Даниел
1 Иудагийн хаан Иехоиакимын засаглалын гуравдугаар онд Вавилоны хаан Небухаднезар ирж Иерусалим хотыг бүслэв. 2 Ехова Иудагийн хаан Иехоиакимыг түүний гарт тушааж, жинхэнэ Бурхны өргөөн* дэх зарим сав суулгыг ч өгчээ. Небухаднезар тэдгээр сав суулгыг Шинарын* нутагт байдаг бурхныхаа өргөөнд* аваачин бурхныхаа эрдэнэсийн санд тавилаа.
3 Хаан ахлах түшмэл Ашпеназад хэсэг израйлчуудыг, түүний дотор язгууртнууд ба хааны удмын хүмүүсийг авчрах тушаал буулгав. 4 Тэд ямар ч согоггүй, царай зүс сайтай, мэргэн ухаантай, мэдлэгтэй, ухааран ялгах чадвартай, хааны ордонд алба хашиж чадахаар залуус* байх ёстой ажээ. Ашпеназ тэдэнд халдейчуудын хэл, бичгийг заахаар болов. 5 Хааны тансаг зоог, дарснаас тэдэнд өдөр бүр хувь хүртээх зарлиг гарчээ. Тэднийг гурван жил сургасны* эцэст хааны ордонд алба хашуулах ажээ.
6 Тэдний дунд Иуда овгийн Даниел*, Хананиа*, Мишаел*, Азариа* нар байв. 7 Ахлах түшмэл тэдэнд шинэ нэр* өгөв. Даниелыг Белтешазар, Хананиаг Шадрах, Мишаелыг Мешах, Азариаг Абед-него хэмээн нэрийджээ.
8 Хааны тансаг зоог, дарснаас хүртэж өөрийгөө бузарлахгүй гэж Даниел сэтгэлдээ шийдэв. Иймд тэрбээр өөрийг нь бузарлах идээ зоогоос хүртэхгүйн тулд ахлах түшмэлээс зөвшөөрөл хүсжээ. 9 Даниелыг жинхэнэ Бурхан ивээсэн тул ахлах түшмэл түүнд сайхан сэтгэл гарган, өршөөл үзүүлэв. 10 Ахлах түшмэл: «Та нарт юу идэж уухыг чинь даалгасан хаан эзнээсээ би айж байна. Та хэдийг үеийнхээ залуусаас* туранхай эцэнхий байгааг хаан харвал яах болж байна аа? Та нараас болж хаан толгойг минь авна шүү дээ» гэж Даниелд хэллээ. 11 Ахлах түшмэл нэгэн хүнийг Даниел, Хананиа, Мишаел, Азариа нарын асран хамгаалагчаар томилсон байв. Даниел түүнд ийн хэлэв. 12 «Та зарц бидэндээ идэх ногоо, уух ус өгч арав хоног туршиж үзнэ үү. 13 Дараа нь та зарц биднийг хааны тансаг зоогоос хүртэж байгаа залуустай* харьцуулж ямар харагдаж байгааг үзээд цаашдаа яахаа шийднэ үү».
14 Тэрбээр тэдний саналыг зөвшөөрч арав хоног туршихаар болов. 15 Арав хоногийн дараа тэд хааны тансаг зоогоос хүртдэг залуусаас* илүү сайхан, эрүүл чийрэг харагдаж байв. 16 Тэгээд асран хамгаалагч нь тэдэнд тансаг зоог, дарсны оронд ногоо өгч байхаар болжээ. 17 Жинхэнэ Бурхан энэ дөрвөн залууд* мэдлэг, аливаа судар бичгийг ойлгох хэрсүү ухаан, мэргэн ухааныг өгчээ. Мөн Даниелд ямар ч үзэгдэл, зүүдийг ойлгох чадвар хайрлав.
18 Хааны товлосон цаг болоход ахлах түшмэл залуусыг Небухаднезар хаанд бараалхууллаа. 19 Хааныг залуустай ярилцахад тэдний дунд Даниел, Хананиа, Мишаел, Азариа нар шиг хүн нэг ч байсангүй. Ингээд тэр дөрөв хаанд хүчин зүтгэхээр үлджээ. 20 Хаан мэргэн ухаан, ойлгох чадвар шаардсан ямар ч асуулт асуусан, тэд хаант улс даяарх ид шид үйлддэг тахилч, сүнс дуудагчдаас арав дахин сайн хариулж байв. 21 Даниел Кореш хааны анхдугаар он хүртэл тэнд байлаа.