Дуулал
Удирдаачид зориулав. Давидын дуу.
40 Би Еховад чин зүрхнээсээ найдсан*.
Тэрбээр над руу ойртон, тусламж гуйн хашхирахыг минь сонссон.
2 Тэрбээр намайг улаанаар эргэлдсэн устай нүхнээс,
Шавар шавхайнаас татаж гаргаад
Хөлийг минь хадан дээр тавьж,
Намайг бат зогсоосон юм.
3 Тэгээд надад шинэ дуу зааж өгөв.
Тэр нь бидний Бурхныг магтах дуу юм.
Олон хүн бишрэн харж
Еховад итгэнэ.
4 Худалч, тэрслүү хүмүүсийг дагадаггүй,
Еховад найддаг хүн жаргалтай.
5 Миний Бурхан Ехова!
Та ямар их үйлс бүтээгээ вэ!
Таны үйлс хэчнээн гайхамшигтай вэ!
Бидний төлөө та ямар их зүйлийг бодоо вэ!
Тантай эн зэрэгцэх хэн ч байхгүй.
Тэдгээр гайхамшгийн талаар зарлан хэллээ гэхэд
Тоолж баршгүй олон юм.
6 Та тахил, өргөлийг хүсээгүй*.
Харин үгээ сонсгохын тулд чихийг минь нээсэн.
Та шатаалт тахил, нүглийн төлөөх тахилыг шаардаагүй.
7 Тэгээд би ийн хэлэв. «Би ирлээ.
Хуйлмал номд миний тухай бичсэн байдаг.
8 Бурхан минь ээ, таны таалалд нийцүүлэх нь миний жаргал юм.
Таны хууль сэтгэл зүрхэнд минь бий.
9 Би зөв шударгын тухай сайн мэдээг олны дунд* тунхагладаг.
Би дуугүй байдаггүй шүү дээ.
Ехова та сайн мэднэ.
10 Би таны зөв шударга байдлыг нуудаггүй.
Таны итгэмжит байдал ба авралын тухай зарлан тунхагладаг.
Таны үнэнч хайр, таны үнэний тухай олон түмнээс* нуудаггүй».
11 Ехова! Та намайг өршөөж энэрэхээ бүү болиоч.
Өөрийн үнэнч хайр хийгээд үнэнээр үргэлж хамгаалаач.
12 Би тоолшгүй олон зовлонд баригджээ.
Хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй болтлоо гэм нүгэлд автлаа.
Тэдгээр нь толгойтой үснээс минь олон учраас
Би сэтгэлээр унасан.
13 Ехова, гуйж байна, намайг авраач.
Надад туслахаар яараач, Ехова.
14 Амийг минь авахыг санаархагчид
Шившиг болж, нэр нүүрээ бараг.
Миний зовлонгоор бахаа хангагчид
Гутамшигтайгаар ухраг.
15 «Хохь чинь!» гэж надад хэлдэг хүмүүс
Ичгүүр шившиг болж, айн балмагдаг.
16 Харин таны удирдлага зааврыг хайгчид
Танаар бахдан баярлах болтугай.
Таны авралын үйлсэд баярладаг хүмүүс:
«Ехова өргөмжлөгдөх болтугай» гэж үргэлж хэлэг.
17 Би хүчин мөхөс, ядуу дорой хүн шүү дээ.
Ехова намайг анхаарах болтугай.
Та бол миний туслагч, миний аврагч.
Бурхан минь, битгий удаач.