Даниел
11 Би меде хүн Дариусын засаглалын анхдугаар онд түүнийг* дэмжиж, зоригжуулахаар очсон юм. 2 Одоо миний хэлэх зүйл үнэн.
Персэд дахин гурван хаан гарч ирнэ. Дөрөв дэх нь бусдаасаа илүү их эд баялаг цуглуулна. Тэрбээр эд баялгийнхаа ачаар хүчирхэгжээд бүхнийг Грекийн хаант улсын эсрэг турхирна.
3 Асар их эрх мэдэлтэй хүчирхэг хаан гарч ирэн хүссэн бүхнээ хийнэ. 4 Түүнийг хүчирхэг болмогц хаант улс нь задран унаад дөрвөн зүгт тарж бутарна*. Гэвч энэ нь түүний үр удамд очихгүй бөгөөд түүний засаглалын үеийнх шиг хүчтэй байхгүй. Хаант улс нь нуран унаж* бусдын мэдэлд шилжинэ.
5 Ноёдынх нь нэг болох өмнөдийн хаан хүчирхэгжинэ. Гэвч өөр нэг нь хүч чадлаараа түүнийг давж асар их эрх мэдэлтэйгээр, түүнээс ч илүү эрх мэдэлтэйгээр захирна.
6 Хэдэн жилийн дараа тэд түншилж хэлэлцээр хийх бөгөөд өмнөдийн хааны охин умардын хаан дээр очно. Гэвч охин хүч чадлаа алдана. Хаан бас хүч чадлаа алдана. Охин болон охиныг авчирсан хүмүүс, охины эцэг, мөн тэр үед түүнийг дэмжиж байсан нэгэн бусдын гарт орно. 7 Тэр охины үндэснээс гарсан нахиа эцгийнхээ орыг залгана. Тэгээд умардын хааны их цэрэг болон бэхлэлтийн өөдөөс явж тэдэнтэй тулалдан ялна. 8 Тэрбээр тэдний бурхад, цутгамал шүтээнүүд, алт мөнгөөр хийсэн үнэт эдлэл, олзны хүмүүсийг аваад Египет рүү буцна. Тэгээд умардын хааныг хэдэн жил тайван орхино. 9 Умардын хаан өмнөдийн хаан руу довтлох боловч дараа нь нутаг буцна.
10 Түүний хөвгүүд аян дайнд бэлдэж асар олон цэрэг цуглуулна. Тэрбээр урагш давшин газар нутгийг үер мэт хаман одно. Гэвч буцаж явах бөгөөд цайздаа очтолоо тулалдана.
11 Өмнөдийн хаан уурлан хилэгнэж, түүнтэй буюу умардын хаантай тулалдахаар явна. Тэрбээр* үй олон хүн цуглуулах боловч тэр хүмүүс нь нөгөө хааны гарт орно. 12 Хаан тэднийг авч явна. Тэрбээр бардам болж, хэдэн арван мянган хүнийг хөнөөнө. Гэхдээ давуу байдлаа ашиглахгүй.
13 Умардын хаан буцаж яваад анхныхаасаа олон хүн цуглуулна. Хэсэг хугацааны дараа буюу хэдэн жил өнгөрөхөд тэрбээр нөөц хангамж сайтай асар их цэрэгтэй ирнэ. 14 Тэр үед олон хүн өмнөдийн хааныг эсэргүүцэн босно.
Ард түмний чинь дундах харгис хүмүүс* бусдын нөлөөнд автан нэг үзэгдлийг биелүүлэх гэж оролдох боловч бүтэлгүйтнэ.
15 Умардын хаан ирж бүслэлтийн далан босгож, цайз хэрэмтэй хотыг эзэлнэ. Өмнөдийн цэргүүд ч, шилдэг эрс нь ч сөрөн зогсож чадахгүй. Эсэргүүцэх хүч тэдэнд байхгүй. 16 Өмнөдийн хааныг эсэргүүцэн боссон хүн хүссэнээ хийнэ. Түүнийг хэн ч эсэргүүцэж чадахгүй. Тэрбээр Үзэсгэлэнт нутагт ноёрхлоо тогтоох ба дайснаа сөнөөх хүч чадалтай байна. 17 Тэрбээр хаант улсынхаа цэргийн хүчийг бүрэн дайчлан гарч ирэхээр шийдэх ба тэр хаантай хэлэлцээр хийж, бодсон зүйлээ хэрэгжүүлнэ. Охиныг сүйрүүлэхийг түүнд зөвшөөрнө. Тэр охин амжилт олохгүй. Тэрбээр түүнд үнэнч байхаа болино. 18 Хаан эрэг хавийн нутгуудад санаархаж, олон газрыг эзлэн авна. Гэвч нэг жанжин омгийг нь дарахад тэрбээр бардамнахаа болино. Ийнхүү бардам дээрэнгүй зан гаргаж байсан хаан өөрөө доромжлогдоно. 19 Дараа нь нутгийнхаа цайзууд руу буцаж очоод бүдэрч унан үгүй болно.
20 Гайхамшигт хаант улсаар дамжин өнгөрүүлэхээр алба гувчуур нэхэгчийг* илгээх хүн түүний байрыг эзэлнэ. Тэрбээр хэдхэн өдрийн дараа үхнэ. Гэхдээ уур хилэн, дайн дажны улмаас биш юм.
21 Жигшил төрүүлсэн* нэгэн нь түүний орыг эзэлнэ. Хаант улсын сүр хүчийг түүнд өгөхгүй. Тэрбээр тайван цагт* ирээд зальжин аргаар* засгийн эрхийг гартаа авна. 22 Үерийн ус шиг их цэрэг түүнд ялагдана. Гэрээний Удирдагч бас тэдэн шиг устгагдана. 23 Тэд түүнтэй эвсэн нэгдэх боловч тэрбээр хууран мэхэлсээр байх бөгөөд нэгэн жижиг үндэстний ачаар хүчирхэг болно. 24 Тэрбээр мужийн хамгийн чинээлэг нутгуудад тайван цагт* очиж эцэг өвгөдийнхөө хийж байгаагүй зүйлийг хийнэ. Дээрэмдсэн, олзолсон зүйлс, эд баялгийг ард түмэнд тараана. Бэхлэгдсэн газрууд руу дайрахаар төлөвлөх боловч энэ нь түр зуурынх байх юм.
25 Тэрбээр их цэргээ удирдан өмнөдийн хаантай тулалдахаар хүчээ нөөж, зүрхээ чангална. Өмнөдийн хаан дайнд бэлтгэж асар олон, хүчирхэг цэрэг цуглуулна. Гэвч тэрбээр* хорон төлөвлөгөөний золиос болох учраас ноёрхлоо тогтоож чадахгүй. 26 Тансаг хоолноос нь хүртэж байсан хүмүүс түүнийг хорооно.
Их цэрэг нь үерийн усанд арчигдах мэт үгүй болж, олон хүн алагдана.
27 Энэ хоёр хаан сэтгэлдээ бузрыг сэднэ. Тэд нэг ширээнд суугаад бие биедээ худал хэлнэ. Гэсэн ч амжилт олохгүй. Учир нь төгсгөл товлосон цагт л болох юм.
28 Тэрбээр* их хэмжээний эд баялаг аваад нутаг буцах ба ариун гэрээг эсэргүүцэхээр шийднэ. Бодсон зүйлээ хэрэгжүүлэх ба нутаг буцна.
29 Товлосон цагт тэрбээр* эргэж ирээд өмнөд рүү довтолно. Гэвч энэ удаа урьдынх шигээ байхгүй. 30 Киттимийн хөлөг онгоцнууд түүн рүү дайрах бөгөөд тэрбээр шалдаа бууна.
Тэрбээр буцаж яваад ариун гэрээнд уураа гаргаж, бодсон зүйлээ хэрэгжүүлнэ. Тэрбээр буцаж яваад ариун гэрээг орхигчдыг ивээлдээ багтаана. 31 Тэрбээр их цэрэг* илгээнэ. Тэд ариун газар буюу цайзыг бузарлаж, өдөр бүрийн тахилыг болиулна.
Сүйрүүлэх бузар юмыг тавина.
32 Тэрбээр гэрээг зөрчин бузар юм хийдэг хүмүүсийг хууран мэхэлж* тэрс явдалд турхирна. Харин Бурхнаа мэддэг ард түмэн хүчирхэг болж амжилт олно. 33 Хэрсүү ухаантнууд олон хүнд зааж сургана. Тэд хэдэн өдөр илдэнд өртөж, дөлөнд хуйхлагдан, олзлогдож, тонуулснаасаа болоод зовно*. 34 Тэднийг зовж байхад багахан тусламж ирнэ. Олон хүн худал үг хэлж* тэдэнтэй нэгдэнэ. 35 Хэрсүү ухаантнуудын зарим нь зовно. Үүний дүнд ард түмэн цэвэршүүлэгдэж, ариусаж, хир буртгаасаа сална. Энэ нь төгсгөлийн цаг үе хүртэл үргэлжилнэ. Товлосон цагт болно.
36 Хаан хүссэн бүхнээ хийж, өөрийгөө бүх бурхны дээгүүр өргөмжилнө. Тэрбээр бурхдын Бурхныг эсэргүүцэн гайхмаар зүйлийг ярина. Уур хилэнгийн цаг үе дуустал амжилт олно. Учир нь тогтоогдсон зүйл болох ёстой. 37 Тэрбээр эцэг өвгөдийнхөө Бурхныг ч, эмэгтэйчүүдийн хүслийг ч, өөр ямар ч бурхныг үл хүндэтгэж, өөрийгөө бүхнээс дээгүүр өргөмжилнө. 38 Мөн цайзуудын бурханд алдрыг өргөнө. Эцэг өвгөдийнхөө мэддэггүй байсан бурхныг алт, мөнгө, үнэт чулуу, эрдэнийн зүйлсээр алдаршуулна. 39 Тэрбээр хамгийн сайн бэхлэгдсэн цайзууд руу харийн бурхны тусламжаар* довтолж амжилт олно. Өөрийг нь хүлээн зөвшөөрсөн хүмүүсийг* алдаршуулан дуурьсгаж, тэднээр олон хүнийг захируулна. Мөн үнэ хөлсөөр газар олгоно.
40 Төгсгөлийн цаг үед өмнөдийн хаан түүнтэй тулалдана*. Умардын хаан дайны тэрэг, морьтнууд, олон хөлөг онгоцтойгоо түүн рүү дайрна. Тэрбээр газар нутгууд руу цөмрөн орж үер адил арчин хаяна. 41 Мөн Үзэсгэлэнт нутаг руу дайрна. Олон газар нутаг эзлэгдэнэ. Гэвч Едом, Моаб болон аммончуудын гол гол газар түүний гараас мултарна. 42 Тэрбээр олон газрыг эзэлсээр байх болно. Египет ч түүний гараас мултрахгүй. 43 Тэрбээр нуусан эрдэнэс, алт, мөнгө, Египетийн бүх эд баялгийг эзэмшинэ. Ливичүүд, етиопчууд түүнийг дагана.
44 Гэвч тэрбээр зүүн* ба хойд зүгээс ирсэн мэдээнд түгших бөгөөд олон хүнийг устгаж хүйс тэмтрэхээр уур хилэнгээ бадруулсаар гарна. 45 Их тэнгис, Үзэсгэлэнт нутгийн ариун уулын хооронд сүрлэг* майхнуудаа босгоно. Тэрбээр эцэстээ устгагдана. Түүнд туслах хэн ч байхгүй.