Хоёрдугаар хаад
20 Тэр үед Хезекиа хүнд өвдөж, амь нас нь үхлийн ирмэгт тулсан байлаа. Амозын хүү зөнч Исаиа түүн дээр ирж «Ехова ийн айлдаж байна. “Чи эдгэхгүй, үхэх тул гэрийнхэндээ захиасаа хэл”» гэж хэлэв. 2 Тэгэхэд Хезекиа хана руу харж, Еховад залбирлаа. 3 «Танаас гуйя, Ехова минь. Хамаг л зүрх сэтгэлээрээ танд үнэнч явж ирснийг минь, таны таалалд нийцүүлдэг байсныг минь санаач» гээд цурхиран уйлж гарав.
4 Исаиаг ордны хашаанаас гарах гээд явж байх үед Ехова түүнд 5 «Миний ард түмний удирдагч Хезекиа дээр буцаж очоод “Чиний өвөг эцэг Давидын Бурхан Ехова ийн айлдаж байна. «Би залбирлыг чинь сонслоо. Нулимсыг чинь харлаа. Би чамайг эдгээнэ ээ. Чи нөгөөдөр* Ехова миний өргөө рүү явна. 6 Би амьдралыг чинь 15 жилээр уртасгаж, чамайг болон энэ хотыг Ассирийн хааны гараас аваръя. Би энэ хотыг өөрийнхөө болон үйлчлэгч Давидынхаа төлөө хамгаална»” гэж хэл» гэлээ.
7 Тэгээд Исаиа: «Хатаасан инжрийн шахмал авчир» гэв. Тэднийг шахмал авчрахад Исаиа Хезекиагийн хатгин дээр тавьсан бөгөөд Хезекиа аажмаар эдгэжээ.
8 Хезекиа Исаиагаас «Намайг Ехова эдгээж, би нөгөөдөр Еховагийн өргөө рүү явна гэсэн ямар тэмдэг байна вэ?» гэж асуусан ажээ. 9 Исаиа түүнд «Ехова хэлсэн үгэндээ хүрнэ. Ехова үүнийгээ баталж дараах тэмдгийг чамд үзүүлнэ. “Чи шатан* дээр туссан сүүдрийг арван алхам урагшлуулах эсвэл арван алхам ухраахын алийг нь хийлгэмээр байна вэ?”» гэхэд 10 Хезекиа: «Сүүдрийг арван алхам урагшлуулах нь арван алхам ухраахаас илүү амар» гэлээ. 11 Тиймээс зөнч Исаиа Ехова Бурханд залбирав. Бурхан Ахазын шатан дээр туссан сүүдрийг арван алхам ухраахад шатаар уруудаж байсан сүүдэр арван алхам ухарчээ.
12 Тэр үед Вавилоны хаан, Баладаны хүү Беродах-баладан Хезекиаг өвдсөнийг дуулаад захидал, бэлэг сэлт илгээв. 13 Хезекиа элч нарыг угтан авч, эрдэнэсийн өргөөгөө тэр чигт нь үзүүлжээ. Алт, мөнгөө, гүглийн болон бусад үнэт тосоо, зэвсгийн агуулахаа, эрдэнэсийн санд байгаа бүхнээ үзүүлсэн юм. Хезекиа орд өргөө, эзэмшилдээ байсан бүхнээ нэгийг нь ч үлдээлгүй үзүүлжээ.
14 Тэгтэл зөнч Исаиа Хезекиа хаанд бараалхаж «Энэ хүмүүс юу ярив? Хаанаас ирэв?» гэж асуув. Хезекиа: «Тэд алс холын Вавилоноос иржээ» гэж хариуллаа. 15 «Тэд таны ордонд юу үзэв?» гэж Исаиаг асуухад Хезекиа: «Ордонд маань байгаа бүхнийг үзсэн. Эрдэнэсийн сангаасаа үзүүлээгүй юм нэг ч байхгүй» гэж хариулав.
16 Исаиа Хезекиад хэлсэн нь: «Еховагийн үгийг сонсогтун. 17 “Ордонд чинь байгаа бүхэн, эцэг өвгөдийн чинь өнөөг хүртэл цуглуулсан бүхэн Вавилонд аваачигдах өдрүүд ирж байна. Юу ч үлдэхгүй” гэж Ехова айлдаж байна. 18 Бас “Үр удмын чинь заримыг Вавилонд аваачна. Тэд ордны түшмэд болно” гэж айлдаж байна» гэлээ.
19 Тэгэхэд Хезекиа Исаиад «Танаар Ехова зөв зүйтэй үг хэлүүлжээ» гээд «Миний үед амар тайван, үймээн самуунгүй байвал болох нь тэр» гэв.
20 Хезекиагийн бусад түүх, түүний хүч чадал, хэрхэн цөөрөм, усны шугам хийж хот руу ус татсан зэрэг нь Иудагийн хаадын түүхийн номд бичигдээгүй гэж үү? 21 Хезекиа эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрсож, оронд нь хүү Манассе нь хаан болжээ.