Иеремиа
25 Иудагийн хаан Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр он буюу Вавилоны хаан Небухаднезарын* нэгдүгээр онд Иудагийн бүх ард түмний талаар Иеремиад Бурхан үгээ айлджээ. 2 Иудагийн бүх ард түмэн, Иерусалимын бүх оршин суугчийн талаар* Иеремиа зөнчийн хэлсэн үг нь энэ юм.
3 «Иудагийн хаан Амоны хүү Иосиагийн 13 дугаар оноос өнөөг хүртэл 23 жил Ехова надад үгээ айлдаж, би та нартай дахин дахин ярьсан боловч та нар сонсоогүй. 4 Ехова өөрийн бүх зарцаа буюу зөнчдөө та нар луу дахин дахин илгээж байсан боловч та нар сонсоогүй, анхаарлаа ч хандуулаагүй. 5 Тэд та нарт ингэж хэлдэг байсан. “Хүн бүр бузар замаасаа гарч, бузар хэрэг хийхээ боливол эрт цагт та нарт болон өвөг дээдэст чинь Еховагийн өгсөн нутагт та нар өнө удаан амьдрах болно. 6 Та нар гарынхаа үйлсээр намайг гомдоон өөр бурхдыг шүтэж, тэдэнд хүчин зүтгэж, сөгдөн мөргөж болохгүй. Эс бөгөөс би та нар дээр гамшиг буулгана”.
7 “Гэвч та нар намайг сонсоогүй. Харин гарынхаа үйлсээр намайг гомдоож, өөрсдөдөө гай удсан” гэж Ехова айлдаж байна.
8 Тиймээс тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн үгийг сонс. “«Та нар миний үгэнд ороогүй учраас 9 би хойд зүгийн бүх овог аймгийг, өөрийн зарц, Вавилоны хаан Небухаднезарыг* дуудаж энэ нутаг, эндхийн оршин суугчид, эргэн тойрных нь бүх үндэстэн рүү довтлуулна» гэж Ехова тунхаглаж байна. «Ийнхүү би тэднийг устгаж, жихүүдэс төрүүлэм зүйл, доог тохуу болгож, газар нутгийг нь бүрмөсөн эзгүйрүүлнэ. 10 Би тэдний хөөр баяр, хөгжил баяслын дууг, шинэ хүргэн ба шинэ бэрийн дууг үгүй болгож, гар тээрмийн дууг зогсоож, дэнгийн гэрлийг унтраана. 11 Энэ нутаг бүхэлдээ нуранги, аймшигт балгас болно. Энэ үндэстнүүд Вавилоны хаанд 70 жил зарцлагдана»”.
12 Ехова ийн тунхаглаж байна. “70 жил дуусахад би Вавилоны хаан болон тэр үндэстнийг гэм нүглийнх нь улмаас хариуцлагад татна*. Би халдейчуудын нутгийг бүрмөсөн эзгүйрүүлнэ. 13 Би энэ нутгийн талаар хэлсэн бүх үгээ биелүүлж, бүх үндэстний талаар Иеремиагийн зөгнөсөн, энэхүү номд бичигдсэн бүхнийг хэрэгжүүлнэ. 14 Олон үндэстэн, их хаад тэднийг боолчилно. Би тэдэнд өөрсдийнх нь хийсэн хэрэг, үйлдсэн үйлийнх нь дагуу хариу барина”».
15 Израйлын Бурхан Ехова надад айлдсан нь: «Уур хилэнгийн дарстай энэ аягыг миний мутраас аваад, би чамайг ямар үндэстэн рүү явуулна, тэр бүх үндэстэнд үүнийг уулга. 16 Тэд ууж, гуйвж дайван, миний илгээх илднээс болж галзуу солиотой мэт явна».
17 Би Еховагийн мутраас аягыг авч, Ехова ямар үндэстэн рүү намайг илгээсэн, тэр бүх үндэстэнд аягатайг уулгав. 18 Эхлээд Иерусалим, Иудагийн хотууд, тэндхийн хаад, ноёдод уулгасан нь тэднийг өнөөдрийнх шиг сүйрэл, жихүүдэс төрүүлэм зүйл, элэг доог, хараал болгохын тулд юм. 19 Дараа нь Египетийн фараон, түүний шадар туслахууд, ноёд, бүх ард түмэнд, 20 тэдний дунд оршин суудаг бүх үндэстэн, Уз нутгийн бүх хаан, филистчүүдийн нутгийн бүх хаан, Ашкелон, Газ, Екронд болон Ашдодын үлдэгсдэд, 21 едомчууд, моабчууд, аммончуудад, 22 Тирийн бүх хаан, Сидоны бүх хаан, далайн арлын хаадад, 23 Дедан, Тема, Бузад, мөн санчгаа хусуулсан бүх хүнд, 24 Арабын бүх хаан, зэлүүд газар аж төрдөг үндэстнүүдийн бүх хаанд, 25 Зимригийн бүх хаан, Еламын бүх хаан, Медегийн бүх хаанд, 26 хойд зүгийн хол ойрын бүх хаанд ээлж дараалан өгч уулгав. Мөн дэлхийн гадаргуу дээрх бусад бүх хаант улсад уулгалаа. Дараа нь Шешахын* хаанд уулгана.
27 «Чи тэдэнд “Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова: «Ууж согтоод бөөлж. Унаад дахин битгий бос. Учир нь би та нар луу илд илгээж байна» хэмээн айлдаж байна” гэж хэл. 28 Тэд чиний гараас аягатайг авч уухгүй бол тэдэнд ингэж хэл. “Тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна. «Та нар үүнийг заавал уу! 29 Хэрэв би өөрийнхөө нэрэмжит хотод эхлээд гамшиг буулгавал та нар шийтгүүлэхгүй үлдэх үү?»”.
“Та нар шийтгүүлэхгүй үлдэнэ гэж байхгүй. Учир нь би дэлхийн бүх оршин суугчдад дайн зарлаж байна” хэмээн тэнгэрийн цэргийн жанжин Ехова тунхаглаж байна.
30 Чи энэ бүх зөгнөлийн үгийг тэдэнд дамжуулж ингэж хэл.
“Ехова өндөр газраас арслан мэт архирна.
Ариун газраасаа дуу хоолойгоо сонсгоно.
Дэлхий дэх гэр лүүгээ чанга архирна.
Дарсны шахуурганд усан үзэм гишгэдэг хүмүүс шиг хашхирч,
Дэлхийн бүх оршин суугчийг ялж дуу дуулна”.
31 “Ехова үндэстнүүдтэй маргалдаж байгаа учир
Чимээ шуугиан дэлхийн хязгаарт хүрнэ.
Тэрбээр өөрөө бүх хүнийг шүүнэ.
Хорон санаат хүмүүсийг илдээр хөнөөлгөнө” гэж Ехова тунхаглаж байна.
32 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова ийн айлдаж байна.
“Гамшиг нэг үндэстнээс нөгөө үндэстэн рүү тархана.
Дэлхийн хамгийн алслагдсан газраас их шуурга дэгдэнэ.
33 Тэр өдөр Еховад алуулсан хүмүүс дэлхийн нэг захаас нөгөө зах хүртэл хөглөрөн хэвтэнэ. Тэдний хойноос хэн ч гашуудахгүй, тэднийг цуглуулж оршуулах ч үгүй. Тэд өтөг бууц адил газраар нэг хэвтэнэ”.
34 Хоньчид оо, цурхиран уйлж хашхир!
Сүргийн манлайнууд аа, үнсэнд хөрвөө.
Алагдаж, тарж бутрах цаг чинь болжээ.
Үнэт ваар хага үсрэхийн адил та нар унана!
35 Хоньчдод зугтах газар үгүй.
Сүргийн манлайнуудад аврал үгүй.
36 Хоньчдын орилж хашхирахыг,
Сүргийн манлайнуудын цурхиран уйлахыг сонс!
Ехова тэдний бэлчээрийг сүйтгэж байна.
37 Еховагийн дүрэлзсэн их уур хилэнгээс болж
Хүмүүсийн тайван амьдардаг байсан газар эзгүйрсэн юм.
38 Залуу арслан үүрээ орхидог шиг тэрбээр амьдрах газраа орхисон.
Учир нь харгис илднээс болж,
Түүний дүрэлзсэн хилэнгээс болж
Тэдний нутаг аймшигт балгас болсон юм».