Хоёрдугаар хаад
23 Дараа нь хаан хүн явуулж Иуда, Иерусалимын ахлагчдыг бүгдийг нь дуудуулж цуглуулав. 2 Тэгээд хаан Иудагийн бүх эрчүүд, Иерусалимын оршин суугчид бүгдээрээ, тахилчид, зөнчид гээд хүүхэд хөгшид гэлгүй бүх хүнтэй хамт Еховагийн өргөө рүү явлаа. Тэрбээр тэдэнд Еховагийн өргөөнөөс олдсон гэрээний номд бичигдсэн бүхнийг уншиж сонсгов. 3 Хаан баганын хажууд зогсоод Еховагийн өмнө гэрээ байгуулжээ*. Ингэхдээ тэрбээр Еховад дуулгавартай байж, тушаал, сануулга, зарлигуудыг нь чин сэтгэлээсээ, бие сэтгэлээ зориулан байж сахин, тэрхүү гэрээний номд бичигдсэн бүхнийг дагахаа амласан юм. Ард олон ч бас тэр гэрээг сахихаа амлажээ.
4 Хаан дараа нь тэргүүн тахилч Хилкиа, дэд тахилчид, хаалгачдад тушаал өгөөд Баал, ариун шон*, тэнгэрийн эрхэст зориулж хийсэн бүх сав суулгыг Еховагийн сүмээс гаргуулав. Тэгээд тэрбээр тэдгээрийг Иерусалимын гадна Кидроны хөндийд шатааж, үнсийг нь Бетелд аваачиж хаялаа. 5 Түүнээс гадна Иудагийн хаадын томилсон, Иудагийн хотууд болон Иерусалимын эргэн тойрон дахь мөргөлийн өндөрлөгүүд дээр тахилын утаа суунаглуулдаг байсан хуурамч бурхдын тахилчдыг ажилгүй болгов. Мөн Баал, нар, сар, нарны зам дээрх оддын орд, бусад оддод тахилын утаа суунаглуулдаг байсан хүмүүсийг ч Иосиа хаан ажилгүй болгосон юм. 6 Тэрбээр ариун шонг Еховагийн өргөөнөөс авч, Иерусалимын захад, Кидроны хөндийд аваачаад шатааж нунтаглан, энгийн ард олны булшин дээгүүр цацжээ. 7 Түүнээс гадна Еховагийн өргөөнд байсан, сүмийн янхан эрчүүдийн байрыг нураасан юм. Тэнд эмэгтэйчүүд ариун шонд зориулан майхан сүмүүд нэхэж байлаа.
8 Иосиа Иудагийн хотуудаас бүх тахилчийг гарахыг тушаагаад тэдгээр тахилчийн өргөл тахил өргөж байсан мөргөлийн өндөрлөгүүдийг Гебагаас Беершеба хүртэл шүтлэг мөргөл үйлдэхийн аргагүй болгов. Бас хотын дааман хаалгаар орж буй хүний зүүн талд байрлах, хотын захирагч Иошуагийн дааман хаалганы өмнөх мөргөлийн өндөрлөгүүдийг эвдэлж нураажээ. 9 Тэдгээр мөргөлийн өндөрлөгийн тахилчдыг Иерусалим дахь Еховагийн тахилын ширээний дэргэд үйлчлэхийг хориглосон ч исгээгүй талхнаас ах дүүстэйгээ идэхийг нь хориглоогүй юм. 10 Бас Иосиа ямар ч хүнийг хүү юм уу охиноо Молехт зориулж галд бүү шатаагаасай* гэсэндээ Хинномын хөвгүүдийн хөндий* дэх Тофетыг шүтлэг мөргөл үйлдэхийн аргагүй болгов. 11 Мөн нарны шүтлэгт зориулан Иудагийн хаадын өгч байсан морьдыг цаашдаа багануудын ойролцоох, түшмэл Натан-мелехийн танхимаар* дамжуулан Еховагийн өргөө рүү оруулахыг хориглосон юм. Тэдгээр морийг хөллөдөг байсан, наранд зориулсан тэрэгнүүдийг шатаажээ. 12 Түүнээс гадна Ахазын дээд танхимын дээвэр дээр Иудагийн хаадын босгосон тахилын ширээнүүдийг болон Еховагийн өргөөний хоёр хашаанд Манассегийн босгосон тахилын ширээнүүдийг нураав. Тэгээд буталж нунтаглаад Кидроны хөндий рүү цацжээ. 13 Иосиа хаан бас Иерусалимын урд, Мөхлийн уулын* өмнө* талд байсан мөргөлийн өндөрлөгүүдийг шүтлэг мөргөл үйлдэхийн аргагүй болгов. Израйлын хаан Соломон тэдгээр мөргөлийн өндөрлөгийг сидончуудын жигшүүрт охин тэнгэр Ашторет, Моабын жигшүүрт бурхан Хемош, аммончуудын жигшүүрт бурхан Милкомд зориулан барьж байсан юм. 14 Иосиа ариун багануудыг хэмхэлж, ариун шонгуудыг цавчин унагааж тэр газрыг хүний ясаар дүүргэжээ. 15 Түүнээс гадна Израйлаар нүгэл үйлдүүлсэн, Небатын хүү Иеробоамын босгосон Бетел дэх тахилын ширээ, мөргөлийн өндөрлөгийг эвдэн сүйтгэсэн юм. Тэгээд тэнд байсан бүх юмыг хумхын тоос болтол нь шатааж нунтагласан ба ариун шонг нь ч бас шатаажээ.
16 Иосиа эргэн тойрноо харснаа уулан дээрх булшнуудыг үзээд хүн явуулж, тэр булшнуудаас яснуудыг нь авчруулаад Бетел дэх тахилын ширээн дээр шатааж, уг тахилын ширээг бузарлав. Ийм явдал болно гэдгийг жинхэнэ Бурхан Ехова өмнө нь зөнчөөрөө тунхаглуулж байсан бөгөөд тэр дагуу болсон юм. 17 Тэгээд Иосиа: «Тэнд нэг булш байна. Хэний булш вэ?» гэхэд хотынхон: «Жинхэнэ Бурхны хүний булш. Тэр хүн Иудагаас ирээд, Бетелийн тахилын ширээнд таны үйлдсэн энэ бүх зүйлийг урьдаас хэлж байсан билээ» гэлээ. 18 Тэгэхэд нь Иосиа: «Тэгвэл зүгээр орхичих. Ясанд нь хэн ч битгий хүрэг» гэжээ. Тиймээс хэн ч ясанд нь хүрээгүй бөгөөд Самариас ирсэн зөнчийн ясыг ч хөндсөнгүй.
19 Иосиа Самарийн хотууд дахь мөргөлийн өндөрлөгүүд дээрх сүм дугануудыг бүгдийг нь нураав. Тэдгээрийг Израйлын хаад барьж байгуулан Бурхныг хилэгнүүлсэн юм. Иосиа Бетел дэх мөргөлийн өндөрлөгийг сүйтгэсэн шигээ тэдгээр мөргөлийн өндөрлөгийг сүйтгэсэн билээ. 20 Тэгээд тэдгээр мөргөлийн өндөрлөгийн бүх тахилчийг тахилын ширээнүүд дээр шатаав. Бас хүмүүсийн яснуудыг шатаасан юм. Дараа нь Иосиа Иерусалим руу буцав.
21 Иосиа хаан ард олонд «Энэхүү гэрээний номд бичигдсэн ёсоор, Ехова Бурхандаа зориулан Дээгүүр өнгөрөх баяр тэмдэглэ» гэж тушаажээ. 22 Израйлыг шүүгчид захирч байх үед ч, Израйл болон Иудагийн хаадын үед ч Дээгүүр өнгөрөх баярыг ийнхүү тэмдэглэж байсан удаагүй билээ. 23 Харин Иосиа хааны 18 дугаар онд Дээгүүр өнгөрөх баярыг Еховад зориулж Иерусалимд ийнхүү тэмдэглэсэн юм.
24 Түүнчлэн Еховагийн өргөөнөөс тахилч Хилкиагийн олсон Хуулийн номд бичигдсэн бүхнийг биелүүлэхийн тулд Иосиа Иуда, Иерусалимын нутгаас сүнс дуудагчид, мэргэ төлгөчид, терафим*, жигшүүрт шүтээнүүд*, бусад аливаа бузар зүйлсийг зайлуулсан юм. 25 Иосиагаас өмнө ч, Иосиагаас хойш ч түүн шиг Ехова Бурхныг эрэлхийлсэн, Мосегийн хуулийн дагуу Бурханд бүхий л зүрх сэтгэл, хүч чадал, амь амьдралаа зориулан үйлчилсэн хаан байгаагүй юм.
26 Хэдий тийм боловч Ехова Бурхан Иудад уурлан хилэгнэсэн хэвээрээ байлаа. Учир нь Манассе асар их бузар мууг үйлдэн түүнийг хилэгнүүлсэн юм. 27 Ехова: «Би Израйлыг мэлмийнхээ өмнөөс зайлуулсан шигээ Иудаг ч бас зайлуулна. Би өөрийнхөө сонгосон Иерусалим хот болон “Миний нэр үргэлж тэнд байна” гэж айлдсан өргөөгөө хөсөр хаяна» хэмээсэн юм.
28 Иосиагийн бусад түүх, хийж бүтээсэн бүхэн нь Иудагийн хаадын түүхийн номд бичигдээгүй гэж үү? 29 Иосиагийн үед Египетийн хаан фараон Неко Ассирийн хаанд туслахаар Евфрат мөрөн рүү явжээ. Тэгэхэд Иосиа хаан Некотой тулалдахаар очсонд Неко түүнийг хараад Мегиддод хөнөөв. 30 Иймд Иосиагийн зарц нар цогцсыг нь морин тэргэнд ачаад Мегиддогоос Иерусалимд аваачин булшинд нь оршуулжээ. Дараа нь Иудагийн ард түмэн Иосиагийн хүү Иехоахазыг тосолж, эцгийнх нь оронд хаан болгов.
31 Иехоахаз 23 насандаа хаан болж, Иерусалимд гурван сар төр барьжээ. Түүний эх нь либна хүн бөгөөд Иеремиагийн охин Хамутал юм. 32 Иехоахаз эцэг өвгөд шигээ Еховагийн бузар муу гэж үздэг зүйлсийг үйлдэв. 33 Фараон Неко нь Иехоахазыг Иерусалим дахь хаан ширээнээс нь буулгаад Хамат дахь Риблад хорьжээ. Мөн Иудад 100 талант* мөнгө, нэг талант алтны торгууль ноогдуулав. 34 Фараон Неко бас эцэг Иосиагийнх нь оронд хүү Елиакимыг нь хаан болгож, нэрийг нь Иехоиаким хэмээн өөрчилсөн юм. Харин Иехоахазыг Египетэд аваачсан бөгөөд Иехоахаз тэндээ нас нөгчжээ. 35 Иехоиаким фараонд алт мөнгө өгчээ. Харин фараоны шаардсан мөнгийг өгөхийн тулд ард олноос татвар авав. Тэрбээр фараон Некод өгөх гэж Иудагийн бүх хүнээс тодорхой хэмжээний алт мөнгө авсан юм.
36 Иехоиаким 25 насандаа хаан болж, Иерусалимд 11 жил төр барьжээ. Эх нь рума хүн бөгөөд Педаиагийн охин Зебида юм. 37 Тэрбээр эцэг өвгөд шигээ Еховагийн бузар муу гэж үздэг зүйлсийг хийсээр байлаа.