Левит
23 Дараа нь Ехова Мосед 2 «Израйлчуудад ингэж хэлэгтүн. “Та нар ариун чуулганууд буюу Еховагийн тогтоосон баяруудыг зарлан тунхаглах ёстой. Үүнд дараах баярууд орно.
3 Та нар зургаан өдөр ажиллаж болох ч долоо дахь өдөр нь ариун чуулгантай учраас бүтэн амрах ёстой. Энэ өдөр Еховад зориулсан Амралтын өдөр учраас та нар хаана ч амьдардаг бай, ажил хийж болохгүй.
4 Ариун чуулганууд буюу Еховагийн тогтоосон баяруудыг товлосон цагт нь зарлан тунхаглах ёстой. 5 Нэг дэх сарын 14-нд үдшийн бүрийгээр Еховад зориулж Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэ.
6 Уг сарын 15-нд Еховад зориулсан Исгээгүй талхны баяр эхэлнэ. Та нар долоон хоног исгээгүй талх идэх ёстой. 7 Эхний өдөр нь ариун чуулган хийгтүн. Ажил хийж болохгүй. 8 Та нар долоон өдөр Еховад шатаан өргөх тахилуудыг өргө. Долоо дахь өдөр нь ариун чуулгантай учраас ажил хийж болохгүй”» гэв.
9 Ехова цааш нь Мосед 10 «Израйлчуудад ингэж хэл. “Та нар миний өгөх гэж байгаа нутагт ороод ургац хураахдаа ургацынхаа дээжээс нэг боодлыг тахилчид авчирч өгөх ёстой. 11 Тахилч тэрхүү боодол ургацыг Еховагийн өмнө нааш цааш даллана. Ингэснээр та нар Бурхны сайшаалыг хүлээх юм. Тахилч үүнийг Амралтын өдрийн дараагийн өдөр даллах ёстой. 12 Далласан өдрөө согоггүй эр хургыг Еховад шатаалт тахил болгон өргөх ёстой. 13 Мөн идээн өргөлийг Еховад тааламжит үнэрт өргөл болгон шатаан уугиулна. Идээн өргөл нь ефагийн аравны хоёр* хэмжээтэй, тостой хольсон нарийн ширхэгтэй гурил байх юм. Ундаан өргөл нь хинийн* дөрөвний нэг хэмжээтэй дарс байх ёстой. 14 Та нар Бурхныхаа өргөлийг авчрах тэр өдрийг болтол шинэ тариагаар хийсэн ямар ч талх, шинэ тариа, хуурсан тариа идэж болохгүй. Хаа ч амьдарсан энэ зарлигийг үеэс үед сахигтун.
15 Та нар Амралтын өдрийн дараагийн өдрөөс буюу даллах өргөлийн боодол ургацыг авчирсан өдрөөсөө хойш долоон амралтын өдрийг тоол. Тэр нь долоон долоо хоног байх ёстой. 16 Долоо дахь Амралтын өдрийн дараагийн өдрийг болтол буюу 50 хоногийг тоол. Тэгээд Еховад шинэ үр тариагаар идээн өргөл өргөгтүн. 17 Ингэхдээ амьдран суугаа газраасаа анхны боловсорч гүйцсэн үр тариагаар хоёр талх исгэж бариад даллах өргөл болгон Еховагийн өмнө авчрах ёстой. Хоёр талхаа ефагийн аравны хоёр* хэмжээтэй, нарийн ширхэгтэй гурилаар хийгтүн. 18 Талхнаас гадна согоггүй долоон эр хурга, нэг залуу бух, хоёр хуц авчрах ёстой. Тэдгээрийг Еховад шатаалт тахил болгон өргөх бөгөөд идээн өргөл, ундаан өргөлтэй хамт Еховад тааламжит үнэрт тахил болгон шатаан өргөнө. 19 Мөн нүглийн төлөөх тахилд нэг залуу ямаа, эвийн тахилд хоёр эр хургыг өргөнө. 20 Тахилч хоёр эр хургыг болон анхны боловсорч гүйцсэн үр тариагаар хийсэн хоёр талхыг Еховагийн өмнө даллах өргөл болгон нааш цааш даллана. Эдгээр нь Еховад зориулагдсан ариун өргөл бөгөөд тахилчийнх болно. 21 Тэр өдөр та нар ариун чуулганыг зарлан тунхаглах ёстой. Ажил хийж болохгүй. Хаа ч амьдарсан энэ зарлигийг үеэс үед сахигтун.
22 Та нар ургацаа хураахдаа өнцөг булангүй хуу хамж болохгүй. Ургацынхаа үлдэгдлийг ч битгий түү. Ядуу зүдүү хүмүүс, харийн хүмүүст үлдээ. Би бол та нарын Бурхан Ехова”» гэж айлдав.
23 Тэгээд Ехова Мосед 24 «Израйлчуудад ингэж хэл. “Та нар долоо дахь сард, уг сарын эхний өдөр бүтэн амрах ёстой. Тэр өдөр ариун чуулгантайг сануулж бүрээ үлээнэ. 25 Та нар ажил хийлгүй, шатаан өргөх тахилуудаа Еховад авчрах ёстой”» гэжээ.
26 Ехова цааш нь Мосед 27 «Харин долоо дахь сарын арван бол Нүглийг уучлуулах тахил өргөх өдөр* юм. Та нар ариун чуулган хийж, сэтгэлээ номхотгон*, шатаан өргөх тахилуудаа Еховад авчрах ёстой. 28 Тэр өдөр та нарын нүглийг уучлуулахын тулд Ехова Бурхны чинь өмнө тахилч тахил өргөх учраас та нар ажил хийж болохгүй. 29 Тэр өдөр сэтгэлээ номхотгоогүй* хүнийг хөнөөх ёстой. 30 Мөн ажил хийсэн бүх хүнийг би хөнөөнө. 31 Та нар ажил хийж болохгүй. Хаа ч амьдарсан энэ зарлигийг үеэс үед сахигтун. 32 Тэр өдөр та нар бүтэн амарч, сэтгэлээ номхотгох ёстой бөгөөд долоо дахь сарын есний оройноос маргааш орой нь хүртэл амралтын өдрийг сахигтун» хэмээв.
33 Дараа нь Ехова Мосед 34 «Израйлчуудад ингэж хэл. “Долоо дахь сарын 15-наас Саравчинд суух баярыг* Еховад зориулж долоон хоног тэмдэглэгтүн. 35 Эхний өдөр нь ариун чуулгантай бөгөөд ажил хийж болохгүй. 36 Долоон өдөр Еховад шатаан өргөх тахилуудыг өргөгтүн. Найм дахь өдөр нь ариун чуулганыг хийж, Еховад шатаан өргөх тахилуудыг өргөх ёстой. Ариун чуулгантай учраас ажил хийж болохгүй.
37 Та нар Еховагийн тогтоосон эдгээр баярыг ариун чуулган гэж зарлан тунхаглаж Еховад тахилуудыг шатаан өргөх ёстой. Шатаалт тахилыг идээн өргөл, ундаан өргөлтэй нь өдөр бүр тогтсон ёсоор нь өргөгтүн. 38 Үүнээс гадна Еховад өргөх зүйлс буюу Еховагийн Амралтын өдрүүдийн өргөл, бэлэг, тангаргийн болон сайн дурын өргөлийг өргөдгөөрөө өргөх ёстой. 39 Та нар газрынхаа ургацыг хураахдаа долоо дахь сарын 15-наас Еховад зориулж долоон өдөр баяр тэмдэглэ. Эхний болон найм дахь өдөр нь бүтэн амрах ёстой. 40 Та нар эхний өдөр нь үзэсгэлэнт моддын үр жимс, далдуу модны мөчир, навчит модны мөчир, сайр хөндийн улиасны мөчрөөс авагтун. Долоон өдөр Ехова Бурхныхаа өмнө баярлан баяс. 41 Энэхүү баярыг Еховад зориулж жилд долоон өдөр тэмдэглэх ёстой. Та нар долоо дахь сард тэмдэглэж бай. Энэ зарлигийг үеэс үед сахигтун. 42 Та нар долоон хоног саравчинд суух ёстой. Израйл хүн бүр саравчинд сууна. 43 Ингэснээр намайг израйлчууд та нарыг Египетийн нутгаас гаргаж авчраад саравчинд суулгасныг хойч үе чинь мэдэх юм. Би бол та нарын Бурхан Ехова”» гэжээ.
44 Ингээд Мосе Еховагийн тогтоосон баяруудын талаар израйлчуудад хэлэв.