Иошуа
17 Дараа нь шавга хаяж Манассе овогт газар хуваарилан өгчээ. Яагаад гэвэл Манассе нь Иосефын ууган хүү юм. Манассегийн ууган хүү, Гилеадын эцэг Махир нь дайчин эр байсан тул Гилеад болон Башаныг авсан байлаа. 2 Манассе овгийнхны нөгөө хагаст буюу Абиезерийн ураг, Хелекийн ураг, Асриелийн ураг, Шехемийн ураг, Хеферийн ураг, Шемидагийн урагт газар хуваарилан өгчээ. Тэд бол Иосефын хүү Манассегийн үр удам бөгөөд ургийн тэргүүнүүд билээ. 3 Харин Манассегийн хүү Махирын жич, Гилеадын ач, Хеферийн хүү Зелофехад нь хүүгүй, зөвхөн охидтой ажээ. Охидыг нь Махла, Ноа, Хогла, Милка, Тирза гэдэг. 4 Тэд тахилч Елеазар, Нуны хүү Иошуа, овгийн ахлагчид дээр очоод «Мосе ах дүүд маань өв өгсөн билээ. Ехова бидэнд бас өв өгөхийг Мосед тушаасан» гэж хэлэв. Тэгэхэд нь тэрбээр Еховагийн тушаасны дагуу, эцгийнх нь ах дүүд өв өгсөн шигээ тэдэнд бас өгчээ.
5 Манассед мөн Иорданы зүүн талд байдаг Гилеад, Башанаас гадна 10 газрыг хуваарилан өгөв. 6 Учир нь Манассе овгийн тэр эмэгтэйчүүд овгийнхоо эрчүүдийн адилаар өв авсан бөгөөд Гилеад нутаг нь Манассе овгийнхны нөгөө хагасын өмч болжээ.
7 Манассегийн хил нь Ашераас эхэлж, Шехемийн харалдаа байдаг Михметат, тэгээд урагшаа Ен-таппуагийн оршин суугчдын нутагт хүрдэг. 8 Таппуагийн нутаг нь Манассегийнх болсон хэдий ч Манассегийн хил дээрх Таппуа хот нь Ефраимын үр удмынх байв. 9 Тэгээд Манассегийн хил Кана сайр луу уруудан өмнөд хэсэгт нь хүрнэ. Манассегийн хотуудын дунд Ефраимын хотууд байжээ. Манассегийн хил нь Кана сайрын хойд талаар үргэлжлэн Их тэнгист* тулдаг. 10 Тэр хилээс урагших нь Ефраимын газар нутаг, хойших нь Манассегийн газар нутаг бөгөөд Их тэнгис нь Манассегийн хил юм. Манассегийн нутаг хойд зүгтээ Ашерын нутаг, зүүн зүгтээ Иссахарын нутагтай хиллэнэ.
11 Иссахар болон Ашерын нутгуудаас Манассегийнх болсон газрууд нь Бет-шеан харьяа* тосгодтойгоо, Иблеам харьяа тосгодтойгоо, Дор оршин суугчид болон тосгодтойгоо, толгодын гурван нутаг буюу Ен-дор, Таанах, Мегиддо оршин суугчид, харьяа тосгодтойгоо юм.
12 Гэвч Манассегийн үр удам эдгээр хотыг эзэмшил болгон авч дийлсэнгүй. Канаанчууд зөрүүдлэн зүтгэсээр энэ нутагт үлдсэн юм. 13 Израйлчууд хүчирхэгжээд канаанчуудыг албадлагын ажилчид болгов. Тэднийг бүрмөсөн хөөн зайлуулсангүй.
14 Иосефын удмынхан Иошуад «Та яагаад бидэнд ганц шавгаар ердөө ганцхан газрыг өв болгон өгөв өө? Бид Еховагийн ивээлээр өнөр өтгөн болсон шүү дээ» гэж хэлжээ. 15 Иошуа тэдэнд «Та нар олуулаа болохоор Ефраимын уулархаг нутаг хэтэрхий багадаж байгаа бол перизчүүд болон Рефаимын нутагт байдаг ой руу явж, моддыг нь тайраад тэндээ амьдрагтун» гэхэд 16 Иосефын үр удам: «Уулархаг нутаг бидэнд багадаж байгаа нь үнэн. Дээрээс нь, хөндийд амьдардаг канаанчууд болох Бет-шеан болон харьяа тосгодод нь суудаг канаанчууд, Иезреелийн хөндийд суудаг канаанчууд дугуйндаа хадууртай байлдааны тэрэгтэй*» гэж хэлэв. 17 Тэгэхэд Иошуа Иосефын удмынхан болох ефраимчууд, манассечуудад «Та нар олуулаа, бас их хүчирхэг хүмүүс. Ганцхан газар хангалтгүй тул 18 уулархаг нутаг ч та нарынх болог. Ой модтой ч гэсэн та нар модыг нь тайрцгаа. Тэгээд тэр нь танай газар нутгийн зах хязгаар болно. Хэдий канаанчууд дугуйндаа хадууртай байлдааны тэрэгтэй, хүчирхэг ч та нар тэднийг хөөн зайлуулна» гэж хэлжээ.