Исаиа
44 Миний зарц Иаков аа,
Миний сонгосон Израйл аа, одоо сонс.
“Миний зарц Иаков аа,
Миний сонгосон Иешурун* аа, бүү ай.
3 Би цангасан хүнийг* усаар ундаална.
Хуурай газар гол горхи урсгана.
Хүүхдүүдэд чинь агуу хүчээ өгнө.
Хойч үед чинь ивээлээ хайрлана.
4 Тэд ногоон зүлэг шиг,
Голын дэргэдэх улиас шиг ургана.
5 Нэг нь: «Би Еховагийнх» гэж хэлнэ.
Нөгөө нь өөрийгөө Иаковаар овоглоно.
Гурав дахь нь «Би Еховагийнх» гэж гар дээрээ бичнэ.
Тэгээд Израйлын нэрийг өөрийн болгоно”.
6 Еховагийн үгийг сонс.
Израйлын Хаан, Аврагч*, тэнгэрийн цэргийн жанжин Ехова ийн айлдаж байна.
“Би анхных, би сүүлчийнх.
Надаас өөр Бурхан байхгүй.
7 Надтай адил хэн байна вэ?
Байвал үүнийгээ зарлаг! Байгаа гэдгээ хэлж, надад батлаг!
Эртний ард түмнийг бий болгосон цагаас минь хойш
Удахгүй болох зүйлийг ч,
Хараахан болоогүй зүйлийг ч хэлж чадах хэн байна вэ?
8 Зүрхшээх хэрэггүй.
Айж дагжих шаардлагагүй.
Би та бүгдэд үүнийг эртнээс хэлж тунхаглаагүй гэж үү?
Та нар бол миний гэрчүүд.
Надаас өөр Бурхан байна уу?
Үгүй, өөр Хад байхгүй. Би л лав мэдэхгүй”».
9 Шүтээн сийлэгч бүгд юу ч биш,
Нандин шүтээнүүд нь ямар ч ашиггүй.
Тэдгээр* нь гэрч хэр нь юу ч хардаггүй, юу ч мэддэггүй.
Тэдгээрийг бүтээгчид нь шившиг болно.
10 Бурхан бүтээдэг эсвэл төмөр* шүтээн хийдэг хэн боловч
Ашиг тус хүртэхгүй.
11 Түүний хамтрагчид бүгд шившиг болно.
Уран дархчууд бол ердөө л хүмүүс шүү дээ.
Бүгдээрээ цуглан, байраа эзлэг л дээ.
Тэд айдаст автан, шившиг болно.
12 Төмрийн дархан багажаа бариад нүүрсэн дээр төмрөө халаадаг.
Түүнийгээ алхаар цохиж давтан
Шөрмөслөг гараараа ажилладаг.
Дараа нь тэрбээр өлсөж ядардаг.
Уух усгүй тамирддаг.
13 Сийлбэрчин модон дээр шугам татаж, улаан шохойгоор зурдаг.
Модоо харуулдан гортигоор дугуйлдаг.
14 Хуш мод цавчдаг хүн байдаг.
Тэрбээр ойгоос царс мод сонгоод
Ургаж бүдүүрэхийг нь хүлээдэг.
Мөн лаврын мод тарихад бороо түүнийг нь ургуулдаг.
15 Ургасан тэр мод нь түлээ болдог.
Тэрбээр хэсгээс нь авч түлээд дулаацдаг.
Гал өрдөн талх жигнэдэг.
Бас бурхан бүтээж түүнийгээ шүтдэг.
Шүтээн сийлэн түүндээ мөргөдөг.
16 Модныхоо талаар гал түлээд
Мах шарж, цадталаа иддэг.
Мөн биеэ дулаацуулаад
«За, гал үзэж сайхан дулаацлаа» гэдэг.
17 Харин үлдсэнээр нь шүтээн сийлж бурхан бүтээгээд
Сөгдөн мөргөж шүтдэг.
Бас түүндээ залбиран
«Та миний бурхан учир намайг авраач» гэдэг.
18 Тийм хүмүүс юу ч мэддэггүй, юу ч ойлгодоггүй.
Учир нь нүд нь боолттой учраас юу ч хардаггүй.
Тэдэнд* ойлгох чадвар байхгүй.
19 Юм боддог, мэдлэг боловсролтой, ойлгох чадвартай хүн:
«Талаар нь би гал түлж,
Цогшсон нүүрсэн дээр нь талх жигнэж, мах шарж идлээ.
Тэгчхээд үлдсэнээр нь жигшүүрт юм хийж
Модны хэлтэрхийг шүтэх юм гэж үү?» гэж хэлнэ.
Гэвч тийм хүн алга.
20 Тэрбээр үнсээр хооллож,
Хууртсан зүрхнээсээ болж төөрөлдсөн.
Өөрийгөө ч аварч чадахгүй.
«Баруун гарт минь худал хуурмаг байгаа юм биш биз?» гэж хэлдэг ч үгүй.
21 «Иаков аа, Израйл аа, эдгээрийг сана.
Чи бол миний зарц.
Би чамайг бүтээсэн. Чи миний зарц.
Израйл аа, би чамайг мартахгүй.
22 Би чиний гэмийг үүлээр хаах мэт арилгана.
Чиний нүглийг өтгөн үүлээр халхлах мэт зайлуулна.
Над руу буцаж ир. Би чамайг аварна*.
23 Ехова би зорьсондоо хүрсэн тул
Тэнгэр ээ, баярлан хашхир!
Газрын гүн ээ, ялалтын уухай хадаа!
Уул толгод оо, баяс!
Ой мод оо, баярлацгаа!
Ехова би Иаковыг аварсан*.
Израйлд сүр жавхлангаа үзүүлсэн».
24 Чамайг эхийн хэвлийд бий болгосон
Чиний Аврагч* Ехова би ийн айлдаж байна.
«Би бол бүхнийг бүтээсэн Ехова.
Би өөрөө тэнгэрийг сунгаж,
Газрыг дэлгэсэн.
Хэн надтай хамт байсан бэ?
25 Би хоосон чалчигчдын* тэмдгийг юу ч биш болгож,
Мэргэ төлгөчдөөр мунхаг юм хийлгэж,
Ухаантнуудыг төөрөлдүүлж,
Мэдлэгийг нь мунхаглал болгож байна.
26 Би зарцаараа хэлүүлсэн үгээ биелүүлж,
Элч нараараа зөгнүүлсэн бүхнээ гүйцэлдүүлж байна.
Би Иерусалимд “Чи оршин суугчидтай болно”,
Иудагийн хотуудад “Та нарыг сэргээн барина,
Нурангийг чинь би босгоно” гэж хэлж байна.
27 Гүн усанд “Ширгэ,
Би бүх голыг чинь хатаана” гэж хэлж байна.
28 Корешт* “Чи бол миний хоньчин.
Чи хүссэн болгоныг минь бүрэн гүйцэтгэнэ”,
Иерусалимд “Чамайг сэргээн босгоно”,
Сүмд “Чиний суурийг тавина” гэж хэлж байна».