Даниел
9 Медечүүдийн удмын Ахашверошийн хүү Дариус халдейчуудын хаант улсын хаанаар өргөмжлөгдсөн нэгдүгээр онд, 2 түүний засаглалын эхний жил Даниел би номуудыг* судлаад Иерусалим хэдэн жил эзгүй байхыг мэдсэн юм. Иеремиа зөнчөөр хэлүүлсэн Еховагийн үгийн дагуу Иерусалим 70 жил эзгүй хоосон байх ажээ. 3 Тиймээс би тусламж гуйхаар жинхэнэ Бурхан Еховад хандав. Мацаг барьж, таар нөмрөн, өөр дээрээ үнс асгаж, залбиран гуйлаа. 4 Би Ехова Бурхандаа залбирч нүглээ наманчлан ингэж хэлэв.
«Жинхэнэ Бурхан Ехова минь ээ, та бол агуу бөгөөд сүрдэж бишрэм Нэгэн билээ. Таныг хайрлаж, тушаалыг тань дагадаг хүмүүсийг та үнэнчээр хайрлаж, гэрээгээ биелүүлдэг. 5 Бид нүгэл үйлдэн, буруу юм хийж, бузар явдалтай орооцолдон, танд тэрсэлсэн. Таны тушаал, зарлигийг дагахаа больсон. 6 Танд үйлчилдэг зөнч нар таны нэрийн өмнөөс манай хаад, ноёд, өвөг дээдэс, энэ нутгийн бүх ард түмэнтэй ярьдаг байсан. Гэвч бид зөнч нарын үгэнд ороогүй. 7 Ехова минь ээ, та бол зөв шударга. Харин өнөөгийн бид буюу Иудагийн ард түмэн, Иерусалимын оршин суугчид, хол ойрын улс орнуудад амьдардаг, таны тараан бутаргасан израйлчууд бүгдээрээ шившигтэй. Учир нь тэд танд үнэнч бус байсан юм.
8 Ехова минь ээ, манай хаад, ноёд, өвөг дээдэс, бид бүгдээрээ шившигтэй. Учир нь бид таны эсрэг нүгэл үйлдсэн. 9 Бидний Бурхан Ехова та энэрч нигүүлсдэг, өршөөж уучилдаг. Харин бид танд тэрсэлсэн. 10 Бид Ехова Бурхан таныхаа үгэнд ороогүй. Үйлчлэгч зөнч нараараа хэлүүлсэн хуулийг тань дагаагүй. 11 Израйлчууд бүгдээрээ таны хуулийг уландаа гишгэж, таны үгийг үл тоомсорлон танаас нүүр буруулсан. Жинхэнэ Бурхан та өөрийн зарц Мосегийн хуульд бичсэн хараалыг бидэн дээр буулгасан. Учир нь бид таны эсрэг нүгэл үйлдсэн билээ. 12 Та, бидэнд болон манай захирагчдад* анхааруулж хэлсэн үгэндээ хүрч их гамшиг учруулсан. Иерусалимд тохиолдсон шиг явдал тэнгэрийн доор болж байгаагүй билээ. 13 Мосегийн хуульд бичсэний дагуу бидэн дээр энэ бүх гамшиг буусан. Гэвч бид Ехова Бурхан танаасаа өршөөл гуйгаагүй, гэм нүглээсээ салаагүй, таныг хэлсэн үгэндээ хүрдгийг* ухаараагүй.
14 Ехова та, бидний үйлсийг ажиглаж байгаад гамшиг буулгасан. Учир нь бидний Бурхан Ехова та юу ч хийсэн, зөвийг үйлддэг боловч бид таны үгэнд ороогүй.
15 Ард түмнээ хүчирхэг мутраараа Египетийн нутгаас гаргаж авчран, өнөөдрийг хүртэл нэрээ дуурьсгасан Ехова Бурхан минь ээ, бид нүгэл үйлдэж, бузар хэрэг хийсэн. 16 Хэзээд зөв шударгыг үйлддэг Ехова минь ээ, та өөрийн хот Иерусалим, өөрийн ариун ууланд уурлан хилэгнэхээ болиоч. Учир нь бидний нүгэл, өвөг дээдсийн маань алдаанаас болоод Иерусалим болон таны ард түмэн эргэн тойрныхоо бүх хүний элэг доог болж байна. 17 Бидний Бурхан Ехова минь ээ, та зарцынхаа залбирал, гуйлтыг сонсож, эзгүй хоосон байгаа ариун газартаа өөрийнхөө төлөө сайныг үйлдээч. 18 Миний Бурхан та чих тавин сонсооч! Мэлмийгээ нээн бидний сүйрлийг харж, нэрээр тань нэрлэгдсэн хот ямар болсныг ажиглаач. Бид өөрсдийгөө зөв шударга гэж бодсондоо бус, харин та агуу их өршөөнгүй учраас танаасаа гуйж байна. 19 Ехова минь ээ, сонсооч. Ехова минь ээ, өршөөгөөч. Ехова минь ээ, анхаарлаа хандуулж бидэнд туслаач! Миний Бурхан та өөрийнхөө төлөө хурдлаач. Учир нь таны хот болон таны ард түмэн нэрээр тань овоглодог билээ».
20 Би ярьж, залбирч, өөрийнхөө болон израйл түмнийхээ нүглийг наманчилж, Бурхныхаа ариун уулын талаар Ехова Бурхнаасаа ивээл гуйж байлаа. 21 Намайг залбирч дуусаагүй байтал өмнө нь үзэгдэлд үзэгдсэн Габриел гэдэг хүн над дээр хүрч ирэв. Тэгэхэд оройн тахил өргөх цаг болж байсан бөгөөд хамаг тэнхээ минь барагдсан байлаа. 22 Тэрбээр ирээдүйд болох зүйлийг надад ойлгуулахын тулд хэлсэн нь:
«Даниел аа, би чамд зааварлан, ирээдүйд юу болохыг ойлгуулахаар ирлээ. 23 Чамайг залбирч эхлэхэд би мэдээ хүлээн аваад чамд мэдэгдэхээр ирсэн юм. Учир нь чи хамгаас эрхэм* хүн билээ. Тиймээс миний хэлэх гэж байгаа зүйлийг бодож, энэ үзэгдлийг ойлгохыг хичээгээрэй.
24 Танай ард түмэн болон ариун хотын чинь төлөө 70 долоо хоногийг* товлосон. Энэ нь гэмт үйлдлийг дуусгавар болгож, нүгэл хилэнцийг эцэслэж, гэмийг цайруулж, зөв шударгыг мөнхөд тогтоож, үзэгдэл ба зөгнөлийг лацдаж, Ариунаас ариун газрыг нээхийн* тулд юм. 25 Иерусалимыг сэргээн барьж, хуучин хэвд нь оруулах тушаал гарснаас хойш Удирдагч Мессиаг иртэл 7 долоо хоног ба 62 долоо хоног өнгөрнө гэдгийг чи мэдэж, ойлго. Иерусалимыг нийтийн талбай, суваг шуудуутай нь сэргээн барьж, хуучин хэвд нь оруулах боловч энэ нь хэцүү цагт болох юм.
26 Тэр 62 долоо хоногийн дараа Мессиа алагдаж, түүнээс юу ч үлдэхгүй.
Нэгэн удирдагч их цэрэгтэйгээ ирж хотыг ариун газартай нь устгана. Энэ нь үерээр устсан юм шиг байх болно. Ийнхүү төгсгөл болтол дайн тулаантай байна. Бурхан эзгүйрэл хоосролыг тогтоосон.
27 Тэрбээр* гэрээг олны төлөө нэг долоо хоног хүчинтэй байлгана. Харин долоо хоногийн хагаст тахил, өргөл өргөхийг зогсооно.
Хоосруулагч нь жигшүүрт юмсын далавчин дээр суугаад ирнэ. Тогтоогдсон зүйл хоосорсон нэгэн дээр сүйрэл болтол асгарна».