Даниел
5 Белшазар хаан мянган язгууртандаа зориулан их найр хийж, тэдний өмнө дарс ууж байв. 2 Дарсанд халсан хаан Иерусалимын сүмээс эцэг Небухаднезарынхаа тоносон алт, мөнгөн хундагануудыг авчрах тушаал буулгалаа. Тэрбээр язгууртнууд, хатад, татвар эмстэйгээ тэдгээр хундагаар дарс уухыг хүсжээ. 3 Иерусалим дахь Бурхны өргөөний ариун газраас тоносон алтан хундагануудыг авчрахад хаан, язгууртнууд, хааны хатад, татвар эмс нь тэдгээр хундаганд дарс хийж уув. 4 Тэд дарс уунгаа алт, мөнгө, зэс, төмөр, мод, чулуун бурхдыг магтлаа.
5 Гэнэт хүний гар гарч ирэн хааны ордны шохойдсон ханан дээр, дэнгийн гэрэлд юм бичиж эхлэв. Бичиж байгаа гарыг хаан харлаа. 6 Тэгснээ царай нь цонхийж, ихэд айсандаа хөл нь түнхээрээ суларч, өвдөг нь салганаж эхлэв.
7 Хаан чанга хашхиран сүнс дуудагчид, мэргэ төлгөчид*, зурхайчдыг дуудаж авчрахыг тушаав. Тэгээд Вавилоны мэргэдэд «Энэ бичгийг надад уншиж өгөн утгыг нь тайлсан хүнд нил ягаан өнгийн хувцас өмсгөж, хүзүүнд нь алтан зүүлт зүүж, хаант улсынхаа гурав дахь захирагч болгоно» гэж хэллээ.
8 Хааны бүх мэргэд ирсэн боловч хэн нь ч бичгийг уншиж эсвэл тайллыг нь хаанд хэлж өгч чадсангүй. 9 Тиймээс Белшазар хаан ихэд айж царай нь цонхийв. Язгууртнууд нь сандарч тэвдэцгээв.
10 Хаан болон язгууртнуудын үгийг сонссон хатан* найрын өргөөнд орж ирээд хэлсэн нь: «Хаантан мөнх наслаг. Таны царай юунд цонхийно вэ? Тэгтлээ айх хэрэггүй. 11 Таны хаант улсад ариун бурхдын хүчийг авсан нэг хүн бий. Түүний гэгээрсэн, хэрсүү, бурхдынх шиг мэргэн ухаантай нь эцгийн чинь үед тодорхой болсон юм. Таны эцэг Небухаднезар хаан түүнийг ид шид үйлддэг тахилчид, сүнс дуудагчид, мэргэ төлгөчид*, зурхайчдын тэргүүнээр томилсон. Эцэг тань тэгж томилсон, хаантан минь. 12 Белтешазар хэмээн хаан эцгийн тань нэрлэсэн Даниел зүүд тайлах, оньсого таах, ээдрээтэй асуудлыг шийдэх ер бусын чадвар, мэдлэгтэй, хэрсүү учраас тэгсэн юм. Одоо Даниелыг дуудагтун. Тэрбээр тайллыг нь хэлж өгнө».
13 Ингээд Даниелыг хааны өмнө авчрав. Хаан түүнд ийн хэллээ. «Та Иудагаас миний эцгийн олзолж авчирсан Даниел мөн үү? 14 Таныг бурхдын хүчийг авсан, гэгээрсэн, хэрсүү, ер бусын мэргэн ухаантай гэж сонслоо. 15 Би мэргэд, сүнс дуудагчдыг авчруулаад бичгийг уншиж, тайллыг хэлж өгөөч гэсэн боловч тэд бичгийн утгыг тайлбарлаж чадсангүй. 16 Харин таныг ээдрээтэй асуудлын утгыг тайлж, шийдлийг нь хэлж чаддаг гэж дууллаа. Хэрэв та одоо энэ бичгийг уншиж, тайллыг нь хэлж өгвөл танд нил ягаан хувцас өмсгөж, хүзүүнд тань алтан гинж зүүж өгье. Таныг хаант улсынхаа гурав дахь захирагч болгоё».
17 Даниел хариуд нь «Бэлгээ өөртөө үлдээж, шагналаа өөр хүмүүст өгөгтүн. Гэхдээ би хаан танд бичгийг уншиж өгч, утгыг нь айлтган мэдүүлье. 18 Хаантан минь, таны эцэг Небухаднезарт Хамгийн дээд Бурхан энэ хаант улсыг өгч агуу байдал, алдар суу, сүр жавхланг соёрхсон билээ. 19 Тэрбээр эцгийг тань агуу болгосон учраас бүх ард түмэн, үндэстэн, хэлтэн түүнээс айн сүрддэг байсан. Эцэг тань хүссэн хүнээ хөнөөж эсвэл амьдруулж, хүссэн хүнээ өргөмжилж эсвэл дорд болгодог байв. 20 Тэрбээр бардам, зөрүүд болж, их зан гаргасны улмаас хаан ширээнээсээ зайлуулагдан, нэр сүрээ алдсан. 21 Түүнийг хүмүүсийн дундаас зайлуулахад оюун ухаан* нь адгуусных шиг болж, тэрбээр хулангуудтай хамт нутагласан билээ. Хүний засаглал Хамгийн дээд Бурхны мэдэлд байдаг бөгөөд Бурхан хүссэн хүндээ үүнийг өгдгийг эцэг тань ойлготлоо үхэр шиг өвс идэж, бие нь тэнгэрийн шүүдэрт норсон юм.
22 Гэтэл түүний хүү Белшазар аа, та энэ бүхнийг мэдсэн атлаа даруу байсангүй. 23 Харин ч тэнгэрийн Эзний өмнө өөрийгөө өргөмжилж, өргөөнийх нь хундагануудыг авчруулжээ. Тэгээд та язгууртнууд, хатад, татвар эмстэйгээ тэдгээр хундагаар дарс ууж юу ч хардаггүй, юу ч сонсдоггүй, юу ч мэддэггүй алт, мөнгө, зэс, төмөр, мод, чулуун бурхдыг магтсан. Амь амьсгал, зам мөрийг тань мутартаа атгасан Бурхныг та магтан алдаршуулсангүй. 24 Тиймээс тэрбээр гар илгээж энэ бичээсийг бичүүлжээ. 25 Ингэж бичсэн байна. МЕНЕ, МЕНЕ, ТЕКЕЛ, ПАРСИН.
26 Үгийн утгыг тайлбал: МЕНЕ гэдэг нь таны засаглалын өдөр хоногийг Бурхан тоолж, цэг тавьсан гэсэн утгатай.
27 ТЕКЕЛ гэдэг нь таныг жинлүүр дээр тавихад жиндээ хүрсэнгүй гэсэн утгатай.
28 ПЕРЕС гэдэг нь Бурхан хаант улсыг тань хувааж, меде ба персүүдэд өгсөн гэсэн утгатай» гэв.
29 Белшазарыг зарлиг буулгахад Даниелд нил ягаан хувцас өмсгөж, алтан гинж хүзүүнд нь зүүж, хаант улсын гурав дахь захирагч болсныг нь зарлав.
30 Халдейчуудын хаан Белшазар тэр шөнөдөө алагджээ. 31 Ингээд 62 настай меде хүн Дариус хаант улсыг нь эзлэн авсан юм.