Хоёрдугаар хаад
3 Ахабын хүү Иехорам Иудагийн хаан Иехошафатын 18 дугаар онд Самарид Израйлын хаан болж 12 жил захирав. 2 Тэрбээр Еховагийн бузар муу гэж үздэг зүйлсийг үйлдсээр байсан боловч арай л эцэг эх шигээ муу байгаагүй. Учир нь Иехорам эцгийнхээ хийсэн Баалын ариун баганыг зайлуулсан юм. 3 Гэхдээ Израйлаар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглийг бүгдийг нь үйлдсэнээр барахгүй, үйлдэхээ хэзээ ч больсонгүй.
4 Моабын хаан Меша хонин сүрэг үржүүлэн өсгөдөг байсан бөгөөд тэрбээр Израйлын хаанд алба гувчуур болгон 100 000 хурга, ноосыг нь хяргаагүй 100 000 хуц өгдөг байлаа. 5 Ахабыг нас бармагц Моабын хаан Израйлын хааны эсрэг бослого гаргажээ. 6 Тэгэхэд Иехорам хаан Самариас явж Израйлын бүх цэргийг цуглуулав. 7 Бас Иудагийн хаан Иехошафатад хэл хүргүүлж «Миний эсрэг Моабын хаан бослоо. Та надтай хамт явж Моабтай тулалдах уу?» гэж хэлүүлэхэд Иехошафат: «Би хамт явъя. Та бид хоёр чинь нэг тал шүү дээ. Миний ард түмэн таны ард түмэн, миний морьд таны морьд л гэсэн үг» гэлээ. 8 Тэгээд Иехошафат: «Аль замаар явах вэ?» гэж асуулгахад Иехорам: «Едомын цөлийн замаар» гэж хэлүүлэв.
9 Ингээд Израйл Иуда Едомын гурван хаан хөдөлжээ. Тэднийг тойруу замаар долоон хоног явсны дараа цэргүүд нь ч, мал амьтад нь ч уух усгүй болов. 10 Израйлын хаан: «Юу болох нь энэ вэ! Ехова бидний гурван хааныг Моабын эрхшээлд оруулах гэж л энд авчирч л дээ!» гэхэд 11 Иехошафат: «Энд Еховагаас асуулгачхаар Еховагийн зөнч байхгүй юу?» гэхэд Израйлын хааны нэг албат: «Елиагийн гар дээр ус асгаж өгдөг байсан* Шафатын хүү Елиша байгаа» гэжээ. 12 Тэгэхэд нь Иехошафат: «Еховагийн юу айлдахыг тэр хүн бидэнд хэлж чадна» гэв. Ингээд Израйлын хаан, Едомын хаан болон Иехошафат гурав түүн рүү явжээ.
13 Елиша Израйлын хаанд «Би тантай ямар хамаатай юм бэ? Та эцэг эхийнхээ зөнчид рүү яваач» гэхэд Израйлын хаан: «Ехова бидний гурван хааныг Моабын эрхшээлд оруулахаар энд авчирсан учраас явахгүй» гэлээ. 14 Елиша: «Би өөрийнхөө үйлчилдэг амьд Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Еховагаар тангараглая. Хэрвээ би Иудагийн хаан Иехошафатыг хүндэлдэггүй байсан бол таныг тоохгүй, авч хэлэлцэхгүй байх байсан. 15 Одоо босоо ятгачин авчир» гэжээ. Босоо ятгачныг тоглож эхэлмэгц Еховагийн хүч Елиша дээр буув. 16 Тэрбээр: «Ехова ийн айлдаж байна. “Энэ хөндийг* суваг шуудуугаар дүүргэгтүн. 17 Учир нь салхи салхилахгүй, бороо орохгүй боловч энэ хөндий усаар дүүрнэ. «Та нар мал сүрэг, бусад амьтантайгаа энэ хөндийгөөс ундаална» гэж Ехова би айлдаж байна” хэмээсэн. 18 Энэ нь Еховагийн хувьд ялихгүй зүйл юм. Тэрбээр бүр Моабыг та нарын эрхшээлд оруулна. 19 Тиймээс та нар хэрэм цайз бүхий хотуудыг, мөн гол хотуудыг бүгдийг нь бут цохиж, сайн мод бүрийг нь цавчин унагааж, бүх булаг шандыг нь таглан хааж, тариалангийн талбай болгоныг нь хайрга чулуугаар хучаад хэрэгцээгүй болго» гэжээ.
20 Өглөө идээн өргөл өргөх үеэр Едомын зүгээс гэнэт ус урсан ирж, тэр газрыг усаар дүүргэв.
21 Моабчууд өнөөх гурван хааныг өөрсөдтэй нь тулалдахаар ирснийг дуулмагцаа зэвсэг агсах чадвартай бүх эрчүүдээ цуглуулсан бөгөөд тэд хил дээр байрлалаа эзэлсэн юм. 22 Тэднийг өглөө эрт босоход нарны гэрэл усан дээр ойн израйлчуудын эсрэг талд байсан моабчуудад цус шиг улаан харагджээ. 23 Тэд: «Тэр цус байна! Нөгөө хаад чинь өөр хоорондоо тулалдаж нэг нэгнээ илдээр хөнөөсөн байна. Моабчууд аа, олз руугаа дайрцгаая!» гэжээ. 24 Тэднийг Израйлын хуаран руу орж иртэл израйлчууд өөдөөс нь довтолж, бут цохилоо. Моабчуудыг зугтаасанд израйлчууд хойноос нь нэхэн хөөж, хөнөөн явсаар Моабын нутагт оров. 25 Тэгээд хотуудыг нь сүйрүүлж, хүн бүхэн тариалангийн талбай болгон руу нь чулуу шидэж, чулуугаар хучлаа. Мөн булаг шанд бүрийг нь таглан хааж, сайн мод бүрийг нь цавчин унагаав. Кир-харесет хотын чулуун хэрэм л хэвээр үлдсэн бөгөөд дүүгүүрчид тэр хотыг бүсэлж, довтолжээ.
26 Моабын хаан тулаанд ялагдахаа ойлгоод илд агссан 700 хүний хамт Едомын хааны талаар сэтлэн гарах гэсэн боловч чадсангүй. 27 Тэгээд тэрбээр өөрийнх нь оронд хаан болох байсан ууган хүүгээ тэр хэрмийн дээр шатаалт тахил болгон өргөв. Тэгэхэд нь хүмүүс израйлчуудад асар их уурлаж, Моабын хаан руу дайрахаа болиод нутаг, нутаг руугаа буцацгаажээ.