Хоёрдугаар хаад
5 Сирийн хааны цэргийн жанжин Нааман нэр хүндтэй хүн байв. Ехова Наамангаар дамжуулж сиричүүдийг дайснуудаас нь аварсан учраас тэрбээр эзэн хааныхаа хүндэтгэлийг хүлээсэн хүн болсон юм. Нааман уяман өвчтэй байсан хэдий ч хүчит дайчин эр байлаа. 2 Нэг удаа сиричүүд Израйлын нутаг руу довтолсон бөгөөд нэгэн бяцхан охиныг олзолсноор тэр охин Наамангийн эхнэрийн зарц болсон юм. 3 Охин эзэгтэйдээ «Эзэнтэн маань Самарид байгаа зөнч дээр очдог ч болоосой. Тэгвэл эзний маань уяман өвчнийг тэр зөнч эдгээж өгнө» гэжээ. 4 Тиймээс тэрбээр* явж эзэн хаандаа израйл охины юу гэж хэлснийг айлтгав.
5 Тэгэхэд нь Сирийн хаан: «Яв, яв. Би чамаар Израйлын хаанд захиа өгүүлье» гэжээ. Ингээд Нааман 10 талант* мөнгө, 6 000 ширхэг алт, 10 шинэ хувцас аваад явлаа. 6 Наамангийн авч явсан захианд «Би албат Наамангийнхаа уяман өвчнийг эдгээлгэхээр энэ захиаг Наамангаар явууллаа» гэсэн байлаа. Тэрбээр захиаг Израйлын хаанд аваачиж өгөв. 7 Израйлын хаан захиаг уншмагцаа хувцсаа хүү татан «Над руу энэ хүнийг явуулж уяман өвчнийг нь эдгээ гэх юм. Би ямар хүнийг үхүүлж, амьдруулдаг Бурхан юм уу? Надтай муудалцах шалтаг хайж байгаагаас зайлахгүй» гэлээ.
8 Израйлын хааныг хувцсаа хүү татсаныг жинхэнэ Бурхны хүн Елиша сонсоод хаанд тэр даруй хэл хүргүүлж «Та юунд хувцсаа хүү татна вэ? Тэр хүнийг над руу явуулна уу. Израйлд зөнч байдаг гэдгийг тэр мэдэх болно» гэжээ. 9 Тиймээс Нааман морьтнууд, дайны тэрэгнүүдтэйгээ Елишагийн гэрийн үүдэнд ирж зогслоо. 10 Гэсэн ч Елиша хүнээр дамжуулан «Явж, Иордан голд биеэ долоон удаа угаа. Тэгвэл уяман чинь эдгэж, бие чинь эрүүл болно» гэж хэлүүлжээ. 11 Тэгэхэд нь Нааман ихэд уурлан явахаар эргэнгээ «Уг нь би: “Тэр хүн гарч ирээд энд зогсож, өөрийнхөө Бурхан Еховагийн нэрээр дуудаж миний уяман дээгүүр гараа нааш цааш даллаад эдгээнэ” гэж бодсон юм. 12 Дамаскийн Абана, Фарпар голууд Израйлын ямар ч гол уснаас дээргүй юү? Би тэр голуудад биеэ угаагаад эдгэж чадахгүй гэж үү?» гэж хэлээд уурлаж бухимдсаар буцаж явлаа.
13 Зарц нар нь Нааманд дөхөж очоод «Эзэнтэн* минь ээ, хэрвээ танд зөнч ямар нэгэн онцгой юм хий гэж хэлсэн бол та хийхгүй байсан гэж үү? Харин ч бүр “Усанд орвол эдгэнэ” гэж амархан юм хэллээ шүү дээ» гэв. 14 Тэгэхэд нь тэрбээр явж, жинхэнэ Бурхны хүний хэлсний дагуу Иордан голд долоон удаа булхлаа. Уяман өвчин нь эдгэж арьс нь нялх хүүхдийн арьс шиг болжээ.
15 Дараа нь тэрбээр бүх бараа бологчдынхоо хамт жинхэнэ Бурхны хүн дээр буцаж очоод өмнө нь зогсож «Хорвоо дэлхийд ганцхан Израйлд л Бурхан байдгийг би мэдлээ. Та одоо зарцынхаа бэлгийг авна уу» гэв. 16 Гэвч Елиша: «Би өөрийнхөө үйлчилдэг амьд Бурхан Еховагаар тангараглая. Бэлгийг чинь авахгүй» гэжээ. Нааман Елишаг ятгасан боловч Елиша татгалзсаар байв. 17 Эцэст нь Нааман: «Хэрвээ та бэлгийг минь авахгүй бол энэ нутгийн шорооноос хоёр илжгэнд ачих шороог надад өгөөч. Яагаад гэвэл зарц тань Еховагаас өөр ямар ч бурханд шатаалт тахил болон өргөл тахил өргөхгүй. 18 Гэхдээ зарц тань нэг зүйл дээр л Еховагаас өршөөл эрж байна. Эзэн хаан маань Риммон бурхны сүм рүү бурхандаа мөргөхөөр явахдаа гарыг минь түшдэг болохоор би тэнд мөргөх хэрэгтэй болдог. Тиймээс зарцынхаа Риммоны сүмд мөргөх явдлыг Ехова хэлтрүүлэг» гэхэд нь 19 Елиша: «Яв даа. Санаа зоволтгүй» гэлээ. Нааманг Елишагаас салж яваад холдсоны дараа 20 жинхэнэ Бурхны хүн Елишагийн зарц Гехази өөртөө «Эзэн маань Сирийн Наамангийн авчирсан юмнаас юу ч авалгүй явуулчихлаа. Амьд Бурхан Еховагаар тангараглая. Би араас нь гүйж очоод түүнээс ямар нэг юм авъя» гэж хэлэв. 21 Тэгээд Наамангийн араас гүйлээ. Нааман хойноос нь хүн гүйж ирж байгааг хараад түүнтэй уулзахаар тэрэгнээсээ буув. Тэгээд «Бүх юм зүгээр үү?» гэхэд 22 Гехази: «Зүгээр, зүгээр. Эзэн маань ингэж хэлүүллээ. “Ефраимын уулархаг нутгаас, зөнчдийн хөвгүүдээс хоёр залуу над дээр ирлээ. Тэдэнд нэг талант мөнгө, хоёр шинэ хувцас өгч явуулаач” гэсэн» гэв. 23 Нааман: «Тэг, тэг. Хоёр талантыг ав» гэж хэлэв. Тэрбээр өгөх гэж ятгасаар байгаад хоёр талант мөнгийг хоёр шинэ хувцастай хамт хоёр уутанд боож хийжээ. Тэгээд хоёр зарцдаа өгөхөд тэд үүрээд Гехазийн өмнө явлаа.
24 Гехази Офелд* хүрч очоод хоёр зарцын гараас юмаа авч гэртээ оруулж тавиад тэднийг явуулав. Явсных нь дараа 25 эзэн дээрээ буцаж очлоо. Елиша түүнээс «Гехази, чи хаанаас ирэв?» гэж асуухад «Зарц тань хаашаа ч яваагүй» гэлээ. 26 Елиша Гехазид «Чамайг тэр хүний араас явахад тэр хүн чамтай уулзахаар тэрэгнээсээ буухыг намайг мэдээгүй гэж чи бодоо юу? Одоо мөнгө, хувцас, чидун модны төгөл, усан үзмийн талбай, хонь, үхэр, эр эм боол бэлгэнд авах цаг мөн гэж үү? 27 Наамангийн уяман чамаас, чиний үр удмаас хэзээ ч салахгүй» гэж хэлэв. Елишагийн өмнө байсан Гехази тэр даруй уяман өвчин тусаж, цас шиг цагаан болоод гарч явжээ.