Хоёрдугаар хаад
9 Елиша зөнчдийн хөвгүүдийн нэгийг дуудаж «Чи хормойгоо шуугаад энэ савтай тосыг авч Рамот-гилеад руу яв. 2 Тэнд очоод Нимшигийн ач, Иехошафатын хүү Иехүг хайж ол. Тэгээд бусдынх нь дундаас босгоод мухрын өрөө рүү дагуулан орж, 3 савтай тосоо толгой дээр нь асгаад “Ехова ингэж айлдсан. «Би чамайг Израйлын хаан болгон тосолж байна»” гэж хэл. Тэгээд хаалгаа онгойлгоод бушуухан зугт» гэв.
4 Тиймээс зөнчдийн хөвгүүдийн нэг Рамот-гилеад руу явав. 5 Тэрбээр цэргийн жанждын сууцгааж байсан газар очив. Тэгээд «Жанжинтан минь, би танд мэдээ дуулгахаар ирлээ» гэхэд Иехү: «Хэнд вэ?» гэв. Зарц: «Танд, жанжинтан минь» гэлээ. 6 Тиймээс Иехү босож, байшинд оров. Зарц Иехүгийн толгой дээр тос асгаад «Израйлын Бурхан Ехова ингэж айлдсан. “Ехова би чамайг ард түмэн израйлчуудынхаа хаан болгон тосолж байна. 7 Чи өөрийн эзэн Ахабын удмынхныг хөнөөх ёстой. Ингэснээр Ехова би Иезебелийн гарт хөнөөгдсөн зөнч үйлчлэгчдийнхээ болон бусад бүх үйлчлэгчийнхээ өшөөг авах юм. 8 Ахабын үр удам бүгд устгагдана. Би Израйлд байгаа Ахабынхны эр хүйстэн бүрийг дорд мөхөс гэлтгүй бүгдийг нь устгана. 9 Ахабынхныг Небатын хүү Иеробоамынхан шиг, Ахиагийн хүү Баашагийнхан шиг болгоно. 10 Харин Иезебелийн хувьд түүнийг ноход Иезреелийн талбайд иднэ. Хэн ч түүнийг оршуулахгүй” гэсэн» гэж хэлэв. Тэгээд хаалгаа онгойлгож гараад зугтжээ.
11 Иехүг эзнийхээ албатууд дээр эргэж очиход тэд: «Бүх юм зүгээр үү? Энэ галзуу яах гэж чам дээр ирсэн юм бэ?» гэж асуув. Тэрбээр тэдэнд «Та нар тэр хүнийг мэднэ шүү дээ. Юу ярьдгийг нь ч мэднэ» гэхэд 12 тэд: «Битгий худлаа яриад бай. Хэл л дээ» гэлээ. Иехү тэр хүний юу гэснийг тэдэнд хэлж, бас тэр хүн: «Ехова ингэж айлдаж байна. “Би чамайг Израйлын хаан болгон тосолж байна” гэсэн» гэв. 13 Тэгж хэлмэгц нь тэд гадуур хувцсаа авч Иехүгийн хөл доорх шатан дээр дэвсээд бүрээ үлээн «Иехү хаан боллоо!» гэцгээжээ. 14 Тэгээд Нимшигийн ач, Иехошафатын хүү Иехү нь Иехорамын эсрэг хуйвалдаан зохиов.
Иехорам болон Израйлын их цэрэг Рамот-гилеадад Израйлыг Сирийн хаан Хазаелын довтолгооноос хамгаалж байсан юм. 15 Иехорамыг Сирийн хаан Хазаелтай тулалдахад сиричүүд түүнийг шархдуулсан бөгөөд тэрбээр шархаа эдгээхээр Иезреелд эргэж ирсэн байлаа.
Иехү: «Хэрвээ та нар миний талд бол хэнийг ч энэ хотоос оргуулан гаргаж энэ мэдээг Иезреелд хүргүүлж болохгүй» гэв. 16 Тэгээд Иехү морин тэргэндээ суун Иезреел рүү явлаа. Учир нь тэнд Иехорам шархадсан хэвтэж байсан бөгөөд Иудагийн хаан Ахазиа түүнтэй уулзахаар очсон байсан юм. 17 Иезреелийн цамхаг дээр зогсож байсан харуул Иехүгийн үй олон цэрэг ирж байгааг харав. Тэгээд «Баахан цэрэг ирж байна» гэлээ. Тэгж хэлмэгц нь Иехорам: «Нэг морьт цэргийг угтуулан илгээж “Сайн явна уу?” гэж асуулга» гэжээ. 18 Морьтон түүнтэй уулзахаар явж «Хаан: “Сайн явна уу?” гэж асуулгалаа» гэхэд Иехү: «Миний сайн яваа эсэх чамд хамаагүй. Ард ороод дагаад яв!» гэлээ.
Харуул: «Морьтон тэдэн дээр хүрч очсон ч эргэж ирсэнгүй» гэж мэдээлэв. 19 Хаан хоёр дахь удаагаа морьтон явуулав. Морьтон тэдэн дээр очоод «Хаан: “Сайн явна уу?” гэж асуулгалаа» гэхэд Иехү: «Миний сайн яваа эсэх чамд хамаагүй. Ард ороод дагаад яв!» гэв.
20 Харуул дахин «Морьтон тэдэн дээр хүрч очсон ч эргэж ирсэнгүй. Галзуурсан мэт давхиж байгааг нь харвал Нимшигийн ач хүү* Иехү юм шиг байна» гэж мэдээлэхэд 21 Иехорам: «Тэрэг хөллө!» гэлээ. Түүний дайны тэргийг хөллөхөд Израйлын хаан Иехорам, Иудагийн хаан Ахазиа хоёр өөр өөрийнхөө дайны тэргэнд суун Иехүтэй уулзахаар явлаа. Тэд Иехүтэй иезреел хүн Наботын талбайд нүүр тулав.
22 Иехорам Иехүг хармагцаа «Сайн явна уу, Иехү?» гэхэд Иехү: «Чиний эх Иезебел, бас ид шидтэнүүд нь жигшүүрт юм хийж* байгаа цагт ямар юмныхаа сайн байх вэ?» гэлээ. 23 Тэгэхэд нь Иехорам зугтахаар тэргээ эргүүлж Ахазиад «Бид мэхлэгджээ, Ахазиа!» гэв. 24 Иехү нумаа авч Иехорамын дал мөр лүү харвахад сум зүрхийг нь нэвт сүлбэлээ. Иехорам дайны тэргэн дээрээ үхэтхийн унав. 25 Иехү түшмэл Бидкартаа «Түүнийг аваад иезреел хүн Наботын талбайд хая. Чи бид хоёрыг эцэг Ахабынх нь ард морин тэрэгнүүдтэй* явж байхад Ехова Ахабын эсрэг юу гэж айлдсаныг сана. 26 Ехова Ахабт “Би чамайг өчигдөр Наботын болон хөвгүүдийнх нь цусыг урсгахыг харсан” гэж айлдсан. Бас Ехова: “Би яг энэ талбайд чамд хариуг чинь барина гэдгийг мэдэж ав” гэж айлдсан шүү дээ. Тиймээс одоо, Еховагийн айлдсанаар түүнийг аваад талбай руу хая» гэлээ.
27 Иудагийн хаан Ахазиа болсон явдлыг хараад цэцэрлэгт хүрээлэн дэх байшинг чиглэсэн замаар зугтав. (Дараа нь Иехү түүний араас нэхэн хөөж, «Түүнийг ч гэсэн ал» гэлээ. Тиймээс тэд Ахазиаг Иблеамын дэргэдэх Гур хүрэх замаар явж байхад нь тэргэнд нь шархдуулав. Гэвч тэрбээр зугтаж явсаар Мегиддо хүрээд нас баржээ. 28 Албатууд нь түүнийг морин тэргээр Иерусалимд аваачаад Давидын хотод, эцэг өвгөдийг нь оршуулсан өөрийнх нь булшинд оршуулав. 29 Ахабын хүү Иехорам хааны 11 дүгээр онд Ахазиа Иудагийн хаан болсон билээ.)
30 Иехүг Иезреелд ирж байгааг Иезебел сонсов. Тэгээд нүдээ хараар будаж, үс зүсээ янзлаад цонхоороо доош харлаа. 31 Иехүг хотын дааман хаалгаар орж ирэхэд нь Иезебел: «Эзнээ хөнөөсөн Зимрид юу тохиолдлоо!» гэв. 32 Иехү цонх руу дээш хараад «Хэн миний талд байна вэ? Миний талд хүн байна уу?» гэхэд тэр даруй ордны хоёр гурван түшмэл доош Иехү рүү харлаа. 33 Иехү: «Наадахаа доош нь хая!» гэв. Тэд Иезебелийг доош нь хаяхад цус нь хана, морьд дээр цацарч, Иехү морьд хөлөглөсөн тэрэгтэйгээ дээгүүр нь гарав. 34 Дараа нь дотогш орж идэж уув. Тэгээд Иехү: «Энэ жигшүүрт эмэгтэйг авч яваад оршуулчих. Ямартай ч хааны охин байсан юм» гэлээ. 35 Гэтэл түүнийг оршуулахаар гарсан хүмүүс түүний гавал, хоёр тавхай, хоёр гарынх нь алганаас өөр юу ч олсонгүй. 36 Тэд эргэж ирээд мэдэгдэхэд Иехү: «Еховагийн үг биелжээ. Тэрбээр өөрийнхөө үйлчлэгч, тишбе хүн Елиагаараа “Иезебелийн махыг ноход Иезреелийн талбайд иднэ. 37 Иезебелийн хүүр Иезреелийн талбайн өтөг бууц болно. «Иезебел байна» гэж таних юм юу ч үлдэхгүй” гэж хэлүүлж байсан юм» гэв.