Хоёрдугаар хаад
2 Елиа Елиша хоёрыг Гилгалаас явахад Ехова Елиаг салхи шуурган дунд тэнгэр өөд авч явах гэж байв. 2 Елиа Елишад «Намайг Ехова Бетел рүү явуулж байгаа болохоор чи эндээ үлд» гэхэд Елиша: «Ехова болон таны амьд буйгаар тангараглая. Би таныг орхихгүй» гэв. Тэгээд тэд Бетел рүү явлаа. 3 Бетелийн зөнчдийн хөвгүүд* Елиша дээр ирээд «Өнөөдөр эзнийг чинь Ехова авч явах учраас чи цаашид тэргүүнгүй болно гэдгээ мэдэж байна уу?» гэхэд Елиша: «Би мэдэж байна аа, энэ талаар битгий ярь» гэлээ.
4 Елиа: «Намайг Ехова Иерихо руу явуулж байгаа болохоор Елиша, чи эндээ үлд» гэхэд Елиша: «Ехова болон таны амьд буйгаар тангараглая. Би таныг орхихгүй» гэв. Тиймээс тэр хоёр Иериход очив. 5 Иериход байсан зөнчдийн хөвгүүд Елиша руу дөхөж очоод «Өнөөдөр эзнийг чинь Ехова авч явах учраас чи цаашид тэргүүнгүй болно гэдгээ мэдэж байна уу?» гэхэд Елиша: «Би мэдэж байна аа, энэ талаар битгий ярь» гэлээ.
6 Елиа Елишад «Намайг Ехова Иордан руу явуулж байгаа учраас чи эндээ үлд» гэхэд Елиша: «Ехова болон таны амьд буйгаар тангараглая. Би таныг орхихгүй» гэв. Тэгээд тэд хамт явлаа. 7 Тэр хоёрыг зөнчдийн 50 хөвгүүд дагаж явсан бөгөөд Иордан голын дэргэд зогсож байхад нь тэд зайнаас хараад зогсож байв. 8 Тэгээд Елиа нөмрөгөө авч хуйлаад усыг шавхуурдахад голын ус баруун, зүүн тийш хоёр хуваагдав. Тэгээд тэд хуурай ёроолоор голын нөгөө талд гарлаа.
9 Гол гармагцаа Елиа Елишад «Намайг Бурхан авч явахаас өмнө чи надаас юу гуймаар байна вэ?» гэхэд Елиша: «Бурхны танд өгсөн агуу хүчнээс* надад өгөөч*» гэв. 10 Елиа хариуд нь «Чи их хэцүү юм гуйлаа. Хэрвээ Бурхан намайг авч явахыг чи харвал хэлснээр чинь болно. Харин харж чадахгүй бол хэлснээр чинь болохгүй» гэлээ.
11 Тэр хоёрыг ярилцаад явж байтал гэнэт гал дүрэлзсэн тэрэгнүүд болон морьд тэр хоёрыг салгажээ. Елиа салхи шуурган дунд тэнгэр өөд одов. 12 Елиша үүнийг хараад «Эцэг минь, эцэг минь! Израйлын морин тэрэг, морьтнууд аа!» гэж хашхирав. Елиаг үзэгдэхгүй болмогц тэрбээр хувцсаа хүү татав. 13 Елиагийн унагасан нөмрөгийг Елиша авч, буцаж яваад Иордан голын эрэг дээр зогсов. 14 Тэгээд Елиагийн нөмрөгөөр усыг шавхуурдаад «Елиагийн Бурхан Ехова хаана байна вэ?» гэлээ. Тэгэхэд голын ус баруун, зүүн тийш хоёр хуваагдаж, Елиша гол гарав.
15 Елишаг хараад холгүйхэн зогсож байсан Иерихогийн зөнчдийн хөвгүүд: «Бурхны Елиад өгсөн агуу хүч Елиша дээр буужээ» гэцгээв. Тэгээд тэд Елишатай уулзахаар ирж, сөгдөн мөргөлөө. 16 Тэд Елишад «Таны зарц нар болох бидэнтэй хамт 50 дайчин эр байна. Тэднийг явуулж эзнээ хайлгаач. Ехова түүнийг салхиараа дээш авч яваад аль нэг уул юм уу хөндийд хаясан байх» гэхэд Елиша: «Тэднийг явуулах хэрэггүй» гэлээ. 17 Харин тэд Елишаг эвгүй байдалд ортол нь гуйж шалсан тул Елиша: «За, явуул даа» гэв. Ингээд тэд 50 эрийг явуулахад тэд гурван өдөр хайсан боловч олсонгүй. 18 Тэднийг буцаж ирэхэд Елиша Иериход байв. Тэрбээр тэдэнд «Би та нарт битгий яв гэж хэлээгүй билүү?» гэжээ.
19 Дараа нь Иерихо хотын эрчүүд Елишад «Эзэнтэн минь, таны харж байгаачлан манай хот байршил сайтай. Гэхдээ ус нь муу, газар нь үржил шимгүй байна*» гэв. 20 Елиша: «Надад нэг жижигхэн шинэ аяганд давс хийгээд аваад ир» гэхэд тэд аваачиж өгчээ. 21 Тэгэхэд нь тэрбээр усны ундарга руу очоод давсаа асгаж «Ехова ингэж айлдаж байна. “Би энэ усыг цэвэршүүллээ. Цаашид энэ уснаас болж үхэх, үргүйдэх* гэж үгүй болно”» гэсэн юм. 22 Иймээс Елишагийн хэлснээр ус одоог хүртэл цэвэр байна.
23 Елиша тэндээсээ Бетел рүү явав. Явах замд нь хотоос гарч ирсэн хөвгүүд түүнийг дооглон тохуурхаж «Халзан толгойт оо, эндээс зайл! Халзан толгойт оо, эндээс зайл!» гэж хашхирцгааж байлаа. 24 Эцэст нь Елиша хүүхдүүд рүү эргэж хараад Еховагийн нэрээр хараав. Тэгтэл ойгоос хоёр эм баавгай гарч ирээд хүүхдүүдээс 42-ыг нь тасчиж хаяжээ. 25 Елиша цааш Кармел уул руу явж, тэндээсээ Самари луу буцав.