Хоёрдугаар хаад
22 Иосиа найман насандаа хаан болж, Иерусалимд 31 жил төр барив. Эх нь Бозкатын хүн бөгөөд Адаиагийн охин Иедида юм. 2 Иосиа Еховагийн зөв гэж үздэг зүйлсийг үйлдэж, өвөг эцэг Давидынхаа замаар замнан баруун тийш ч, зүүн тийш ч хазайгаагүй билээ.
3 Иосиа хаан 18 дугаар ондоо Мешулламын ач, Азалиагийн хүү, бичээч Шафаныг Еховагийн өргөө рүү явуулахдаа 4 «Тэргүүн тахилч Хилкиа дээр оч. Еховагийн өргөөнд зориулж хүмүүсийн авчирч хаалгачдад өгсөн бүх мөнгийг Хилкиа цуглуулаг. 5 Уг мөнгийг Еховагийн өргөөний ажил хариуцагчдад өгөх ёстой. Тэд мөнгийг аваад Еховагийн өргөөний эвдрэлийг засварлах ажилчдад 6 буюу мужаанууд, барилгачид, чулуучдад өгөг. Ажилчид тэр мөнгийг өргөөг засварлахад хэрэглэх банз, зассан чулуунууд авахад зарцуулна. 7 Тэд итгэл хүлээсэн хүмүүс учраас тэднээс тайлан тооцоо шаардах хэрэггүй» гэжээ.
8 Дараа нь тэргүүн тахилч Хилкиа бичээч Шафанд «Би Еховагийн өргөөнөөс Хуулийн ном оллоо» гэлээ. Тэгээд Хилкиа тэр номыг Шафанд өгч уншуулав. 9 Бичээч Шафан хаан дээр очиж «Албатууд тань Еховагийн өргөөнөөс олдсон бүх мөнгийг авч, өргөөний ажил хариуцагчдад өгсөн» гэв. 10 Бас бичээч Шафан хаанд хандан «Надад тахилч Хилкиа нэг ном өгсөн» гэв. Тэгээд Шафан номыг хаанд уншиж өгчээ.
11 Хаан Хуулийн номоос сонсмогцоо хувцсаа хүү татав. 12 Тэгээд тахилч Хилкиа, Шафаны хүү Ахикам, Микаиагийн хүү Ахбор, бичээч Шафан, хааны албат Асаиа нарт тушаан 13 «Явж, Хуулийн номд бичигдсэн зүйлсийн талаар миний төлөө, энэ нутгийн ард олны төлөө, иудачуудын төлөө Еховагаас асууж лавла. Эцэг өвгөд маань энэ номын үгсийг дагаагүй, бид бүхний төлөө бичигдсэн бүхнийг сахиагүй учраас Еховагийн уур хилэн бидний эсрэг дүрэлзэн шатаж байна» хэмээв.
14 Иймээс тахилч Хилкиа, Ахикам, Ахбор, Шафан, Асаиа нар Иерусалимын хоёрдугаар дүүрэгт амьдардаг зөнч эмэгтэй Хулда дээр очиж уулзжээ. Хулда нь Шаллумын эхнэр байв. Шаллум нь Хархасын ач, Тиквагийн хүү бөгөөд тусгай хувцаснуудыг хариуцдаг* байлаа. 15 Хулда тэдэнд «Израйлын Бурхан Ехова ийн айлдаж байна. “Та нарыг над руу явуулсан хүнд 16 «Ехова ингэж айлдаж байна. “Би энэ газар, эндхийн оршин суугчид дээр гай гамшиг буулган Иудагийн хааны өмнө уншиж өгсөн номын бүх үгсийг биелүүлнэ. 17 Тэд намайг орхиж, гарынхаа үйлсээр намайг уурлуулахын тулд өөр бурхдад зориулан тахилын утаа суунаглуулж байгаа учраас миний уур хилэн энэ газрын эсрэг дүрэлзэн шатаж унтрахгүй”» гэж хэл. 18 Ехова надаас асуулгахаар та нарыг явуулсан Иудагийн хаанд бас ингэж хэл. «Чиний сонссон үгсийн тухайд Израйлын Бурхан Ехова би: 19 “Энэ газар болон оршин суугчдынх нь талаар миний айлдсан «Тэдэнд хараал хүрэх бөгөөд тэднийг харсан хүмүүс гайхан цочирдоно» гэсэн үгийг чи сонсоод зүрх сэтгэлээ зөөллөж, Ехова миний өмнө өөрийгөө даруу болгон, хувцсаа урж, уйлсан. Тиймээс би ч бас чамайг сонссон гэж Ехова би айлдаж байна. 20 Тэгэхээр миний энэ газрын дээр буулгах гай гамшгуудыг чи үзэхгүй. Би чамайг эцэг өвгөдийн чинь нэгэн адил нойрсуулж, чи булшиндаа амар тайван орох болно” хэмээн айлдаж байна» гэж хэл”» гэлээ. Ингээд тэд хаанд үүнийг айлтгажээ.