Хоёрдугаар хаад
16 Ремалиагийн хүү Пекагийн 17 дугаар онд Иудагийн хаан Иотамын хүү Ахаз хаан болсон юм. 2 Тэрбээр 20 насандаа хаан болсон бөгөөд Иерусалимд 16 жил төр барьжээ. Ахаз Еховагийн зөв гэж үздэг зүйлсийг үйлддэг байсан өвөг эцэг Давид шигээ байгаагүй юм. 3 Израйлын хаадын замаар замнаж, тэр байтугай израйлчуудын өмнөөс Еховагийн хөөн зайлуулсан үндэстнүүдийн жигшүүрт зан үйлийг дуурайн хүүгээ тахил болгон галд шатаажээ*. 4 Тэрбээр бас өндөр уулс, толгодын дээр, сүрлэг мод бүрийн доор тахил өргөж, тахилын утаа суунаглуулсаар байлаа.
5 Тэр үед Сирийн хаан Резин болон Ремалиагийн хүү, Израйлын хаан Пека нар Ахазтай дайтахаар ирэв. Тэд Иерусалим хотыг бүсэлсэн ч эзэлж чадаагүй юм. 6 Тухайн үед Сирийн хаан Резин Елатыг эзэлж Едомд буцаан өгөөд Елатад байсан иудейчүүдийг хөөн гаргажээ. Тийнхүү едомчууд Елатад очин, өнөөг хүртэл тэндээ амьдарч байна. 7 Ахаз Ассирийн хаан Тиглат-пилесер лүү элч нараа илгээж «Би бол таны зарц, хүү* тань билээ. Та ирж, над руу дайрч байгаа Сири, Израйлын хаадын савраас намайг авраач» гэж хэлүүлэв. 8 Тэгээд Ахаз Еховагийн өргөө болон хааны ордны эрдэнэсийн сангуудаас олдсон алт мөнгийг Ассирийн хаанд хахууль болгон өгүүлэхээр илгээлээ. 9 Ассирийн хаан хүсэлтийг нь хүлээн авч, Дамаск руу явж эзлээд хүмүүсийг нь Кир лүү цөлж, Резинийг хөнөөжээ.
10 Ингээд Ахаз хаан Ассирийн хаан Тиглат-пилесертэй уулзахаар Дамаскт очив. Тэрбээр тэнд байсан тахилын ширээг хараад загвар, хийцийг нь дүрсэлсэн бүдүүвч зургийг тахилч Уриад илгээжээ. 11 Тахилч Уриа Ахаз хааны Дамаскаас илгээсэн бүх зааврын дагуу тахилын ширээ хийв. Түүнийгээ Ахаз хааныг Дамаскаас буцаж ирэхээс нь өмнө дуусгасан юм. 12 Хаан Дамаскаас буцаж ирээд тахилын ширээг харжээ. Тэгээд тахилын ширээ рүү очоод дээр нь өргөл тахил өргөв. 13 Тэрбээр тэр тахилын ширээн дээр шатаалт тахилууд, идээн өргөлүүдээ өргөж, ундаан өргөлүүдээ асгаж, эвийн тахилуудынхаа цусыг цацав. 14 Тэгээд өөрийнхөө тахилын ширээ болон Еховагийн өргөөний дунд байсан зэс тахилын ширээг Еховагийн өргөөний урдаас холдуулж өөрийнхөө тахилын ширээний хойд талд тавилаа. 15 Ахаз хаан тахилч Уриад тушаан «Том тахилын ширээн дээр өглөөний шатаалт тахил, оройн идээн өргөл, хааны шатаалт тахил, идээн өргөл, бүх ард олны шатаалт тахил, идээн өргөл, ундаан өргөлүүдийг өргө. Бас бүх шатаалт тахил болон бусад бүх тахилын цусыг дээр нь цац. Харин зэс тахилын ширээг яахыг би шийдье» гэжээ. 16 Тахилч Уриа Ахаз хааны тушаасан бүхнийг гүйцэтгэв.
17 Түүнчлэн Ахаз хаан тэрэг тус бүрийн дөрвөн талын хавтангуудыг хэсэглэн буталж, тэрэгнүүдээс усны савнуудыг салган авав. Мөн Тэнгисийг тулгуур нь болох зэс үхрүүдээс буулган авч чулуун шалан дээр тавилаа. 18 Мөн тэрбээр сүмийн ойрхон баригдсан, Амралтын өдөр ашиглах зориулалттай саравчийг нүүлгэж, ордноосоо Еховагийн өргөө рүү ордог үүдээ хаав. Ассирийн хаанаас айсандаа ийн үйлджээ.
19 Ахазын бусад түүх, хийсэн бүхэн нь Иудагийн хаадын түүхийн номд бичигдээгүй гэж үү? 20 Ахаз эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрсож, түүнийг Давидын хотод, эцэг өвгөдийнх нь булшинд оршуулжээ. Түүний оронд хүү Хезекиа* нь хаан болсон юм.