Хосеа
14 «Израйл аа, Ехова Бурхандаа буцаад ир.
Чи алдаанаасаа болж бүдэрсэн шүү дээ.
2 Еховадаа буцаж ирээд ийн хэл.
“Алдааг минь уучилж, сайн үйлсийг минь хүлээн зөвшөөрөөч.
Тэгвэл бид залуу бухаар тахил өргөдөг шигээ магтаалын тахил өргөе.
3 Ассири биднийг аврахгүй.
Бид хүлэг морьдод найдахгүй.
Бид гарынхаа бүтээлд «Бурхан минь!» гэж хэлэхээ болино.
Учир нь өнчин хүүхдийг энэрдэг нь та билээ”.
4 Би тэднийг эдгээхэд тэд үнэнч бус байхаа болино.
Би тэднийг өөрөө хүсээд хайрлана.
Учир нь би тэдэнд уурлахаа больсон.
5 Израйлд би шүүдэр мэт болно.
Тэрбээр сараана цэцэг мэт дэлгэрч,
Ливаны модод мэт үндэслэнэ.
6 Мөчир нь саглайж,
Сүр хүч нь чидун мод мэт болж,
Үнэр нь Ливаны модод шиг анхилна.
7 Тэд дахин түүний сүүдэрт амьдарна.
Тэд үр тариа ургуулж усан үзмийн мод мэт нахиална.
Түүний нэр Ливаны дарс мэт алдаршина.
8 Ефраим: “Шүтээнүүд надад ямар хамаатай юм бэ?” гэж хэлнэ.
Би түүнд хариулж, түүнийг харж хандана.
Би багсайн ургасан арц мод шиг болно.
Чамд үр жимсээ өгөх мод шиг болно».
9 Ухаантай нь үүнийг ойлгог.
Хэрсүү нь үүнийг мэдэж аваг.
Еховагийн зам шулуун.
Зөв хүн түүгээр явна.
Нүгэлтнүүд тэр зам дээр бүдэрч ойчно.