Хоёрдугаар хаад
8 Елиша өөрийнхөө амилуулж байсан хүүгийн эхэд «Ехова энэ нутгийнхныг долоон жил өлсгөлөнд нэрвэгдэнэ гэж айлдсан. Тиймээс чи гэрийнхнээ аваад хаана амьдарч болмоор байна тийшээ шалавхан яв» гэжээ. 2 Тэгэхэд нь тэр эмэгтэй жинхэнэ Бурхны хүний хэлснээр шалавхан гэрийнхнээ аваад явж Филистийн нутагт очиж долоон жил амьдрав.
3 Долоон жилийн эцэст эмэгтэй Филистийн нутгаас буцаж ирээд гэр орон, талбайнхаа талаар хаанд хүсэлт гаргахаар явлаа. 4 Хаан жинхэнэ Бурхны хүний туслах Гехазитай ярьж байв. Хаан түүнээс «Елишагийн үйлдсэн бүх агуу зүйлсийг ярьж өгөөч» гэжээ. 5 Үхсэн хүнийг хэрхэн амилуулсныг нь Гехази ярьж байх үед Елишагийн амилуулсан хүүгийн эх гэр орон, талбайнхаа талаар хүсэлт гаргахаар хаан дээр ирэв. Гехази хаанд «Эзэн хаантан минь, энэ бол нөгөө эмэгтэй, энэ бол Елишагийн амилуулсан хүү» гэжээ. 6 Тэгэхэд нь хаан эмэгтэйгээс юу болсныг асуухад эмэгтэй ч ярьж өгөв. Тэгээд хаан нэг түшмэлээ дуудан «Энэ эмэгтэйн бүх юмыг эргүүлж өг. Нутгаасаа явснаас хойш одоог хүртэл талбайгаасаа хүртэх байсан бүхнийг нь нөхөн төл» гэв.
7 Елиша Дамаскт иржээ. Тэгэхэд Сирийн хаан Бен-хадад өвчтэй байв. Түүнд «Жинхэнэ Бурхны хүн энд ирсэн байна» гэж дуулгажээ. 8 Тэгээд хаан Хазаелд «Бэлэг авч яваад жинхэнэ Бурхны хүнтэй уулз. “Миний энэ өвчин эдгэх үү?” гэж Еховагаас асуулга» гэв. 9 Хазаел бэлгээ аваад Елишатай уулзахаар явлаа. Тэрбээр Дамаскийн хамаг сайн гэсэн болгоноос авч, 40 тэмээ ачаатай явсан юм. Тэгээд Елиша дээр очоод өмнө нь зогсож «Таны хүү* Сирийн хаан Бен-хадад “Миний энэ өвчин эдгэх үү?” гэж танаас асуулгахаар намайг явуулсан юм» гэлээ. 10 Елиша: «Явж түүнд “Чи заавал эдгэнэ” гэж хэл. Гэхдээ Ехова бас надад таныг гарцаагүй үхнэ гэдгийг харуулсан гэж хэл» гээд 11 түүнийг эвгүй байдалд ортол нь цоо ширтэв. Тэгснээ жинхэнэ Бурхны хүн уйлж гарав. 12 Хазаел: «Эзэнтэн минь, та юунд уйлна вэ?» гэхэд Елиша: «Чамайг Израйлын ард түмэнд ямар их муу юм хийхийг чинь мэдэж байгаа болохоор уйлж байна. Чи бэхлэлтүүдийг нь шатааж, хүчит дайчдыг нь илдээр хөнөөж, хүүхдүүдийг нь бяц чулуудан, жирэмсэн эмэгтэйчүүдийнх нь гэдсийг ярна» гэжээ. 13 Хазаел: «Зарц тань ийм юм хийх хэн сэн билээ. Нэг муу нохой шүү дээ» гэхэд Елиша түүнд «Чамайг Сирийн хаан болно гэдгийг Ехова надад харуулсан» гэв.
14 Тэгээд Хазаел Елишаг орхиж яваад эзэн дээрээ буцаж очив. Эзэн нь түүнээс «Елиша чамд юу гэж хэлэв?» гэж асуухад Хазаел: «Таныг ямар ч байсан эдгэнэ гэж надад хэллээ» гэжээ. 15 Гэвч маргааш нь Хазаел бүтээлэг авч усанд дүрээд хааны нүүрэн дээр тэр бүтээлгээрээ үхтэл нь дарав. Тэгээд өөрөө оронд нь хаан болжээ.
16 Ахабын хүү, Израйлын хаан Иехорамын тавдугаар онд Иехошафат Иудагийн хаан хэвээрээ байх үед Иудагийн Иехошафат хааны хүү Иехорам хаан болов. 17 Тэрбээр 32 насандаа хаан болж Иерусалимд найман жил төр барьжээ. 18 Иехорам Ахабын охинтой гэрлэсэн учраас Ахабын гэрийнхний үйлдсэнийг үйлдэж, Израйлын хаадын замаар замнасан юм. Тэрбээр Еховагийн бузар муу гэж үздэг зүйлсийг үйлдсээр байлаа. 19 Гэхдээ Ехова зарц Давидынхаа төлөө Иудаг устгахыг хүсээгүй юм. Учир нь Давид болон үр удмаас нь үеийн үед хаан ширээнд суух хүн гаргаж өгнө* гэж амласан билээ.
20 Иехорамын үед Едом Иудаг эсэргүүцэн босож, өөрсдөдөө хаан томилов. 21 Иймээс Иехорам бүх тэрэгт цэрэгтэйгээ Заирт хүрч очоод шөнөөр довтолж, өөрийг нь хүрээлэн байсан едомчуудыг болон тэрэгт цэргийн жанждыг нь ялав. Тэгэхэд цэргүүд* майхнууд руугаа зугтжээ. 22 Гэсэн хэдий ч Едом өнөөг хүртэл Иудаг эсэргүүцсээр байна. Тухайн үед Либна ч бас Иудаг эсэргүүцэн боссон юм.
23 Иехорамын бусад түүх, хийж бүтээсэн бүхэн нь Иудагийн хаадын түүхийн номд бичигдээгүй гэж үү? 24 Иехорам эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрссон бөгөөд түүнийг Давидын хотод эцэг өвгөдийнх нь булшинд оршуулжээ. Түүний оронд хүү Ахазиа нь хаан болсон юм.
25 Израйлын хаан Ахабын хүү Иехорамын 12 дугаар онд Иудагийн Иехорам хааны хүү Ахазиа хаан болов. 26 Ахазиа 22 насандаа хаан болж, Иерусалимд нэг жил төр барьжээ. Эх нь Израйлын Омри хааны ач охин* Аталиа юм. 27 Ахазиа Ахабынхантай ураг төрлийн холбоо тогтоосон учраас тэднийхний замаар замнаж, Еховагийн бузар муу гэж үздэг зүйлсийг тэдний нэгэн адил үйлдсээр байв. 28 Тэрбээр Ахабын хүү Иехорамтай хамт явж, Рамот-гилеадад Сирийн хаан Хазаелтай дайтсан боловч сиричүүд Иехорамыг шархдуулжээ. 29 Ийнхүү Иехорамыг Рамад Сирийн хаан Хазаелтай дайтаж байхад сиричүүд шархдуулсан учраас Иехорам шархаа эдгээхээр Иезреел рүү буцаж явжээ. Тиймээс шархадсан Ахабын хүү Иехорамтай уулзахаар Иудагийн хаан, Иехорамын хүү Ахазиа Иезреел рүү явав.