Хоёрдугаар хаад
17 Иудагийн хаан Ахазын 12 дугаар онд Елагийн хүү Хошеа Самарид Израйлын хаан болж, есөн жил төр барив. 2 Тэрбээр Еховагийн бузар муу гэж үздэг зүйлсийг үйлдсээр байсан ч арай ч өмнөх Израйлын хаад шигээ байгаагүй юм. 3 Ассирийн хаан Шалманесер ирж довтолсонд Хошеа зарц нь болж, алба гувчуур өгөх болжээ. 4 Хошеа жил бүр алба гувчуур өгдөг байсан ч Египетийн хаан Со руу элч нарыг илгээн тусламж хүсэж, Ассирийн хаанд алба гувчуур өгөхөө болив. Энэ хуйвалдааныг нь Ассирийн хаан мэдээд түүнийг хүлүүлж, шоронд хориулжээ.
5 Ассирийн хаан Хошеагийн бүх газар нутаг руу довтолж, Самарийг гурван жил бүслэлтэд байлгав. 6 Тэгээд Хошеагийн есдүгээр онд Самарийг эзэлж израйлчуудыг Ассири луу цөлөөд Хала хэмээх газар, Гозан голын дэргэдэх Хабор болон Медегийн хотуудад суурьшуулав.
7 Энэ нь израйлчууд өөрсдийг нь Египетээс гаргаж, Египетийн хаан фараоны эрхшээлээс чөлөөлсөн Ехова Бурхныхаа эсрэг нүгэл үйлдсэнээс болсон юм. Тэд өөр бурхдыг шүтэж, 8 өөрсдийнх нь өмнөөс Еховагийн хөөн зайлуулсан үндэстнүүдийн зан үйл болон Израйлын хаадын бий болгосон зан үйлийг дуурайсан юм.
9 Израйлчууд Ехова Бурхныхаа бузар муу гэж үздэг зүйлсийг үйлдсээр байв. Бүх хотууддаа мөргөлийн өндөрлөгүүд барьсаар байлаа. Харуулын цамхгаас авхуулаад бэхлэгдсэн хотууддаа хүртэл* барьсан юм. 10 Тэд бүх өндөр уулын дээр, бүх сүрлэг модны доор өөрсдөдөө зориулж ариун баганууд, ариун шонгууд* босгож, 11 мөн өмнөөс нь Еховагийн хөөн зайлуулсан үндэстнүүд шиг бүх мөргөлийн өндөрлөг дээр тахилын утаа суунаглуулсан юм. Тэд хорон муу зүйлс байнга үйлдэн Еховаг гомдоожээ.
12 Мөн «Шүтэж болохгүй!» гэж Еховагийн айлдсан жигшүүрт шүтээнүүдийг* шүтсээр байв. 13 Ехова бүх зөнч, үзмэрчээрээ Израйл болон Иудад ахин дахин сануулга өгүүлж «Бузар муу замуудаасаа эргэцгээ! Эцэг өвгөдөд чинь тушаасан, зөнч үйлчлэгчдээрээ өгүүлсэн тушаал, зарлиг, хуулиудыг минь сахь» гэж хэлүүлсэн билээ. 14 Гэлээ ч тэд үл тоож, Ехова Бурхандаа итгээгүй эцэг өвгөд шигээ зөрүүдлэн гөжүүдэлсэн* юм. 15 Тэд түүний тогтоолууд, эцэг өвгөдтэй нь байгуулсан гэрээнээс татгалзаж, өөрсдөд нь өгсөн сануулгуудыг үл хэрэгсэв. Мөн Еховагийн дуурайж болохгүй гэж тушаасан эргэн тойрныхоо үндэстнүүдийг дуурайн ямар ч ашиг тусгүй шүтээнүүд шүтэж өөрсдийгөө хэн ч биш болгож байлаа.
16 Тэд Ехова Бурхныхаа бүх тушаалыг дагахаа больж, тугалын хэлбэртэй хоёр цутгамал шүтээн, ариун шон* хийж, тэнгэрийн эрхэст мөргөж, Баалд үйлчилсэн юм. 17 Мөн хөвгүүд, охидоо галд шатааж*, мэргэ төлгө үйлдэж, совин тайлж, Еховагийн дургүйг хүргэхийн тулд бузар муу гэж үздэг зүйлсийг нь байнга үйлддэг байв.
18 Тиймээс Ехова Израйлын ард олонд хилэгнэж, тэднийг мэлмийнхээ өмнөөс арчин зайлуулсан билээ. Ингэхдээ Иуда овгийг л үлдээв.
19 Гэтэл Иудагийн ард олон ч Ехова Бурхныхаа тушаалуудыг сахилгүй, Израйлын дагадаг байсан зан заншлуудыг дагав. 20 Ехова Израйлын үр садыг голж, ичгүүр шившиг болгон, дээрэмчдийн гарт тушааж, эцэст нь цөлсөн юм. 21 Тэрбээр Израйлыг Давидын удам угсааныхнаас салган тусгаарласанд тэд Небатын хүү Иеробоамыг хаанаа болгов. Гэвч Иеробоам Израйлыг Еховаг дагахыг нь болиулж, ноцтой нүгэл үйлдүүлжээ. 22 Израйлын ард олон Иеробоамын үйлдсэн бүх нүглийг үйлдсээр байсан бөгөөд огт болиогүй юм. 23 Эцэст нь, Ехова зөнч үйлчлэгчдээрээ хэлүүлж байсан ёсоороо Израйлыг өмнөөсөө хөөн зайлуулав. Ийнхүү Израйлын ард олон газар нутгаасаа Ассири луу цөлөгдөж, одоо ч тэнд байгаа.
24 Ассирийн хаан дараа нь Вавилон, Кута, Авва, Хамат, Сефарваимаас хүмүүсийг Самарийн хотуудад аваачиж израйлчуудын оронд суурьшуулав. Ингээд тэд Самарийг эзэмшин хотуудад нь амьдарчээ. 25 Тэд тэнд амьдрахдаа Еховагаас эхэндээ эмээгээгүй* юм. Иймээс Ехова тэдэн рүү арслангууд явуулсанд зарим нь арсланд бариулж үхжээ. 26 Ассирийн хаанд «Таны аваачиж Самарийн хотуудад суурьшуулсан үндэстнүүд тэр нутгийн Бурхны ёс заншлыг мэдэхгүй. Тийм болохоор л тэрбээр тэдэн рүү арслангууд явуулж байгаа юм. Тэднээс нэг нь ч тэр нутгийн Бурхны ёс заншлыг мэдэхгүй болохоор арсланд бариулж үхэж байна» гэсэн мэдээ хүрэв.
27 Тэгэхэд нь Ассирийн хаан: «Тэндээс олзолж авчирсан тахилчдаас нэгийг нь тэнд амьдруулахаар буцаан явуулж, тэр нутгийн Бурхны ёс заншлыг тэдэнд заалга» гэж тушаалаа. 28 Иймд Самариас тэдний олзолж авчирсан тахилчдын нэг нь Бетелд амьдрахаар буцаж очин, Еховагаас хэрхэн эмээх* ёстойг хүмүүст заажээ.
29 Гэсэн хэдий ч үндэстэн бүр өөр өөрсдийнхөө бурхныг* хийгээд мөргөлийн өндөрлөгүүд дээрх самаричуудын барьсан сүм дугануудад тавив. Үндэстэн бүр амьдран суугаа хотууддаа ийн үйлджээ. 30 Вавилончууд Суккот-бенотыг, кутчууд Нергалыг, хаматчууд Ашимаг, 31 аввачууд Нибхаз, Тартак хоёрыг тус тус хийсэн юм. Сефарваимчууд өөрсдийнхөө бурхад болох Адраммелех, Анаммелех хоёрт зориулж хүүхдүүдээ шатаадаг байжээ. 32 Тэд Еховагаас эмээдэг байсан ч мөргөлийн өндөрлөгүүдийн тахилчдыг өөрсдийнхөө дундаас томилов. Тэдгээр тахилч тэдний төлөө мөргөлийн өндөрлөгүүд дээрх сүм дугануудад тахил өргөдөг болжээ. 33 Тэр үндэстнүүд Еховагаас эмээдэг байсан ч өмнө байсан газрынхаа ёс заншлын дагуу өөрсдийнхөө бурхдыг шүтсээр байлаа.
34 Тэд өнөөг хүртэл өмнөх ёс заншлаа дагасаар байна. Тэдний хэн нь ч Еховаг шүтээгүй* бөгөөд Израйл хэмээн Еховагийн нэрлэсэн Иаковын үр удамд өгсөн хууль, тушаал, зарлиг, шийдвэрүүдийг дагаагүй юм. 35 Ехова Израйлтай гэрээ байгуулахдаа тэдэнд тушаан «Та нар өөр бурхдаас эмээж, тэдэнд мөргөж, үйлчилж, тахил өргөж болохгүй. 36 Харин Ехова би бол та нарын эмээвэл зохих Нэгэн. Би та нарыг агуу хүч, сунгасан мутраараа Египетээс гаргаж авчирсан. Та нар надад мөргөж, надад тахил өргөх учиртай. 37 Бас та нарт зориулж бичсэн хууль, тушаал, тогтоол, шийдвэрүүдийг минь үргэлж чанд сахигтун. Өөр бурхдаас сүслэн эмээж болохгүй. 38 Миний та нартай байгуулсан гэрээг мартаж болохгүй, өөр бурхдаас сүслэн эмээж болохгүй. 39 Харин та нарын Бурхан Ехова би бол та нарын эмээх ёстой Нэгэн. Учир нь би л та нарыг бүх дайсны чинь савраас аварна» гэж айлдсан билээ.
40 Гэлээ ч тэд үгийг нь дагалгүй, өмнөх шашнаа шүтсээр байсан юм. 41 Тэд Еховагаас эмээдэг болсон ч өөрсдийнхөө сийлмэл шүтээнүүдийг бас шүтэж байлаа. Тэдний үр хүүхэд, ач зээ нар нь өнөөг хүртэл эцэг өвгөдөө дуурайсаар байна.