Хоёрдугаар хаад
24 Иехоиакимын үед Вавилоны хаан Небухаднезар халдан ирсэн бөгөөд Иехоиаким түүнд гурван жил боолчлогдов. Гэвч дараа нь тэрслэн босжээ. 2 Тэгэхэд Ехова Иехоиаким руу халдейчууд, сиричүүд, моабчууд, аммончуудын дээрмийн бүлгүүдийг явуулав. Ехова зөнч үйлчлэгчдээрээ хэлүүлж байснаараа Иудаг устгахын тулд тэдгээр дээрмийн бүлгийг явуулсан юм. 3 Энэ бүхэн Еховагийн тушаалаар болсон бөгөөд тэрбээр Иудаг мэлмийнхээ өмнөөс зайлуулахаар шийдсэн юм. Учир нь Манассе асар их нүгэл үйлдэж, 4 гэмгүй хүмүүсийн цусыг урсгаж Иерусалимыг цусаар бялджээ. Иймээс Ехова уучлахыг хүсээгүй юм.
5 Иехоиакимын бусад түүх, хийсэн бүхэн нь Иудагийн хаадын түүхийн номд бичигдээгүй гэж үү? 6 Иехоиаким эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрсож, оронд нь хүү Иехоиахин нь хаан болов.
7 Вавилоны хаан Египетийн сайраас* Евфрат мөрөн хүртэлх Египетийн хааны мэдэлд байдаг бүхнийг авсан тул Египетийн хаан газар нутгаасаа дахиж гараагүй юм.
8 Иехоиахин 18 настайдаа хаан болж, Иерусалимд гурван сар төр барив. Эх нь Иерусалимынх бөгөөд Елнатаны охин Нехушта юм. 9 Иехоиахин эцэг шигээ Еховагийн бузар муу гэж үздэг зүйлсийг үйлдсээр байлаа. 10 Тэр үед Вавилоны хаан Небухаднезарын албатууд Иерусалим руу довтолж, бүслэв. 11 Албатууд нь хотыг тийнхүү бүсэлж байх үед Вавилоны хаан Небухаднезар хүрч очжээ.
12 Иудагийн хаан Иехоиахин өөрийнхөө ээж, албатууд, түшмэд*, нэр нөлөө бүхий бусад хүнийг дагуулаад Вавилоны хаан дээр очив. Ийнхүү Вавилоны хаан түүнийг төр барьсныхаа найм дахь жилд олзлон авчээ. 13 Тэгээд Еховагийн өргөө болон хааны ордноос бүх эрдэнэсийг авав. Тэрбээр Еховагийн өргөөнд байсан, Израйлын хаан Соломоны хийсэн бүх алтан эд хэрэгслийг хэдэн хэсэг болгон эвджээ. Энэ нь яг Еховагийн зөгнөснөөр болов. 14 Тэрбээр Иерусалим дахь бүх хүнийг буюу түшмэд, хүчит дайчид, гар урчууд, дархчууд* гээд нийт 10 000 хүнийг цөллөгт авч явав. Нутгийн үгээгүй ядуусаас бусдыг нь бүгдийг нь авч явсан юм. 15 Ийнхүү тэрбээр Иехоиахиныг Вавилон руу цөллөгт авч явав. Бас Иехоиахин хааны ээж, эхнэрүүд, түшмэд, нутгийн нөлөө бүхий бусад хүнийг Иерусалимаас Вавилон руу цөллөгт авч явсан юм. 16 Вавилоны хаан 7 000 дайчин эрс, 1 000 гар урчууд ба дархчууд гээд дайн тулаанд бэлтгэгдсэн бүх хүчит эрсийг цөллөгт авч явсан билээ. 17 Вавилоны хаан нь Иехоиахины оронд авга дүү Маттаниаг нь хаан болгож, нэрийг нь Зедекиа хэмээн өөрчилжээ.
18 Зедекиа 21 насандаа хаан болж, Иерусалимд 11 жил төр барив. Эх нь либна хүн бөгөөд Иеремиагийн охин Хамутал юм. 19 Зедекиа Иехоиакимын нэгэн адил Еховад таалагддаггүй хэргийг үйлдсээр байлаа. 20 Энэ бүх явдал Иуда, Иерусалимд болсон нь Еховагийн хилэнг хөдөлгөсөн тул тэрбээр оршин суугчдыг нь мэлмийнээсээ зайлуулсан юм. Зедекиа бас Вавилоны хаанд тэрсэлсэн ажээ.