Даниел
8 Белшазар хааны засаглалын гуравдугаар онд Даниел би өөр нэг үзэгдэл үзэв. 2 Елам мужийн Суса дахь шилтгээнд байхдаа үзсэн уг үзэгдэлд би Улаи голын* эрэг дээр байлаа. 3 Голын дэргэд хоёр эвэртэй хуц байхыг би харав. Хоёр эвэр нь урт боловч нэг нь нөгөөгөөсөө бүр урт, тэр нь сүүлд ургажээ. 4 Тэр хуц баруун, хойд, урд зүг рүү ухас хийн дайрч байлаа. Түүнийг дийлэх ямар ч амьтан байсангүй. Түүний эрхшээлээс аврах хэн ч байсангүй. Тэрбээр хүссэнээ хийж, өөрийгөө өргөмжлөв.
5 Харсаар байтал баруун* зүгээс нэгэн ухна хөлөө газар хүргэлгүй дэлхийг хөндлөн гулд туулсаар хүрч ирэв. Ухнын хоёр нүдний хооронд нэгэн онцгой эвэр байх ажээ. 6 Тэр ухна голын* дэргэд миний харсан хоёр эвэртэй хуц руу асар их уур хилэнтэйгээр давхиж очлоо.
7 Уурлан хилэгнэсэн ухна хуц руу дөхөж очихыг би харлаа. Тэрбээр хуцыг мөргөж хоёр эврийг нь хугалж орхив. Хуц эсэргүүцэх ямар ч хүчгүй байлаа. Ухна түүнийг газар шидэн дээрээс нь дэвслэхэд хуцыг ухнын эрхшээлээс аврах хэн ч байсангүй.
8 Тэгэхэд ухна өөрийгөө үлэмж ихээр өргөмжлөв. Гэвч түүнийг хүчирхэг болмогц том эвэр нь хугаран унажээ. Оронд нь дөрвөн онцгой эвэр дөрвөн зүгийг* чиглэн ургав.
9 Эврүүдийн нэгээс өөр нэг жижиг эвэр гарч томрон томорсоор өмнө зүг, зүүн* зүг, Үзэсгэлэнт нутгийг чиглэн ургалаа. 10 Тэгээд тэнгэрийн их цэрэгт хүрэхээр асар том болж их цэргийн нэг хэсгийг, оддын нэг хэсгийг дэлхий дээр унагаж дэвслэв. 11 Тэрбээр өөрийгөө их цэргийн Жанжнаас ч илүү өргөмжилж, түүнд өргөдөг байсан өдөр бүрийн тахилыг болиулж, түүний бат тогтоосон ариун газрыг хөмөрч хаяв. 12 Нүглийн улмаас их цэрэг болон өдөр бүрийн тахил эврийн эрхшээлд орлоо. Эвэр үнэнийг газар шидэлж байсан бөгөөд юу ч хийсэн амжилт олж байлаа.
13 Би ариун нэгний ярихыг сонсов. Тэгтэл өөр ариун нэгэн түүнээс «Өдөр бүрийн тахилын тухай, сүйрэлд хүргэдэг нүглийн тухай, ариун газар болон их цэргийг дэвслэхэд юу болох тухай үзэгдэлд гардаг үйл явдал хэр удаан үргэлжлэх вэ?» гэж асуулаа. 14 Тэр надад «2 300 үдэш ба өглөө. Ариун газрыг сэргээж хуучин хэвд нь оруултал» гэж хэлэв.
15 Даниел би үзсэн үзэгдлийнхээ утгыг ухаж ядан байтал хүн шиг нэгэн гэнэт гарч ирэн миний өмнө зогсох нь тэр. 16 Дараа нь Улаи голын дундаас хүний дуу гарч «Габриел аа, үзсэн зүйлийг нь түүнд тайлбарлаж өг» гэж хэлэх нь сонсогдлоо. 17 Тэрбээр миний зогсож байсан газар ирэв. Би түүнийг ирэхэд айсандаа газар харуулдан уналаа. Тэрбээр надад «Хүний хүү минь, энэ үзэгдэл эцсийн цаг үеийнх гэдгийг ойлго» гэж хэлэв. 18 Түүнийг ярьж байх зуур би элгээрээ харуулдан унасан чигээрээ бөх гэгч нь унтчихав. Тэгтэл тэр надад хүрч, намайг босгож зогсоолоо. 19 Тэрбээр хэлсэн нь: «Зэмлэлийн төгсгөлд юу болохыг одоо би чамд хэлье. Учир нь энэ үзэгдэл товлосон цаг буюу төгсгөлийн цаг үед хамаатай.
20 Чиний харсан хоёр эвэртэй хуц нь Меде, Персийн хаадыг төлөөлдөг. 21 Үс ихтэй ухна бол Грекийн хаан бөгөөд хоёр нүднийх нь хоорондох том эвэр бол анхны хаан нь юм. 22 Тэр эвэр хугарч оронд нь дөрвөн эвэр гарч ирсэн шиг, түүний хаант улсаас дөрвөн хаант улс бий болох боловч түүн шиг хүчтэй байхгүй.
23 Тэдгээр хаант улсын төгсгөл болж, бузар мууг үйлдэгчдийн нүгэл дээд цэгтээ тулах үед заль мэхэнд мэргэшсэн* хэрцгий догшин хаан гарч ирнэ. 24 Тэрбээр асар хүчтэй болох боловч өөрийн чадлаар ийм болохгүй. Тэрбээр аймшигт сүйрэл авчрах ба үйлс бүхэн нь бүтнэ. Хүчтэнүүдийг, мөн ариун хүмүүсээс бүрдсэн ард түмнийг сүйрүүлнэ. 25 Их зальтай учраас хууран мэхлэх арга хэрэглэн амжилт олно. Сэтгэл дотроо өөрийгөө өргөмжилж, тайван цагт* олон хүнийг хядна. Тэр ч бүү хэл, ноёдын Ноёныг эсэргүүцэх боловч хүний гарын оролцоогүйгээр устгагдана.
26 Үдэш ба өглөөний тухай үзэгдэлд гардаг бүхэн үнэн юм. Гэхдээ чи энэ үзэгдлийг нууцал. Яагаад гэвэл энэ нь алс ирээдүйтэй холбоотой*».
27 Тамир минь барагдсанаас Даниел би хэд хоног өвдлөө. Дараа нь босож, хааны албанд дахин зүтгэх болов. Гэвч үзсэн зүйлээсээ болоод цочирдсон хэвээрээ байлаа. Үзэгдлийг хэн ч ойлгоогүй юм.