Хоёрдугаар Самуел
15 Дараа нь Абсалом өөртөө морин тэрэг, морьд бэлдүүлж, өмнөө 50 хүн гүйлгэдэг болов. 2 Тэрбээр өглөө эрт босоод хотын дааман хаалганы замын хажууд зогсдог байлаа. Хаанаар хэрэг заргаа шийдүүлэхээр ирсэн хүн болгоныг дуудаад «Та аль хотоос ирсэн хүн бэ?» гэж асуухад «Таны зарц би Израйлын энэ овгоос ирлээ» гэж хариулдаг байжээ. 3 Тэгэхэд нь Абсалом: «Ингэж яваа тань зөв. Даанч таны хэргийг сонсох хүн хаанд алга» гэж хэлдэг байв. 4 Бас «Би энэ нутгийн шүүгч байсан ч болоосой! Тэгвэл би хэрэг заргаа шийдүүлэхээр ирсэн хүн бүрийн хэргийг шударгаар шүүх байсан юм» гэдэг байлаа.
5 Өөрт нь сөхөрч мөргөхөөр дөхөж ирсэн хүнийг Абсалом гараа сунган тэвэрч үнсдэг байжээ. 6 Тэрбээр хаан дээр хэрэг заргаа шийдүүлэхээр очсон бүх хүнтэй ийн харьцдаг байлаа. Ийнхүү Абсалом израйлчуудын зүрх сэтгэлийг эзэмдсээр байв.
7 Дөрвөн жил* өнгөрсний дараа Абсалом Давид хаанд «Намайг Хеброн руу явуулаач. Би Еховад тангарагласнаа биелүүлэх гэсэн юм. 8 Таны зарц би Сирийн Гешурт байхдаа “Ехова намайг Иерусалимд буцааж авчирвал би Еховад өргөл өргөнө*” хэмээн хатуу тангарагласан юм» гэжээ. 9 Хаан Абсаломд «Амар тайван яв даа» гэхэд Абсалом Хеброн руу явав.
10 Абсалом Израйлын бүх овог руу нууцаар хүн явуулж «Та нар эвэр бүрээ үлээхийг сонсмогцоо “Абсалом Хебронд хаан боллоо!” гэж зарла» гэв. 11 Иерусалимаас 200 эр Абсаломтой хамт тийш явсан байлаа. Абсалом тэднийг урьсан бөгөөд тэд сэжиг аваагүй, юу болж байгааг ч мэдээгүй хүмүүс байв. 12 Абсалом бас өргөл өргөхдөө Гило руу хүн явуулж Давидын зөвлөх, гило хүн Ахитофелыг дуудуулжээ. Хуйвалдаан улам газар авч Абсаломыг дэмжигчид улам бүр нэмэгдэж байв.
13 Хэсэг хугацааны дараа Давид дээр мэдээ хүргэгч очоод «Израйлчууд Абсаломын талд оржээ» гэв. 14 Тэр даруй Давид Иерусалимд хамт байсан бүх албатдаа «Бушуухан шиг зугтацгаая. Үгүй бол Абсаломын гараас хэн ч мултарч чадахгүй! Түргэлэхгүй бол биднийг дор нь барьж аваад бидэнд хор хөнөөл учруулж хотынхныг маань илдээр хөнөөнө» гэхэд 15 тэд хаанд «Хаантан минь, таныг ямар ч шийдвэр гаргасан бид дагана» хэмээн хэлэв. 16 Ингээд хаан гарч явсан бөгөөд гэрийнхэн нь бүгд даган явжээ. Гэхдээ хаан ордноо сахиулахаар арван татвар эмээ үлдээсэн юм. 17 Давид хаан хүмүүстэйгээ явсаар Бет-мерхакт хүрээд зогсжээ.
18 Хааны бүх албат, херетчүүд, пелетчүүд, Гатаас ирсэн 600 гит хүн хааны өмнүүр явж өнгөрөв. Хаан тэднийг харж байлаа. 19 Тэгээд хаан гит хүн Иттаид «Чи юунд бидэнтэй хамт явна вэ? Чи дүрвэж ирсэн харь хүн юм чинь буцаж яваад, шинэ хаантай үлдээрэй. 20 Өчигдөр ирчхээд өнөөдөр бидэнтэй тэнүүчлэх хэрэг үү? Би хэзээ хаашаа явахаа хэлж мэдэхгүй байна. Эрчүүдээ аваад буц. Ехова чамайг үнэнчээр хайрлаж, чамтай хамт байх болтугай!» гэхэд 21 Иттаи: «Амьд Бурхан Еховагаар, бас хаан таны амьд буйгаар тангараглая. Хаан эзэнтэн минь, зарц тань амиа алдах байлаа ч таныг хаашаа ч явсан хамт явна!» гэж хэлжээ. 22 Тэгэхэд нь Давид Иттаид «За, яв даа» гэлээ. Ингээд гит хүн Иттаи эрчүүдээ гэр бүлийнхэнтэй нь дагуулан явж өнгөрөв.
23 Тэднийг Кидрон хөндийгөөр явахад асар олон хүн цурхиран уйлж байлаа. Хаан хөндийн хажууд зогсож, хүмүүс цөл рүү явдаг замыг чиглэн хөндийгөөр явж байв. 24 Задок бас тэнд байлаа. Жинхэнэ Бурхны гэрээний авдрыг зөөж яваа левичүүд түүнтэй хамт байв. Тэд жинхэнэ Бурхны авдрыг газарт буулгав. Иерусалим хотоос гарсан бүх хүн хөндийгөөр явж байх зуур Абиатар ирэв. 25 Давид хаан Задокт «Жинхэнэ Бурхны авдрыг аваад хот руу буц. Хэрэв би Еховагийн таалалд нийцвэл тэрбээр намайг буцааж аваачин авдрыг орших газартай нь үзүүлнэ. 26 Харин Бурхан “Би чамайг үл таалав” хэмээвэл тэрбээр юу хүссэнээ надад хийг» гэлээ. 27 Хаан цааш нь тахилч Задокт «Та үзмэрч шүү дээ. Хот руу тайван буцагтун. Хүү Ахимаазаа Абиатарын хүү Ионатантай аваад яв. 28 Би танаас хэл иртэл цөлийн ойролцоох Иорданы гармуудын хажууд байж байя» гэж хэлэв. 29 Тиймээс Задок Абиатар хоёр жинхэнэ Бурхны авдрыг аваад Иерусалим руу буцаж, тэндээ үлджээ.
30 Давид Чидун уул өөд өгсөхдөө уйлж, толгойгоо бүтээгээд хөл нүцгэн явж байв. Хамт яваа хүмүүс нь бас толгойгоо бүтээгээд уйлсаар явлаа. 31 Давидад «Абсаломтай хуйвалдсан хүмүүсийн дунд Ахитофел байна» гэсэн мэдээ ирэхэд Давид: «Ехова минь ээ, Ахитофелын зөвлөгөөг мунхаг хүнийх шиг болгож өгөөч» хэмээн залбирчээ.
32 Давидыг уулын оройд гарахад архе хүн Хушаи түүнтэй уулзахаар ирэв. Хүмүүс тэр уулын орой дээр Бурханд мөргөдөг байжээ. Хушаи хувцсаа ураад толгой дээрээ шороо цацсан байв. 33 Давид түүнд «Та надтай хамт явлаа гээд тус болж чадахгүй. 34 Харин та хот руу буцаж очоод Абсаломд “Би таны зарц билээ, хаантан минь. Би өмнө нь эцгийн тань зарц байсан бол одоо таны зарц” гэж хэл. Тэгвэл Ахитофелын зөвлөгөөг дагахад нь та түүнд саад болж надад тус болно. 35 Тахилч Задок Абиатар хоёр тэнд байгаа. Та ордонд сонссон болгоноо тэр хоёрт хэлээрэй. 36 Бас Задокийн хүү Ахимааз, Абиатарын хүү Ионатан хоёр тэнд бий. Сонссон бүхнээ тэднээр дамжуулж надад уламжлаарай» гэв. 37 Давидын анд Хушаиг Иерусалим руу орох үед Абсалом ч бас хот руу оров.