Эхлэл
48 Энэ бүхний дараа Иосефт «Танай аавын бие муу байна» гэж дуулгахад Иосеф хоёр хүү Манассе, Ефраимаа аваад эцэг рүүгээ явлаа. 2 Иаковт «Хүү Иосеф тань иржээ» гэхэд Иаков хамаг хүчээ шавхан орон дээрээ өндийж суув. 3 Тэгээд Иосефт
«Төгс хүчит Бурхан Канаан нутгийн Лузад надад үзэгдэн намайг ерөөсөн юм. 4 Бурхан надад “Би чамайг олон үр хүүхэдтэй, өнөр өтгөн болгоно. Чамайг нэгэн агуу үндэстэн болгож, энэ нутгийг чиний үр удамд үүрдийн эзэмшил болгон өгнө” гэж айлдсан. 5 Намайг чам дээр Египетэд ирэхээс өмнө Египетэд төрсөн чиний хоёр хүү одоо минийх болно. Ефраим Манассе хоёр Реубен Симеон хоёр шиг минийх болно. 6 Харин тэр хоёрын дараа чамаас гарах хүүхдүүд чинийх болно. Тэд ах нарынхаа нэр дор өв авна. 7 Намайг Падданаас гараад Ефрат хүрэх яагаа ч үгүй байтал Канаанд Рахел дэргэд минь нас барж, би түүнийгээ Ефрат буюу Бетлехем хүрэх замд оршуулсан юм» гэж өгүүлжээ.
8 Израйл Иосефын хөвгүүдийг хараад Иосефоос «Эд чинь хэн бэ?» гэж асуухад 9 Иосеф: «Энэ нутагт Бурхны надад хайрласан хөвгүүд» гэж хариулжээ. Тэгэхэд нь Израйл: «Алив, наашаа ойртуул даа. Би ерөөе» гэв. 10 Өтөл буурал Израйлын хараа муудаж, юм үзэхээ байжээ. Иосеф хөвгүүдээ эцэг рүүгээ ойртуулсанд Израйл хөвгүүдийг нь үнсээд тэврэв. 11 Израйл Иосефт «Би чиний царайг дахин харна гэж бодоо ч үгүй явсан. Гэтэл Бурхан надад чиний үр хүүхдүүдийг ч үзүүллээ» гэж хэлэв. 12 Тэгээд Иосеф хоёр хүүгээ Израйлын өвдөг хавиас холдуулаад сөхөрч мөргөжээ.
13 Иосеф хоёр хүүтэйгээ эцэг рүүгээ дөхөж очив. Ингэхдээ Ефраимыг баруун гараараа хөтлөн эцгийнхээ зүүн талд аваачихаар, Манассег зүүн гараараа хөтлөн эцгийнхээ баруун талд аваачихаар дөхөв. 14 Ефраим бага нь атал Израйл баруун гараа сунгаж толгой дээр нь тавив. Харин зүүн гараа Манассегийн толгой дээр тавив. Манассе ууган хүүхэд атал Израйл зориуд ийн тавьжээ. 15 Тэгээд Иосефыг ерөөн
«Миний өвөг эцэг Абрахам, эцэг Исаакийн үйлчилсэн* жинхэнэ Бурхан
Өнөөг хүртэл насаар минь намайг хариулсан миний хоньчин, жинхэнэ Бурхан
16 Намайг бүх зовлонгоос гэтэлгэсэн тэнгэрийн элч энэ хөвгүүдийг ивээх болтугай!
Тэд миний нэрээр, миний өвөг эцэг Абрахам, эцэг Исаакийн нэрээр овоглуулаг
Газар дэлхий дээр үй түм болог» хэмээв.
17 Эцэг нь баруун гараа Ефраимын толгой дээр тавьсан нь Иосефын сэтгэлд нийцсэнгүй. Иймээс эцгийнхээ гарыг Ефраимын толгой дээрээс авч, Манассегийн толгой дээр тавихыг оролдов. 18 Иосеф эцэгтээ «Биш ээ, аав аа. Энэ нь ууган нь. Баруун гараа ууганых нь толгой дээр тавина уу» гэхэд 19 эцэг нь зөрж «Мэдэж байна, хүү минь. Мэдэж байна. Тэр ч гэсэн нэг үндэстэн болно. Тэр ч гэсэн агуу болно. Гэвч дүү нь түүнээс илүү агуу болж, үр хүүхэд нь олон үндэстэнтэй тэнцэхээр үй олон болно» гэж хэлжээ. 20 Израйл тэр өдөр тэднийг ерөөн цааш нь
«Израйлчууд ерөөл хэлэхдээ
“Бурхан чамайг Ефраим шиг, Манассе шиг болгох болтугай” хэмээн чамайг дурдаж байг» гэж хэлжээ.
Ийнхүү Ефраимыг Манассегаас дээгүүр тавьсан юм.
21 Тэгээд Израйл Иосефт «Би удахгүй үхнэ. Гэхдээ Бурхан чамтай үргэлж хамт байж, эцэг өвгөдийн чинь нутагт буцааж аваачна. 22 Харин би чамд ах дүүд чинь өгснөөсөө нэг газар* илүү өгнө. Тэр газрыг би аморичуудтай илд, нумаараа тулалдаж байж авсан юм» гэж хэлжээ.