 15 Тэр хүү амьдралыг тань дахин баяр баясгалантай болгож, өтлөхөд тань таныг тэтгэнэ. Яагаад гэвэл долоон хөвгүүнээс ч дээр, танд хайртай бэр тань энэ хүүг төрүүлсэн шүү дээ» гэцгээв. 16 Наоми хүүг авч тэврэн, цаашдаа асарч тойлох болов. 17 Хөрш эмэгтэйчүүд нь: «Наоми хүүтэй болов» гээд хүүд Обед гэдэг нэр өгөв. Обед Иессигийн эцэг, Иесси Давидын эцэг болжээ.
18 Давидын угийн бичгийг Перезээс эхлэн жагсаавал: Перез Хезроны эцэг, 19 Хезрон Рамын эцэг, Рам Амминадабын эцэг, 20 Амминадаб Нахшоны эцэг, Нахшон Салмоны эцэг, 21 Салмон Боазын эцэг, Боаз Обедын эцэг, 22 Обед Иессигийн эцэг, Иесси Давидын эцэг юм.