Соломоны дуун
2 «Охидын дундаас хонгор минь чи
Өргөст ургамлын дундах сараана мэт билээ».
3 «Залуусын дундаас хайрт минь чи
Ойн дундах алимны мод адил билээ.
Сүүдэрт нь суухыг би ямар их хүснэ вэ!
Жимс нь юутай чихэрлэг вэ!
4 Тэр минь намайгаа найрын өргөөнд дагуулж очоод
Хайрынхаа тугийг миний дээр мандууллаа.
5 Наддаа үзэм, алим өгч
Тамир тэнхээг минь сэргээгээч.
Учир нь би дурлалаасаа болж шаналж гүйцлээ.
6 Тэр зүүн гараараа толгойд минь хүрч,
Баруун гараараа намайг тэвэрнэ.
7 Иерусалимын охид оо,
Хээрийн зээр, согоогоор надад тангарагла.
Цаг нь болоогүй байхад хайрыг бүү өдөө, бүү сэрээ.
8 Хайртынхаа ирж байгааг би сонслоо!
Хараач! Уул толгод дээгүүр дүүлэн цойлсоор
Хайрт минь ирж байна.
9 Миний хонгор идэр буга, зээр мэт билээ.
Тэр минь ирчхэж! Хананы цаана зогсоод
Цонхоор, сараалжны цаанаас харж байна.
10 Хайрт минь надтай ярьж, ингэж хэлсэн юм.
“Хонгор минь нааш ир.
Үзэсгэлэн гоо бүсгүй минь, надтай хамт яваач.
11 Өвөл өнгөрч,
Бороо орохоо болилоо.
12 Хээр талд цэцэг дэлгэрч,
Модоо арчилж тайрах цаг ирлээ.
Нутагт минь өрнийн хүүрзгэний дуу сонсогдож байна.
13 Инжрийн модны эхний инжрүүд боловсорч,
Усан үзмийн мод нахиалж, үнэр нь анхилна.
Хонгор минь нааш ир, явъя.
Үзэсгэлэн гоо бүсгүй минь, надтай хамт яваач.
14 Хад асганд хоргодож,
Хавцалд нуугдсан тагтаахан минь,
Надад харагдаж, дуугаа сонсгооч.
Дуу хоолой чинь юутай уянгалаг,
Дүр төрх чинь юутай үзэсгэлэнтэй вэ!”»
15 «Усан үзмийн талбайг сүйтгэгч үнэгнүүдийг,
Тэдгээр гаврыг барьж ав.
Учир нь усан үзэм маань ургаж байгаа билээ».
16 «Хайрт минь ганцхан минийх, би зөвхөн түүнийх.
Тэр минь сараана цэцэгсийн дунд хонио хариулж яваа.
17 Сэрүү орж, сүүдэр арилахаас өмнө,
Чи, бид хоёрыг зааглаж буй уулсын* дээгүүр
Зээр, идэр буга мэт давхиж,
Наддаа хурдан ирээч, хайрт минь.