Соломоны дуун
8 Эхийн минь хөхийг хөхөж өссөн
Ах шиг минь байсан ч болоосой, чи!
Тэгвэл чамтай гадаа тааралдаад үнсэхэд минь
Хэн ч намайг жигшихгүй байх байсан.
2 Би чамд замчлах сан.
Надад олон зүйлийг заасан
Эхийнхээ гэрт аваачих сан.
Чамдаа амтат дарс,
Анарын цэвэр шүүс уулгах сан.
3 Тэр минь зүүн гараараа миний толгойд хүрч,
Баруун гараараа намайг тэвэрнэ.
4 Иерусалимын эмэгтэйчүүд ээ, надад тангараглаач.
Цаг нь болоогүй байхад хайр сэтгэлийг минь бүү өдөө, бүү сэрээ».
5 «Хайртыгаа налаад
Хээрээс ирж яваа тэр эмэгтэй хэн бэ?».
«Би чамайгаа алимны модон доор сэрээсэн.
Чиний эх тэнд чамайг төрүүлэхээр дуншсан.
Чамайг төрүүлсэн эмэгтэй тэнд дуншсан.
6 Намайгаа энгэр болон гарандаа зүүсэн тамгат бөгж мэт
Үргэлж санаж яваарай.
Учир нь хайр бол үхэл мэт хүчтэй,
Нэхэл хатуу Булш* мэт чин үнэнч байхыг шаарддаг.
Хайр бол дүрэлзэх галын дөл, Яагаас* эхтэй дөл.
7 Оволзох их ус хайрыг унтрааж дийлэхгүй,
Гол ус ч хайрыг хаман одож дийлэхгүй.
Хүн гэр орныхоо хамаг эд хөрөнгөөр хүний хайрыг татах гэвэл
Энэ нь* жигшил төрүүлэх нь гарцаагүй».
8 «Хөх нь ургаагүй,
Бяцхан дүүг минь
Хүн гуйж ирэх тэр өдөр
Бид яах билээ?».
9 «Дүү маань хана хэрэм бол
Дээр нь титэм мэт мөнгөн орой барья.
Харин хаалга бол
Хуш банзаар битүүлье».
10 «Би бол хана хэрэм,
Хөх минь цамхаг.
Иймээс би түүнийхээ нүдэнд
Амар тайван харагддаг.
11 Соломон Баал-хамонд усан үзмийн талбайтай байв.
Талбайгаа тариаланчдад түрээслүүлсэн юм.
Тариаланч бүр ургацынхаа төлөө 1 000 мөнгөн шекел төлдөг байв.
12 Соломон оо, 1 000 мөнгөн шекел нь таных,
200 мөнгөн шекел нь тариаланчдынх билээ.
Гэвч би өөрийнхөө усан үзмийн талбайг арчлахыг илүүд үзэж байна».
13 «Цэцэрлэгт суугч аа,
Анд нөхөд минь чиний дуу хоолойг сонсох гэж хүлээдэг.
Надад бас сонсгооч».
14 «Хурдан ирээч, хайрт минь.
Зээр, идэр буга мэт
Үнэрт ургамалт уулсыг даваад
Түргэн ирээч».