Даниел
7 Вавилоны хаан Белшазарын нэгдүгээр онд Даниел унтаж байхдаа нэгэн зүүд зүүдэлж үзэгдэл үзэв. Тэрбээр зүүдээ нэгд нэгэнгүй бичиж тэмдэглэжээ. 2 Даниел хэлсэн нь:
«Би шөнө үзэгдэл үзэж байтал дөрвөн зүгээс салхи салхилж* өргөн далайг долгилуулж байлаа. 3 Өөр хоорондоо адилгүй дөрвөн аварга араатан далайгаас гарч ирэв.
4 Эхнийх нь бүргэдийн далавчтай, арслан шиг амьтан байлаа. Намайг харж байтал далавчнуудыг нь сугалан авч түүнийг газраас өргөсөнд хүн шиг хоёр хөл дээрээ зогсов. Түүнд хүнийх шиг зүрх сэтгэл өглөө.
5 Хоёр дахь араатан нь баавгайтай адил бөгөөд нэг хөлөө дээш нь өргөж, шүдэндээ гурван хавирга зуусан байлаа. Тэгтэл “Босоод их мах ид” гэх дуу гарав.
6 Би хараад л байлаа. Тэгтэл нуруундаа шувууных шиг дөрвөн далавчтай атлаа ирвэс шиг амьтан гарч ирэв. Дөрвөн толгойтой энэ араатанд захирах эрх мэдэл өгсөн ажээ.
7 Би шөнө тэр үзэгдлийг үзсээр байсан бөгөөд жихүүдэс хүрмээр, аймшигтай, ер бусын хүчтэй дөрөв дэх араатан гарч ирэхийг харлаа. Том төмөр шүдтэй тэр араатан бүхнийг залгиж, бяцалж, үлдсэнийг нь хөлөөрөө дэвсэлж байв. Тэрбээр өмнөх бүх араатнаас ялгаатай бөгөөд арван эвэртэй ажээ. 8 Тэр эврүүдийг харж байтал дундаас нь өөр нэг жижиг эвэр гарч ирэв. Эхний эврүүдийн гурав нь түүний өмнө сугарч уналаа. Энэ жижиг эвэр хүнийх шиг нүдтэй, бардамнан ярьдаг амтай байв.
9 Дараа нь сэнтийнүүд тавигдаж, Эртний Нэгэн сэнтийдээ залрахыг би харав. Хувцас нь цас шиг цагаан, толгойн үс нь цэвэр ноос шиг байлаа. Сэнтий нь галын дөл, дугуйнууд нь асаж буй гал ажээ. 10 Түүний урдаас гол мөрөн мэт гал урсан гарав. Мянга мянгаараа* түүнд үйлчилж, түм түмээрээ* түүний өмнө зогсож байлаа. Шүүх хурал эхэлж, номууд нээгдэв.
11 Тэр эвэр бардамнан ярьж байсан учир би харсаар байлаа. Тэгтэл араатан алагдаж хүүр нь галд шатан устгагдав. 12 Харин бусад араатны эрх мэдлийг булаахад, тэдний амь нас нэг үе ба нэг улирлаар уртсав.
13 Би шөнө тэр үзэгдлийг цааш нь харж байтал хүний хүү шиг нэгэн, тэнгэрийн үүлтэй ирж, Эртний Нэгэнд бараалхах зөвшөөрөл авав. Түүнийг тэр Нэгний өмнө аваачлаа. 14 Түүнд эрх мэдэл, алдар хүнд, хаант төрийг өгснөөр ард түмнүүд, үндэстнүүд, хэлтнүүд түүнд хүчин зүтгэх ажээ. Түүний засаглал мөнхөд оршин тогтнох бөгөөд хаант төр нь хэзээ ч сөнөхгүй.
15 Даниел би үзсэн үзэгдлээсээ болоод айн түгшиж, энэлэн шаналав. 16 Би тэнд зогсогчдын нэгэнд ойртон очоод энэ бүхэн ямар учиртайг асуулаа. Тэр надад эдгээр зүйлийн учрыг тайлбарлаж өгөв.
17 “Энэ дөрвөн аварга араатан бол дэлхийгээс гарч ирэх дөрвөн хаан юм. 18 Гэвч Хамгийн дээд Нэгний ариун хүмүүс хаант төрийг хүлээн авна. Тэд энэ хаант төрийг үеийн үед үүрд эзэмшинэ”.
19 Би бусдаасаа ялгаатай дөрөв дэх араатны тухай илүү ихийг мэдэхийг хүсэв. Тэр араатан ер бусын аймшигтай, төмөр шүдтэй, зэс хумстай бөгөөд бүгдийг залгиж, хэмхэлж, үлдсэнийг нь хөлөөрөө дэвсэлж байлаа. 20 Би бас түүний толгой дээрх арван эвэр болон сүүлд гарч ирсэн нэг эврийн учрыг мэдэхийг хүссэн юм. Нүдтэй, бардамнан ярьдаг амтай, бусдаасаа илүү том тэрхүү эврийг гарч ирэхэд урьд нь байсан гурван эвэр унасан билээ.
21 Намайг харж байтал тэр эвэр ариун хүмүүстэй дайтан, тэднийг дийлэв. 22 Гэвч дараа нь Эртний Нэгэн ирж, шүүх ажиллагаа явуулан Хамгийн дээд Нэгний ариун хүмүүсийн талд ашигтай шийдвэр гаргалаа. Мөн ариун хүмүүс хаант төрийг эзэмших цаг болов.
23 Тэрбээр хэлсэн нь: “Дөрөв дэх араатан нь дэлхий дээр бий болох дөрөв дэх хаант улс юм. Энэ нь бусад бүх хаант улсаас ялгаатай бөгөөд дэлхий дээрх бүхнийг залгиж, дэвсэлж, хэмхэлнэ. 24 Арван эвэр нь тэр хаант улсаас гарах арван хаан юм. Тэдний араас өөр нэг хаан гарч ирнэ. Тэрбээр эхний хаадаас ялгаатай байх бөгөөд гурван хааныг гутаан доромжилно. 25 Тэрбээр Хамгийн дээд Нэгнийг муулан ярьж, ариун хүмүүсийг нь зовоосоор байх болно. Цаг хугацаа, хуулийг өөрчлөхийг санаархана. Ариун хүмүүс нэг үе, хоёр үе, хагас үеийн* турш эрхшээлд нь байна. 26 Шүүх ажиллагаа эхэлж, тэрбээр эрх мэдлээ алдан, хэзээ ч сэхэхгүйгээр бүрмөсөн устгагдав.
27 Хаант төр, засаглал, тэнгэрийн доорх хаант улсуудын сүр жавхланг Хамгийн дээд Нэгний ариун хүмүүст өглөө. Тэдний хаант төр үүрдийн хаант төр бөгөөд бүх хаант улс тэдний төлөө зүтгэж, үгийг нь дагана”.
28 Миний үзсэн үзэгдэл ийм байлаа. Даниел би бодлоосоо болоод ихэд түгшиж, царай минь цонхийсон юм. Гэлээ ч би үзсэн, сонссон бүхнээ сэтгэлдээ хадгаллаа».