Исаиа
61 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова агуу хүчээ надад өгсөн.
Ехова номхон даруу хүмүүст сайн мэдээ тунхаглуулахаар намайг томилсон*.
Тэрбээр намайг илгээсэн нь шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээж,
Олзны хүмүүст эрх чөлөөтэй болохыг нь тунхаглаж,
Хоригдлуудад дахин хардаг болохыг нь мэдэгдэж,
2 Еховагийн өршөөлийн жил,
Бурхны маань өшөө авалтын өдөр болсныг зарлаж,
Гашуудаж буй бүх хүнийг тайвшруулан,
3 Сионы төлөө гашуудаж байгаа хүмүүсийг халамжлан
Үнснийх нь оронд толгойн гоёл,
Уй гашуугийнх нь оронд баяр баяслын тос,
Гутарсан сэтгэлийнх нь оронд магтаалын хувцас өгөхийн тулд юм.
Тэднийг зөв шударгын том мод гэж нэрлэнэ.
Өөрийгөө алдаршуулахын* тулд Еховагийн суулгасан мод гэж дуудна.
4 Тэд эртний балгасуудыг сэргээн босгоно.
Дээр үед эзгүйрсэн газруудыг сэргээнэ.
Үеийн үед эзгүй байсан,
Сүйрсэн хотуудыг дахин барьж байгуулна.
5 «Танихгүй хүмүүс хонин сүргийг чинь хариулна.
Харь элгийн хүмүүс танай тариачид, усан үзмийн тариаланчид болно.
6 Харин та нарыг Еховагийн тахилчид,
Манай Бурхны үйлчлэгчид гэж дуудна.
Та нар үндэстнүүдийн баялгийг эдэлж,
Тэдний суу алдраар* сайрхана.
7 Та нар шившиг болохоо больж, хоёр дахин их хувь хүртэнэ.
Миний ард түмэн гутамшиг болохоо больж, хувиа аваад баяртайгаар хашхирна.
Газар нутаг дээрээ хоёр дахин их хувийг эзэмшинэ.
Тэд үүрд мөнхөд баярлан баясна.
8 Ехова би шударга ёсыг хайрлаж,
Дээрэм тонуул, зөв бус явдлыг үзэн яддаг.
Би тэдэнд хөлсийг нь шударгаар өгнө.
Тэдэнтэй мөнхийн гэрээ байгуулна.
9 Тэдний үр удам үндэстнүүдийн дунд,
Тэдний үр хойч ард түмнүүдийн дунд алдаршина.
Тэднийг харсан бүхэн
Еховагийн ивээлийг хүртсэн үр удам гэдгийг нь ойлгоно».
10 Би Еховад ихэд баярлана.
Бурхандаа зүрх сэтгэлийнхээ угаас баясна.
Сүйт залуу тахилчийнх шиг малгай өмсдөгийн адил,
Сүйт бүсгүй гоёл чимэглэлээр гоёдгийн адил,
Тэр надад авралын хувцсыг өмсгөж,
Зөв шударгын нөмрөгийг нөмөргөсөн юм.
11 Суулгасан үрийг газар нь соёолуулж,
Тарьсан ургамлыг цэцэрлэг нь ургуулдгийн адил
Хэмжээгүй эрхт Эзэн Ехова
Бүх үндэстний өмнө зөв шударга хийгээд алдар магтаалыг бий болгоно.