Иошуа
5 Ехова Иордан голын урсгалыг зогсоож, израйлчуудыг гарч дуусан дуустал нь тэдний өмнө хуурай байлгасныг Иорданы баруун тал дахь аморичуудын хаад болон тэнгис хавийн нутаг дахь канаанчуудын хаад бүгд дуулмагцаа израйлчуудаас болж зориг мохож, зүрх нь үхэв.
2 Тэр үед Ехова Иошуад «Цахиур хутганууд хийн, израйл эрчүүдийн хөвчийг таслах ёслолыг хоёр дахь удаагаа үйлдэгтүн» гэж тушаажээ. 3 Иймээс Иошуа цахиур хутганууд хийгээд Гибеат-хааралотод* израйл эрчүүдийн хөвчийг таслав. 4 Иошуа тэдний хөвчийг тасалсан нь дараах учир шалтгаантай. Египетээс гарсан цэргийн насны эрчүүд цөлөөр явж байхдаа нас барсан юм. 5 Тэр эрчүүд хөвчөө таслуулсан байсан ч Египетээс гарснаас хойш цөлд төрсөн эрэгтэйчүүд хөвчөө таслуулаагүй байв. 6 Египетээс гарсан, Еховад дуулгаваргүй загнасан цэргийн насны эрчүүдийг нас барж дуустал израйлчууд 40 жил цөлөөр тэнүүчилсэн юм. Тэд Еховад дуулгаваргүй загнасан учраас Ехова ард түмэндээ* өгөхөөр тэдний эцэг өвгөдөд амласан, сүү балаар бялхсан энэ нутгийг тэдэнд харуулахгүй гэж тангарагласан билээ. 7 Иймээс Бурхан тэдний оронд хөвгүүдийг нь сонгов. Хөвгүүд нь цөлд байхдаа хөвчөө таслуулаагүй учраас Иошуа тэдний хөвчийг тасалсан билээ.
8 Тэд бүгдээрээ хөвчөө таслуулж, эдгэтлээ хуарандаа байв.
9 Тэгэхэд Ехова Иошуад «Өнөөдөр би та нараас египетчүүдийн доромжлолыг зайлууллаа*» гэжээ. Иймээс өнөөг хүртэл тэр газрыг Гилгал* гэдэг.
10 Израйлчууд Гилгалд хуарагнаж байлаа. Тэд тэр сарын 14-ний орой Иерихогийн цөлд Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэв. 11 Дээгүүр өнгөрөх баярын маргаашнаас газрын үр шим болох исгээгүй талх, хуурсан тариа идэх болжээ. 12 Газрын үр шимийг хүртсэн өдөр нь манна байхгүй болсон тул израйлчууд маннаг дахиж идсэнгүй. Тэр жилээс Канаан нутгийн үр шимийг хүртэх болов.
13 Иошуаг Иерихогийн ойрхон явж байхад нэгэн хүн замд нь илдээ сугалаад барьчихсан зогсож байх нь тэр. Иошуа дөхөж очоод «Та манай талд уу, дайсны талд уу?» гэж асуув. 14 Тэр хүн: «Хэнийх нь ч талд биш. Би Еховагийн цэргийн жанжин байна» гэхэд Иошуа сөгдөн мөргөж «Миний эзэн зарцдаа юу хэлэх сэн бол?» гэлээ. 15 Еховагийн цэргийн жанжин: «Зогсож байгаа газар чинь ариун учраас шаахайгаа тайл» гэж тушаахад Иошуа тэр даруй тайлав.