Хоёрдугаар Самуел
2 Давид Еховагаас «Би Иуда руу буцаж аль нэг хотод нь очих уу?» гэж асуухад Ехова: «Явагтун» гэлээ. Давид: «Би аль хот руу явах вэ?» гэхэд Бурхан: «Хеброн руу яв» хэмээн хариулжээ. 2 Давид хоёр эхнэртэйгээ буюу иезреел эмэгтэй Ахиноам болон Набалын эхнэр байсан кармел эмэгтэй Абигаилтай Хеброн руу явав. 3 Бас өөрийг нь дагаж явсан эрчүүдээ гэр бүлтэй нь авч яваад Хеброн болон эргэн тойрных нь хотуудад суурьшлаа. 4 Иудагийн эрчүүд ирж Давидыг Иуда овгийн хаан болгон тосолжээ.
Тэд Давидад «Иабеш-гилеадын хүмүүс Саулыг оршуулжээ» гэж хэлэв. 5 Тэгэхэд нь Давид Иабеш-гилеадын хүмүүс рүү элч нараа илгээн «Та нар эзэн Саулаа оршуулж үнэнч хайраа илэрхийлсэн учраас Ехова та нарыг ивээх болтугай! 6 Ехова та нарыг үнэнчээр хайрлаж, итгэмжит гэдгээ харуулах болтугай! Энэ үйлсийн чинь төлөө би бас та нарт сайхан сэтгэл гаргана. 7 Эзэн Саул чинь нас барсан хэдий ч та нар одоо хүчтэй, зоригтой бай! Иуда овог намайг хаанаа болгон тосолсон билээ» гэж хэлүүлэв.
8 Саулын цэргийн жанжин, Нерийн хүү Абнер Саулын хүү Иш-бошетыг аваад Иордан голыг гаталж Маханаим руу явлаа. 9 Тэгээд Иш-бошетыг Гилеад, ашурчууд, Иезреел, Ефраим, Бениамин болон бүх Израйлын хаанаар өргөмжилжээ. 10 Саулын хүү Иш-бошет 40 насандаа Израйлын хаан болж, хоёр жил төр барив. Харин Давидын талд Иуда овгийнхон байлаа. 11 Давид Иуда овгийн хаан болоод долоон жил зургаан сар Хебронд суув.
12 Нерийн хүү Абнер нь Саулын хүү Иш-бошетын албатуудтай хамт Маханаимаас Гибеон руу явжээ. 13 Зеруиагийн хүү Иоаб Давидын албатуудтай бас явж Гибеоны цөөрөм дээр тэдэнтэй таарав. Тэд цөөрмийн хоёр талд зогсоцгоов. 14 Абнер Иоабт «Залуучуудаа гаргаад өмнөө халз тулалдуулъя» гэхэд Иоаб: «Тэгье» гэлээ. 15 Ингээд хоёр талаас тэнцүү тооны хүн урагш гарав. Саулын хүү Иш-бошетын талынхнаас 12 бениамин эр, Давидын албатуудаас 12 эр гарч иржээ. 16 Тэд өрсөлдөгчийнхөө үс толгойноос зууран бие биеийнхээ хажуу руу илд дүрж бүгдээрээ үхжээ. Тиймээс Гибеон дахь тэр газрыг Хелкат-хаззурим хэмээн нэрлэв.
17 Тэр өдөр тулалдаан улам ширүүсэж эцэст нь Абнер болон Израйлын эрчүүд Давидын албатуудад ялагджээ. 18 Тэнд Зеруиагийн гурван хүү болох Иоаб, Абишаи, Асахел нар байв. Асахел хээрийн зээр шиг хурдан гүйдэг байлаа. 19 Тэрбээр Абнерын араас алдалгүй дагав. 20 Абнер эргэж хараад «Чи Асахел мөн үү?» гэхэд «Мөн байна» хэмээн Асахел хариуллаа. 21 Тэгэхэд нь Абнер: «Намайг дагахаа болиод өөр эрийг барьж авч хүссэн юмаа ав» гэжээ. Гэвч Асахел түүнийг мөшгөхөө больсонгүй. 22 Абнер дахиад «Намайг хөөхөө боль. Би чамайг яагаад алах ёстой гэж? Чамайг алчихвал би чиний ах Иоабын нүүрийг яаж харах юм бэ?» гэсэн ч 23 Асахел мөшгөн хөөсөөр байлаа. Абнер Асахелын хэвлий рүү жадаа ишийг нь тултал хатгахад жад нуруунаас нь нэвт гарч иржээ. Асахел газар дээрээ үхэв. Хүмүүс Асахелын үхсэн газар очоод хэсэг зуур зогслоо.
24 Харин Иоаб Абишаи хоёр Абнерыг мөшгөн хөөв. Нар жаргах үед тэд Гибеоны зэлүүд газар луу явах зам дахь Гиагийн харалдаах Аммагийн толгойд очив. 25 Бениаминчууд Абнерын эргэн тойронд цугларан нэг бүлэг болоод нэгэн толгойн орой дээр зогсжээ. 26 Абнер Иоабыг дуудан «Хэдий болтол бид илд зөрүүлэх юм бэ? Эцэстээ хорсол гомдолтой л үлдэнэ гэдгийг та мэдэхгүй гэж үү? Та ах дүү нараа хөөхөө болихыг хүмүүстээ тушаахгүй хэр удах юм бэ?» гэхэд 27 Иоаб: «Жинхэнэ Бурхны амьд буйгаар тангараглая. Таныг хэлээгүй бол манай хүмүүс маргааш өглөө хүртэл ах дүү нараа мөшгөх байлаа» гэлээ. 28 Иоабыг эвэр бүрээгээ үлээсэнд хүмүүс нь израйлчуудын араас мөшгөн хөөхөө больж тулаан дуусав.
29 Абнер тэр шөнөдөө хүмүүстэйгээ Арабаг туулж Иорданыг гатлаад хөндийгөөр яван* Маханаимд очив. 30 Иоаб Абнерыг мөшгөн хөөхөө болиод бүх хүнээ цуглуулжээ. Тэгэхэд Асахелаас гадна Давидын 19 албат амь үрэгдсэн байлаа. 31 Гэсэн хэдий ч Давидын албатууд бениаминчууд болон Абнерын хүмүүсээс 360 хүнийг нь хөнөөн ялсан юм. 32 Тэд Асахелыг Бетлехемд байдаг эцгийнх нь булшинд оршуулав. Тэгээд Иоаб хүмүүстэйгээ шөнөжин явсаар үүр цайхад Хебронд хүрчээ.