Иошуа
6 Иерихогийн хүмүүс израйлчуудаас айсандаа хотынхоо дааман хаалгыг сайтар түгжээд хэнийг ч оруулж гаргасангүй.
2 Ехова Иошуад «Би Иерихог хаан, хүчирхэг дайчидтай нь чиний мэдэлд өглөө. 3 Чи бүх цэрэгтэйгээ өдөрт нэг удаа, нийт зургаан өдөр хотыг тойрч жагсаалаар яв. 4 Тэгэхдээ чи долоон тахилчид хуцын эвэр бүрээ нэг нэгийг бариулж авдрын урд үлээлгэж явуул. Долоо дахь өдөр нь та нар хотыг долоон удаа тойрч жагсаалаар явагтун. Тахилчид ч бүрээгээ үлээх ёстой. 5 Харин та нар хуцын эвэр бүрээг уртаар хүнгэнэхийг сонсмогцоо дайны уухай хадаа. Тэгэхэд хотын хэрэм нурна. Тэгээд хот руу давшиж ор» гэж тушаав.
6 Иймээс Нуны хүү Иошуа тахилчдыг дуудаж ирүүлээд «Та нар гэрээний авдрыг авч яв. Еховагийн авдрын урд долоон тахилч явах ёстой бөгөөд тус бүр нэг нэг хуцын эвэр бүрээ барь» гэж хэлжээ. 7 Тэгээд Иошуа цэргүүдэд «Хотыг тойрч жагсаалаар явагтун. Зэвсэглэсэн цэргүүд Еховагийн авдрын урд явах ёстой» хэмээв. 8 Иошуагийн хэлсний дагуу Еховагийн өмнө долоон тахилч тус бүр нэг нэг хуцын эвэр бүрээ үлээн урагш явж, араас нь хэдэн тахилч Еховагийн гэрээний авдрыг авч явлаа. 9 Бүрээ үлээж буй тахилчдын урд болон авдрын ард зэвсэглэсэн цэргүүд явав. Тахилчид бүрээгээ үлээсээр байлаа.
10 Иошуа цэргүүдэд «Хашхирч болохгүй. Дуугарч ч болохгүй. Намайг та нарт “Уухайл!” гэж хэлэх өдрийг хүртэл нэг ч үг дуугарч болохгүй. Харин намайг хэлэхэд уухайлан хашхирагтун» гэж тушаажээ. 11 Ингээд Еховагийн авдар хотыг нэг удаа тойрсны дараа тэд хуарандаа буцаж ирээд хоножээ.
12 Маргааш өглөө нь Иошуа эрт босож, тахилчид Еховагийн авдрыг авч явав. 13 Еховагийн авдрын урд нэг нэг хуцын эврэн бүрээтэй долоон тахилч бүрээгээ үлээсээр явжээ. Тахилчдын урд болон Еховагийн авдрын ард зэвсэглэсэн цэргүүд явж байлаа. Тахилчид бүрээгээ үлээсээр байв. 14 Тэд хоёр дахь өдрөө хотыг тойрч жагсаалаар яваад хуарандаа буцаж ирэв. Зургаан өдөр ийнхүү тойрч явжээ.
15 Долоо дахь өдөр нь тэд өглөө эрт, үүр цайнгуут босож долоон удаа урьдынх шигээ хотыг тойрч жагсаалаар явав. Ганцхан энэ өдөр л хотыг долоон удаа тойрч жагсаалаар явсан юм. 16 Долоо дахь удаагаа тойроход нь тахилчид эвэр бүрээгээ үлээв. Иошуа цэргүүдэд «Ехова та нарт энэ хотыг өгсөн тул уухайлцгаа! 17 Хотыг дотор нь байгаа бүхэнтэй бүрмөсөн устга. Тэр бүгд Еховагийнх юм. Зөвхөн янхан эмэгтэй Рахабыг гэрт нь байгаа хүмүүстэй амьд үлдээ. Учир нь Рахаб манай туршуулуудыг нуусан. 18 Та нар бүрмөсөн устгах ёстой зүйлсэд шунуузай. Тэдгээрээс аван Израйлын хуаранд гай тарьж, бүрмөсөн устгуулахаас сэрэмжил. 19 Харин бүх алт, мөнгө, зэс, төмөр эдлэл нь Еховад ариун учраас Еховагийн эрдэнэсийн санд авчрах ёстой» гэж хэлжээ.
20 Тэгээд эвэр бүрээ дуугарахад цэргүүд уухайлав. Тэднийг чангаар дайны уухай хадаахад хотын хэрэм нуран унах нь тэр. Тэд давшиж хот руу ороод эзлэн авав. 21 Эр эм, хөгшин залуу гэлтгүй бүх хүнийг, мөн үхэр, хонь, илжиг гээд хотод байсан бүхнийг илдээр хөнөөжээ.
22 Иошуа уг нутгийг тандсан хоёр хүнд «Янхан эмэгтэйн гэрт оч. Амласан ёсоороо тэр эмэгтэйг гэрт нь байгаа хүмүүстэй авчир» гэж хэлэв. 23 Иймээс туршуулууд явж Рахаб болон түүний эцэг эх, ах дүү, түүнтэй хамаатай бүх хүнийг авчирчээ. Ийнхүү тэд түүний гэрийнхнийг бүгдийг нь Израйлын хуарангийн гадна эсэн мэнд авчирсан юм.
24 Дараа нь тэд хотыг дотор нь байгаа бүхэнтэй галдан шатаажээ. Харин алт, мөнгө, зэс, төмөр эдлэлийг Еховагийн өргөөний эрдэнэсийн санд авчирсан юм. 25 Иошуа зөвхөн янхан эмэгтэй Рахабыг гэрийнхэн, хамаатай хүмүүстэй нь амьд үлдээжээ. Рахаб Иерихог тандуулахаар Иошуагийн явуулсан хүмүүсийг нуусан учраас өнөөг хүртэл Израйлд амьдарч байна.
26 Тэр үед Иошуа: «Иерихо хотыг сэргээн барих хүнийг Ехова харааг. Тэр хүн хотын суурийг тавихдаа ууган хүүгээ, хаалгыг нь босгохдоо отгон хүүгээ алдана» гэж тангараглав*.
27 Ехова Иошуад тусалж байлаа. Түүний нэр алдар дэлхий даяар түгэв.