Тооллого
11 Ард олон Еховагийн өмнө ихэд дургүйцэн гомдоллов. Гомдоллохыг нь сонсоод Ехова уурлан хилэгнэжээ. Тэгээд Еховагийн буулгасан гал тэдний дунд авалцаж, хуарангийн захад байсан зарим хүнийг шатаав. 2 Хүмүүс Мосегоос тусламж гуйн хашхирахад Мосе Еховад залбирч, гал унтарлаа. 3 Еховагийн буулгасан гал израйлчуудын дунд авалцсан учраас тэр газрыг Табера* гэж нэрлэжээ.
4 Тэдний дунд байсан холилдсон олон хүн* хоол хүнс шунахайран хүссэнд израйлчууд ч дахин уйлалдаж «Бидэнд хэн мах өгөх юм бэ? 5 Бид Египетэд үнэгүй иддэг байсан загас, өргөст хэмх, тарвас, сонгино, саримсаа санаад байна! 6 Бид одоо өлбөрч үхэх нь! Энэ маннагаас өөр идэх юу ч алга» гэцгээв.
7 Манна нь кориандрын үр шиг бөгөөд модны давирхай* шиг өнгөтэй байв. 8 Хүмүүс тарж яван манна түүгээд түүнийгээ гар тээрмээр тээрэмдэх юм уу ууранд хийж нүддэг байлаа. Тэгээд тогоонд хийж буцалгах юм уу дугуй талх хийдэг байв. Амт нь тостой амтат боов шиг байлаа. 9 Шөнө хуаранд шүүдэр буухад манна бас буудаг байлаа.
10 Айл болгон, бүр хүн бүр майхныхаа үүдэнд уйлахыг Мосе сонсов. Тэгэхэд Еховагийн уур хилэн бадарч, Мосе ч маш их уурлав. 11 Тэгээд Мосе Еховад «Та яагаад зарцаа зовооно вэ? Би юу хийсэн болоод та надад энэ ард түмнийг харж хандах гэсэн хүнд ачааг үүрүүлсэн юм бэ? 12 Би тэднийг тээж төрүүлсэн гэж үү? Тэгээд та намайг асрагч хүн нярай хүүхдийг энгэртээ тэврээд явдаг шиг тэднийг эцэг өвгөдөд нь өгнө гэж амласан нутаг руу тань авч яв гэж байгаа юм уу? 13 Би энэ ард түмэнд хаанаас мах олж өгөх юм бэ? Тэд нар “Идэх мах өг” гээд уйлцгаагаад байна. 14 Би энэ ард түмнийг ганцаараа хариуцаж дийлэхгүй нь. Энэ үүрэг надад дэндүү ахдаж байна. 15 Та надад ингэж хандах бол одоо намайг алаач. Хэрэв би таны таалалд нийцсэн бол ийм хүнд байдалд намайг дахиж битгий оруулаач» гэлээ.
16 Ехова Мосед «Израйлчуудын ахлагчдын дундаас 70 эрэгтэйг сонгож цуглуул. Тэд чиний чадварлаг гэж бодсон ахлагчид, удирдагчид байх ёстой. Тэднийг цугларалтын асар луу авч очоод хамт зогс. 17 Би тийшээ бууж чамтай ярина. Тэгээд чиний дээрх агуу хүчнээс авч тэдэн дээр тавихад тэд ард түмэнд санаа тавихад чинь чамд тусална. Чи цаашид энэ ачааг ганцаараа үүрэхгүй. 18 Чи ард олонд “Маргааш та нар мах идэх учраас өөрсдийгөө ариусга. Яагаад гэвэл Ехова та нарын «Хэн бидэнд мах өгөх юм бэ? Египетэд байсан нь дээр байсан юм» гэцгээн уйлж гомдоллохыг чинь сонссон. Ехова та нарт мах өгч, та нар иднэ. 19 Та нар 1 өдөр биш, 2 өдөр биш, 5 өдөр биш, 10 өдөр биш, 20 өдөр биш, 20 бүхэл бүтэн сар хамрынхаа нүхээр гартал, жигшиж зэвүүцтэлээ иднэ. Яагаад гэвэл та нар дунд чинь байгаа Еховаг үл тоож «Биднийг яагаад Египетээс гаргасан юм бэ?» гэж гомдоллон уйлцгаасан” гэж хэл» гэжээ.
21 Тэгээд Мосе: «Надтай хамт 600 000 цэрэг эрс байгаа атал та өөрөө “Би тэдэнд мах өгнө. Бүтэн сар идэх хангалттай мах өгнө” гэлээ. 22 Бүх мал сүргээ нядалсан ч гэсэн тэдэнд хүрэлцэнэ гэж үү? Эсвэл тэнгисийн бүх загасыг бариад өглөө гэхэд хүрэлцэх үү?» гэв.
23 Тэгэхэд нь Ехова Мосед «Ехова би үүнийг хийж чадахгүй гэж үү? Миний хэлсэн үг биелэх эсэхийг чи одоо үзнэ» хэмээв.
24 Тэгээд Мосе гарч яваад Еховагийн үгийг ард олонд дуулгалаа. Тэрбээр ард олны ахлагчдын дундаас 70 хүнийг цуглуулан асрыг тойруулан зогсоов. 25 Тэгээд Ехова үүлэн дунд буун ирж Мосетой ярин дээр нь байсан агуу хүчнээс аваад 70 ахлагч дээр тавив. Агуу хүч тэдэн дээр буумагц тэд зөнч шиг үйлдэл гаргасан боловч дахиж тэгсэнгүй.
26 Хуаранд хоёр хүн үлдсэн байжээ. Нэгийг нь Елдад, нөгөөг нь Медад гэдэг. Ахлагчдын нэрсийн жагсаалтад нэрс нь бүртгэгдсэн тэд асар луу очоогүй боловч дээр нь агуу хүч буужээ. Тэд хуаранд зөнч шиг үйлдэл гаргав. 27 Тэгэхэд нэг залуу гүйж ирээд Мосед «Елдад Медад хоёр хуаранд зөнч шиг үйлдэл гаргаж байна!» гэж хэлэв. 28 Залуугаасаа Мосед үйлчилсэн, Нуны хүү Иошуа Мосед «Эзэн минь, тэднийг болиулаач!» гэхэд 29 Мосе: «Чи миний төлөө санаа зовоо юу? Еховагийн ард түмэн бүгдээрээ зөнч болж, Ехова тэдэнд агуу хүчээ өгдөг ч болоосой» гэв. 30 Тэгээд Мосе Израйлын ахлагчидтай хамт хуаран руу буцав.
31 Дараа нь Ехова салхи дэгдээхэд тэнгисээс бөднө шувууд салхинд туугдаж ирээд хуарангийн эргэн тойронд хааш хаашаагаа нэг өдөр алхах хэмжээний газарт унав. Газраас дээшээгээ хоёр тохой* орчим овоорч унасан байлаа. 32 Хүмүүс унтаж амралгүй өдөржин шөнөжин, дараагийн өдөр нь ч бөднө цуглуулав. Хүн бүр дор хаяж 10 хомерийг* цуглуулж, тэдгээрийг өөрсдөдөө зориулан хуарангийнхаа хавиар тараан тавьж байлаа. 33 Махаа үмхээд зажлаа ч үгүй байхад нь Ехова ард түмэнд уурлан хилэгнэж, Ехова тэднийг үй олноор нь хөнөөжээ.
34 Тэд тэр газрыг Киброт-Хаттаава* хэмээн нэрлэв. Яагаад гэвэл тэнд шунахайрсан хүмүүсийг оршуулсан юм. 35 Ард олон Киброт-Хаттаавагаас Хазерот руу хөдлөв. Тэд Хазеротод буудаллажээ.