Исаиа
1 Иудагийн хаад Уззиа, Иотам, Ахаз, Хезекиагийн үед Иуда болон Иерусалимын талаар Амозын хүү Исаиа* ийм үзэгдэл үзжээ.
2 Тэнгэр ээ, сонс. Газар аа, анхаар.
Ехова ийн айлдав.
«Миний өсгөж торниулсан хөвгүүд
Надад тэрсэлсэн.
3 Бух эзнээ таньдаг.
Илжиг эзнийхээ тэвшийг мэддэг.
Харин Израйл намайг мэддэггүй.
Миний ард түмэн ухаангүй авирладаг».
4 Нүгэлтэй үндэстэн,
Гэм нүгэлд баригдсан хүмүүс,
Хорон санаатнуудын үр удам, завхарсан хүүхдүүд золгүй еэ!
Тэд Еховаг орхисон.
Тэд Израйлын Ариун Нэгэнд хүндэтгэлгүй хандсан.
Тэд түүнээс нүүр буруулсан.
5 Цохиулах газар биед чинь үлдээгүй байхад юунд чи дахин дахин тэрсэлнэ вэ?
Толгой чинь бүхэлдээ хөндүүр,
Зүрх чинь тэр аяараа өвчтэй байна шүү дээ.
6 Хөлийн улнаас толгойн орой хүртэл эрүүл газар гэж үгүй.
Энд тэндгүй хөх няц, ил далд шархнууд.
Эмчилж*, боож, тосоор зөөллөсөн юм алга.
7 Нутаг чинь сүйрч,
Хотууд чинь шатжээ.
Газар нутаг чинь та нарын нүдэн дээр харийнханд цөлмүүлж байна.
Дайсны довтолгоонд өртсөн мэт эзгүйрэн хоосорчээ.
8 Сионы охин* усан үзмийн талбай дахь саравч мэт,
Өргөст хэмхний талбай дахь овоохой мэт,
Бүслэгдсэн хот мэт үлдэж хоцорчээ.
9 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова цөөн хэдийг маань амьд үлдээгээгүй бол
Бид Содомоос дутахааргүй,
Гоморрагаас өөрцгүй болох байлаа.
10 Содомын дарангуйлагчид аа, Еховагийн үгийг сонс.
Гоморрагийн ард түмэн ээ, манай Бурхны хуулийг анхаар.
11 Ехова ийн айлдаж байна. «Та нарын өргөдөг өч төчнөөн тахил надад ямар хэрэгтэй юм бэ?
Шатаалт тахил болгон өргөдөг хуц, бордсон малын чинь өөхнөөс би залхаж байна.
Залуу бух, хурга, ямааны чинь цусанд би баярлахгүй.
12 Хэн та нарт тушаасан болоод
Та нар миний өмнө ирж,
Миний хашаан дотор сэлгүүцнэ вэ?
13 Хэнд ч хэрэггүй идээн өргөлөө авчрахаа боль.
Утлагыг чинь би жигшиж байна.
Та нар шинэ сарын баяр, амралтын өдрийг тэмдэглэж, чуулган зохиодог.
Гэвч чуулганы үеэр ид шидийн хүч ашигладгийг чинь би тэвчихгүй.
14 Би та нарын шинэ сарын баяр, найр наадмыг үзэн ядаж байна.
Тэдгээр нь надад дарамт болж байна.
Би тэдгээрийг чинь үүрээд ядарч байна.
15 Та нарыг алгаа тосоход
Би нүүрээ таглана.
Та нар олон удаа залбирдаг ч
Би сонсдоггүй.
Та нарын гар цусанд будагджээ.
16 Биеэ угааж өөрсдийгөө цэвэрлэ.
Бузар явдлаа нүдэнд минь бүү үзүүл.
Мууг үйлдэхээ боль.
17 Сайныг үйлдэж сур, шударга ёсыг сахь.
Дарлагчдыг засаж залруул.
Өнчин хүүхдийн эрх ашгийг хамгаал.
Бэлэвсэн эмэгтэйг өмгөөл».
18 Ехова айлдаж байна. «Нааш ир, учир зүйгээ ололцъё.
Та нарын нүгэл час улаан боловч
Цас шиг цагаан болно.
Хүрэн улаан даавуу шиг боловч
Ноос шиг цагаан болно.
19 Та нар дуртайяа сонсвол
Энэ газрын үр шимийг хүртэнэ.
20 Харин татгалзаж, тэрсэлбэл
Та нар илдээр хөнөөгдөнө.
Учир нь Ехова үүнийг айлдсан юм».
21 Үнэнч хот яаж яваад янхан болчхов оо!
Урьд нь тэнд шударга ёс ноёлж,
Зөв шударга явдал дэлгэрч байсан бол
Одоо алуурчдаар дүүрчээ.
22 Мөнгө чинь хог шаар болж,
Шар айраг* чинь усаар шингэлэгджээ.
23 Ноёд чинь зөрүүд бөгөөд хулгайчийн хамсаатан.
Тэд бүгдээрээ хахуульд дурлаж, шан харамж хүсдэг.
Өнчин хүүхдийг шударгаар шүүдэггүй.
Бэлэвсэн эмэгтэйн заргыг хүлээж авдаггүй.
24 Тиймээс жинхэнэ Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Ехова,
Израйлын Хүчит Нэгэн ийн тунхаглаж байна.
«Яршиг! Дайснуудаасаа салж амаръя.
Өстнүүдээсээ өшөө авъя.
25 Би мутраа чиний эсрэг сунгаж,
Хог шаарыг чинь шүлтээр хайлуулан,
Бүх бузрыг чинь зайлуулна.
26 Би та нарт урьдын адил шүүгчдийг өгнө.
Өмнө нь байсан шиг, зөвлөгчдийг томилно.
Үүний дараа чамайг Зөв шударгын хот, Үнэнч хот гэх болно.
27 Би шударга үйлсээр Сионыг худалдаж авна.
Зөв шударга үйлсээр оршин суугчдыг нь буцааж авчирна.
28 Тэрслэгчид, нүгэлтнүүд хамтдаа устгагдаж,
Еховаг орхигчид мөхлөө үзнэ.
29 Та нар хүсээд байсан хүчирхэг моддынхоо улмаас ичнэ.
Дурлаад байсан цэцэрлэгийнхээ* улмаас гутамшиг болно.
30 Та нар навч нь гандаж буй том мод шиг,
Усгүй цэцэрлэг шиг болно.
31 Хүчит эр мяндас болно.
Ажил үйлс нь оч болно.
Хоёулаа нийлээд галд шатна.
Тэднийг унтраах хэн ч үгүй».