Иеремиа
17 «Иудагийн нүгэл төмөр үзгээр бичигдсэн.
Үзэгний алмаазан хошуугаар тэдний зүрхэн дээр,
Тахилын ширээнийх нь эврүүд дээр сийлэгдсэн.
2 Тэдний хөвгүүд тахилын ширээнүүд, ариун шонгуудаа санадаг.
Тэдгээр нь саглагар моддын дэргэд, дов толгод дээр,
3 Хөдөөгийн уулс дээр байдаг.
Чи газар нутаг даяар нүгэл үйлдсэн учир
Би чиний эд баялаг, бүх эрдэнэс, шүтлэгийн* газруудыг чинь дайснуудад олз болгон өгнө.
4 Чи миний өгсөн өвийг өөрөөсөө болж алдана.
Би чиний мэдэхгүй нутагт дайснуудад чинь чамайг зарц болгон өгнө.
Учир нь чи миний уурыг гал мэт асаасан*.
Энэ нь хэзээ ч унтрахгүй».
5 Ехова ийн айлдаж байна.
«Хүнд найддаг,
Хүний хүчинд итгэдэг,
Зүрх сэтгэлээрээ Еховагаас холдсон хүнд хараал хүрнэ.
6 Тийм хүн цөлд ургасан өнчин ганц мод шиг болно.
Сайхан цаг ирлээ ч үзэхгүй.
Харин тэрбээр ангаж хатсан зэлүүд газар,
Хэн ч амьдрахааргүй давстай нутагт оршин сууна.
7 Еховад итгэдэг,
Еховад найддаг хүн ивээл хүртэнэ.
8 Тэрбээр усны дэргэд тарьсан мод адил болно.
Тийм модны үндэс гол руу сунаж ургадаг.
Аагим халуунд ажрахгүй.
Навчис нь үргэлж дэлгэрнэ.
Гантай жил айхгүй,
Жимс гаргасаар байна.
9 Зүрх бүхнээс илүү хуурамч* бөгөөд юу ч хийхээс буцахгүй*.
Хэн үүнийг мэдэх билээ?
10 Ехова би зүрхийг шалгаж,
Сэтгэлийн угт буй бодлыг нягтлан
Хүн бүрд замнасан замнал,
Хийсэн үйлийнх нь* дагуу хариу өгдөг.
11 Шударга бусаар эд хөрөнгө хураадаг хүн
Өрөөлийн өндгийг цуглуулдаг ятуутай адил.
Ид насандаа хамаг хөрөнгөөсөө салж,
Эцэстээ тэнэг мунхгаа харуулна».
12 Манай ариун газар бол
Анхнаасаа өргөмжлөгдсөн сүр жавхлант сэнтий юм.
13 Израйлын найдвар болсон Ехова минь ээ,
Таныг орхисон бүхэн шившиг болно.
Танд тэрслэгчдийн нэрс шороон дээр бичигдэнэ.
Учир нь тэд амийн усны ундарга болсон Еховаг орхисон юм.
14 Ехова минь ээ, намайг эдгээгээч, тэгвэл би эдгэнэ.
Намайг авраач, тэгвэл би аврагдана.
Учир нь би таныг магтдаг.
15 Хүмүүс надад
«Еховагийн үг биелнэ гэсэн чинь яасан бэ?
Биелэхийг нь харъя л даа» гэж хэлдэг.
16 Харин би таныг дагадаг хоньчин байхаас татгалзаагүй.
Гай зовлонгийн өдрийг ч хүсэн хүлээгээгүй.
Хэлсэн үг бүрийг минь та сайн мэднэ.
Харж байхад тань би хэлсэн.
17 Намайг бүү айлгаач.
Та бол гамшгийн өдөр хоргодох газар минь юм.
18 Намайг хавчигчдыг шившиг болгооч.
Харин намайг бүү шившиг болгооч.
Тэднийг айдаст автуулаач.
Харин намайг айдаст бүү автуулаач.
19 Ехова надад айлдсан нь: «Явж Иудагийн хаадын орж гардаг ард түмний хаалга болон Иерусалимын бүх хаалган дээр зогс. 20 Чи тэдэнд ингэж хэл. “Эдгээр хаалгаар ордог Иудагийн хаад, Иудагийн бүх ард түмэн, Иерусалимын бүх оршин суугчид аа, Еховагийн үгийг сонс. 21 Ехова ийн айлдаж байна. «Анхаар! Аливаа ачааг Амралтын өдөр зөөх юм уу Иерусалимын хаалгаар оруулж болохгүй. 22 Амралтын өдөр гэрээсээ ачаа бүү гарга. Ямар ч ажил хийж болохгүй. Миний тушаасан ёсоор Амралтын өдрийг ариун байлга. Эцэг өвгөдөд чинь би үүнийг тушаасан билээ. 23 Гэвч тэд үг аваагүй, сонсоо ч үгүй. Харин зөрүүдэлж тушаалыг минь зөрчсөн. Засарч өөрчлөгдөөгүй»”.
24 “Ехова айлдаж байна. «Хэрэв та нар миний тушаалыг чанд сахин биелүүлж Амралтын өдөр энэ хотын хаалгаар ачаа зөөхгүй, Амралтын өдрийг ариун байлган ямар ч ажил хийхгүй байвал 25 Давидын сэнтийд залардаг хаад ноёд дайны тэрэг хөлөглөн, морьд унан энэ хотын хаалгаар орж ирнэ. Мөн Иудагийн ард түмэн, Иерусалимын оршин суугчид орж ирнэ. Энэ хот хэзээд оршин суугчидтай байх болно. 26 Хүмүүс Иудагийн хотууд, Иерусалимын ойр орчим, Бениамины нутаг, нам дор газар, уулархаг нутаг болон Негевээс* ирэхдээ шатаах тахил, өргөл, идээн өргөл, гүгэл, талархлын тахилуудыг Еховагийн өргөөнд авчирна.
27 Гэвч та нар Амралтын өдрийг ариун байлга гэсэн тушаалыг минь сахилгүй Амралтын өдөр ачаа зөөж Иерусалимын хаалгануудаар оруулбал би тэр хаалгануудад гал тавина. Иерусалимын бэхлэгдсэн цамхгууд шатна. Тэр гал хэзээ ч унтрахгүй»”».