Дуулал
135 Яаг магт*!
Еховагийн нэрийг магт.
Еховагийн зарц нар аа, түүнд магтаал өргө.
2 Та нар бол Еховагийн өргөөнд,
Манай Бурхны өргөөний хашаанд үйлчилдэг хүмүүс билээ.
3 Яаг магт*. Учир нь Ехова бол сайн.
Түүний нэрийг магтан дуул*. Учир нь ингэх нь тааламжтай.
4 Яа өөртөө зориулан Иаковыг сонгож,
Израйлыг тусгай* өмч болгосон.
5 Ехова агуу гэдгийг,
Бидний Эзэн бусад бүх бурхнаас агуу гэдгийг би сайн мэднэ.
6 Ехова тэнгэр, газар, далай ба далайн гүнд
Юу хүссэнээ хийдэг.
7 Тэрбээр дэлхийн хязгаараас үүлсийг хөөргөн
Аянга цахилгаантай бороог илгээж*,
Агуулахаасаа салхи гаргадаг.
8 Тэрбээр Египетэд
Хүн, амьтны бүх ууганыг хөнөөсөн.
9 Тэрбээр Египетэд фараон ба түүний албатуудын нүдэн дээр
Тэмдэг үзүүлж, гайхамшиг үйлдсэн билээ.
10 Тэрбээр олон үндэстнийг бут цохиж,
Хүчирхэг хаадыг хөнөөсөн.
11 Тэдгээр нь аморичуудын хаан Сихон,
Башаны хаан Ог,
Канааны бүх хаант улс юм.
12 Тэдний газар нутгийг өв болгон,
Өөрийн ард түмэн Израйлд өв болгон өгсөн.
13 Ехова минь ээ, таны нэр үүрдийнх.
Ехова минь ээ, таны суу алдар үеийн үед дуурьсагддаг.
14 Ехова ард түмнээ өмгөөлөн хамгаална.
Тэрбээр зарц нараа өрөвдөнө.
15 Үндэстнүүдийн шүтээн бол алт, мөнгө бөгөөд
Хүний гарын бүтээл юм.
16 Тэд амтай боловч ярьдаггүй.
Нүдтэй боловч хардаггүй.
17 Чихтэй боловч сонсдоггүй.
Аманд нь амьсгал ч байдаггүй.
18 Тэдгээрийг бүтээгчид,
Тэдэнд найдагчид бүгдээрээ тийм л болно.
19 Израйлын үр удам аа, Еховаг магт.
Аароны үр удам аа, Еховаг магт.
20 Левийн үр удам аа, Еховаг магт.
Еховагаас эмээгчид ээ, Еховаг магт.
21 Иерусалимд оршин суудаг Ехова
Сионоос магтагдах болтугай.
Яаг магт*!