Нэгдүгээр Самуел
12 Тэгээд Самуел хамаг Израйлд «Надаас гуйсан болгоныг чинь би биелүүллээ. Та нарыг захирах хааныг томиллоо. 2 Та нарыг удирдах хаан одоо энд байна! Харин би өтөлж, үс минь бууралтжээ. Хүүхдүүд минь та нарын дунд байна. Би залуугаасаа өнөөг хүртэл та нарыг удирдсан билээ. 3 Надтай холбоотой гомдол байвал Ехова болон тослогдсон нэгнийх нь өмнө одоо надад хэл. Би та нарын бух, илжгийг авч байсан уу? Та нарыг залилж, дарлаж байсан уу? Хээл хахууль авч шударга ёсыг гажуудуулсан удаа бий юү? Хэрэв тэгсэн бол би буцааж өгье» гэхэд нь 4 ард олон: «Та хэнийг ч залилаагүй, дарлаагүй. Хэнээс ч хээл хахууль аваагүй» гэв. 5 Самуел: «Та нар намайг буруутгах юм юу ч олоогүйг өнөөдөр Ехова гэрчилнэ. Бас тослогдсон нэгэн нь ч гэрчилнэ» гэхэд тэд: «Тэр бол гэрч мөн» гэцгээв.
6 Тэгэхэд Самуел ард олонд «Ехова бол гэрч мөн. Тэрбээр Мосе Аарон хоёрыг томилж, эцэг өвгөдийг чинь Египетээс гаргасан Нэгэн билээ. 7 Ирж энд зогсоцгоо. Та нарын төлөө, эцэг өвгөдийн чинь төлөө Еховагийн хийсэн сайн үйлсийг би та нарт сануулж, Еховагийн өмнө та нарыг шүүе.
8 Иаков Египет рүү нүүж очсон. Хожим нь танай эцэг өвгөдийг Еховагаас тусламж гуйн хашхирахад Ехова тэр даруй Мосе Аарон хоёрыг тэдэн рүү явуулсан. Энэ нь эцэг өвгөдийг чинь тэр хоёроор удирдуулан Египетээс гаргаж, энэ газар нутагт суулгахын тулд байсан билээ. 9 Гэвч эцэг өвгөд чинь Ехова Бурхнаасаа нүүр буруулсан. Тэгэхэд нь тэрбээр эцэг өвгөдийг чинь Хазорын цэргийн жанжин Сисера, филистчүүд, Моабын хааны гарт тушаасан юм. Иймд тэдгээр дайсан нь тэдэнтэй тулалдсан. 10 Танай эцэг өвгөд Еховагаас тусламж гуйн “Бид Баалууд болон Ашторетын шүтээнүүдийг шүтэхээр Ехова танаас нүүр буруулж нүгэл үйлджээ. Одоо биднийг дайснуудаас маань авраач. Бид танд үйлчилье” гэж байсан. 11 Тэгэхэд нь Ехова Иеруббаал, Бедан, Иефтаг, бас намайг илгээн дайснуудаас чинь аварсан учраас та нар амар тайван амьдарсан билээ. 12 Ехова Бурхан чинь та нарын Хаан байтал та нар аммончуудын хаан Нахашийг тулалдахаар ирэхийг хараад надад “Бид хаантай болохоор хатуу шийдсэн” гэж ахин дахин хэлж байсан. 13 Та нарын гуйсан, сонгосон хаан энд байна. Ехова та нарт хаан томилж өглөө! 14 Хэрэв та нар Еховагаас эмээн түүнд үйлчилж, үгийг нь дагаж, Еховагийн тушаалуудыг эсэргүүцэлгүй, улмаар та нар ч, та нарыг захирч байгаа хаан чинь ч Ехова Бурхандаа үнэнч байвал сайн сайхан явна. 15 Харин Еховагийн үгийг дагахгүй, Еховагийн тушаалыг эсэргүүцвэл Ехова та нарыг, эцгүүдийг чинь шийтгэнэ. 16 Одоо та нар зогссон хэвээрээ байж, нүдэн дээр чинь Еховагийн үйлдэх гэж байгаа агуу зүйлийг харцгаа. 17 Одоо буудай хураах үе биш гэж үү? Би Еховагаас аянга цахилгаантай бороо оруулахыг гуйна. Тэгээд та нар хаан томилж өгөхийг гуйснаараа Еховагийн өмнө ямар их бузар гэм хийснээ ухаарч ойлгоно» гэлээ.
18 Самуелыг Еховад залбирахад Ехова тэр өдөр аянга цахилгаантай бороо оруулав. Ард олон Ехова болон Самуелаас ихэд айж эмээв. 19 Тэд Самуелд «Та зарц биднийхээ төлөө Ехова Бурхандаа залбираач. Бид үхмээргүй байна. Учир нь хаан томилж өгөхийг гуйснаараа бид нүгэл дээрээ нүгэл нэмжээ» гэв.
20 Тиймээс Самуел ард олонд «Битгий айцгаа. Та нар энэ бүх бузар гэмийг хийсэн нь үнэн. Гэсэн хэдий ч Еховаг битгий орхиорой. Еховад хамаг сэтгэлээ зориулан үйлчил. 21 Тууштай байж, дэмий хоосон юмны араас битгий яв. Тэд дэмий хоосон учраас та нарын төлөө юу ч хийж чадахгүй, та нарыг аварч ч чадахгүй. 22 Ехова өөрөө та нарыг ард түмнээ болгосон учраас агуу нэрийнхээ төлөө Ехова та нарыг орхихгүй. 23 Миний хувьд, та нарын төлөө залбирахаа болин Еховагийн эсрэг нүгэл үйлдэх нь байж боломгүй хэрэг юм. Би үргэлж та нарт зөв, сайн замыг заана. 24 Зөвхөн Еховагаас эмээж, бүхий л зүрхээрээ үнэнчээр үйлчлээрэй. Та нарын төлөө ямар агуу зүйлс хийснийг нь санаж яваарай. 25 Хэрэв та нар санаатайгаар муу юм хийвэл хаантайгаа хамт газрын хөрснөөс арчигдана!» гэлээ.