Даниел
10 Персийн хаан Корешийн гуравдугаар онд Белтешазар гэгддэг Даниел мэдээ хүлээн авчээ. Тэр мэдээ нь үнэн бөгөөд их дайны тухай байв. Үзсэн зүйлийг нь тайлбарлаж өгсөн тул тэрбээр мэдээг ойлгожээ.
2 Тэр үед Даниел би бүхэл бүтэн гурван долоо хоног гашуудсан юм. 3 Ямар ч тансаг хоол идэлгүй, мах, дарс ч амандаа хүргэлгүй, биедээ тос түрхэлгүй бүхэл бүтэн гурван долоо хонож байлаа. 4 Эхний сарын 24-ний өдөр би Тигр* мөрний эрэг дээр зогсож байхдаа 5 маалинган хувцастай, Уфазын алтаар хийсэн бүс бүсэлсэн нэгэн хүнийг харав. 6 Бие нь алтан чулуу мэт, нүүр царай нь аянгын гялбаа мэт, нүд нь асаж буй бамбар мэт, хөл гар нь өнгөлсөн зэс мэт, дуу хоолой нь олон түмний дуу мэт байлаа. 7 Энэ үзэгдлийг Даниел би ганцаараа үзэж, надтай хамт байсан хүмүүс үзээгүй юм. Гэсэн ч тэд ихэд айсандаа зугтаж, нуугдав.
8 Ингээд би ганцаараа үлдлээ. Энэ агуу үзэгдлийг үзэж байтал миний хүч чадал үгүй болж, царай цонхийн цайж, хамаг тэнхээ барагдав. 9 Тэр хүний ярих нь сонсогдлоо. Гэвч түүнийг ярьж байх зуур би элгээрээ харуулдан унаж бөх гэгч нь унтаад өгөв. 10 Тэгтэл нэгэн гар надад хүрч намайг сэрээв. Би гараараа газар тулж өвдөг дээрээ өндийлөө. 11 Тэр хүн надад
«Хамгаас эрхэм* Даниел аа, хэлэх үгийг минь анхааралтай сонсогтун. Одоо чи босоод зогсогтун. Намайг чам руу илгээсэн юм» гэв.
Түүнийг ярьж байх үед би салганан чичирсээр бослоо.
12 Тэрбээр надад хэлсэн нь: «Даниел аа, бүү ай. Энэ бүхний учрыг ойлгож, Бурхны өмнө даруу болъё гэж шийдсэн тэр өдрөөс чинь Бурхан чиний залбирлыг сонссон. Тиймээс би одоо чам дээр ирээд байна. 13 Гэвч намайг Персийн хаант улсын ноён 21 хоног эсэргүүцсэн юм. Тэгж байтал тэргүүн ноёдын нэг Михаел* ирж надад туслав. Тэр хугацаанд би Персийн хаадын хажууд байлаа. 14 Эцсийн өдрүүдэд танай ард түмэнд тохиолдох үйл явдлыг би чамд тайлбарлаж өгөхөөр ирсэн юм. Учир нь энэ үзэгдэл ирээдүйтэй холбоотой».
15 Түүнийг ярьж байх зуур би толгойгоо унжуулан үг ч дуугарах чадалгүй болов. 16 Хүн шиг төрхтэй нэгнийг уруулд минь хүрэхэд би үг дуугарч чадахтайгаа боллоо. Тэгээд өмнө минь зогсох нэгэнд ингэж хэлэв. «Эзэнтэн минь, үзсэн үзэгдлээс болоод бие салгалаад байна. Надад ямар ч тэнхээ алга. 17 Зарц би эзэн тантай ярьж хэрхэн чадах билээ? Надад ямар ч чадал алга. Амьсгалахад ч хүнд байна».
18 Хүн шиг харагддаг тэр нэгэн надад дахин хүрч тэнхээ оруулав. 19 Тэгээд «Хамгаас эрхэм* хүн ээ, бүү ай. Чамд амар амгаланг хүсэн ерөөе. Хүчтэй, зоригтой байгтун» гэж хэллээ. Түүнийг надтай ярьж байхад бие минь тэнхрэв. «Эзэн минь, та намайг тэнхрүүлсэн учир айлдаж хайрла» гэж би хэллээ.
20 Тэрбээр надад хэлсэн нь: «Би чам дээр яагаад ирснийг мэдэх үү? Одоо би Персийн ноёнтой тулалдахаар буцна. Намайг явахаар Грекийн ноён ирнэ. 21 Би чамд үнэний номд бичигдсэн зүйлийг хэлье. Эдгээр зүйл дээр надад хүчтэй дэмжлэг үзүүлж байгаа нь зөвхөн танай ноён Михаел юм. Өөр хэн ч байхгүй.