Нэгдүгээр Самуел
31 Филистчүүд израйлчуудтай тулалдав. Израйлчууд филистчүүдээс зугтсан бөгөөд олон израйл хүн Гилбоа ууланд амь эрсэджээ. 2 Филистийн цэргүүд Саулыг хөвгүүдтэй нь гүйцээд хөвгүүдийг нь буюу Ионатан, Абинадаб, Малхи-шуаг хөнөөв. 3 Саулын эргэн тойронд тулаан ширүүсэж, харваачид түүнийг олж хараад харвасанд тэрбээр хүнд шархдав. 4 Тэгээд Саул зэвсэг баригчдаа «Илдээ сугалаад намайг нэвт сүлбэ. Тэгэхгүй бол энэ хөвч таслуулаагүй хүмүүс над руу дайран илдээ дүрнэ. Намайг харгислан зовооно» гэлээ. Гэвч зэвсэг баригч нь ихэд айсандаа илдээ дүрж зүрхэлсэнгүй. Тиймд Саул илдээ авч үзүүрийг нь өөр лүүгээ харуулан дээрээс нь унажээ. 5 Зэвсэг баригч нь Саулын үхэхийг хараад бас илднийхээ дээрээс унаж, Саулын дэргэд үхэв. 6 Ийнхүү Саул тэр өдөр гурван хүү, зэвсэг баригч, бүх албатуудтайгаа* үхсэн юм. 7 Хөндий болон Иордан хавийн израйлчууд Израйлын цэргүүдийн зугтсаныг, Саулыг хөвгүүдтэйгээ алагдсаныг дуулаад хотуудаа орхин зугтацгаажээ. Тэгэхэд нь филистчүүд очиж хотуудыг нь эзлэн авав.
8 Маргааш нь филистчүүд алагдагсдыг тонохоор ирээд Гилбоа ууланд үхсэн Саулыг болон гурван хүүг нь олжээ. 9 Тэгээд Саулын толгойг тасдаад хуяг дуулгыг нь авав. Дараа нь тэд энэ мэдээг Филистийн нутаг даяарх бурхдынхаа сүмүүдэд болон ард түмэндээ хүргэхээр элч нараа явуулжээ. 10 Тэгээд Саулын хуяг дуулгыг Ашторетын сүмд тавьж, цогцсыг нь Бет-шаны хэрэмд хадлаа. 11 Саулын цогцсыг филистчүүд яасныг Иабеш-гилеадын хүмүүс сонссон бөгөөд 12 бүх дайчид нь шөнөжингөө явж Бет-шаны хэрмэнд очин Саул болон хөвгүүдийнх нь цогцсыг авав. Тэгээд тэд Иабешт буцаж очоод цогцсуудыг шатааж 13 ясыг нь Иабеш дахь сухай модны доор оршуулаад долоон хоног мацаг барьжээ.