Исаиа
54 «Хүүхэд төрүүлж үзээгүй үргүй эмэгтэй чи баярлан хашхир.
Төрөхийн зовлон үзэж байгаагүй чи хөгжин хөөрч, баярлан хашхир.
Учир нь хаягдсан эмэгтэйн хөвгүүд*
Нөхөртэй эмэгтэйнхээс ч олон юм» гэж Ехова айлдаж байна.
2 «Майхныхаа талбайг тэл.
Их асрынхаа даавууг томсго.
Гар таталгүй майхныхаа уяануудыг уртасгаж,
Гадсыг нь бэхэл.
3 Чи баруун, зүүн тийш хил хязгаараа тэлнэ.
Үр удам чинь үндэстнүүдийг захирна.
Эзгүйрсэн хотуудад оршин сууна.
4 Бүү ай, чи шившиг болохгүй.
Бүү ич, итгэл найдвар чинь талаар болохгүй.
Чи залуу насандаа шившиг болж явснаа мартана.
Бэлэвсэн байх үеийнхээ гутамшгийг санахгүй».
5 «Агуу Бүтээгч чинь чиний эр нөхөр* мэт.
Түүний нэр бол тэнгэрийн цэргийн жанжин Ехова.
Израйлын Ариун Бурхан бол чамайг буцаан худалдаж авсан Нэгэн юм.
Түүнийг дэлхий дахины Бурхан гэж дуудна.
6 Ехова чамайг дуудахад чи уй гашууд автсан, хаягдсан эхнэр шиг,
Залуудаа гэрлээд, дараа нь гологдсон эхнэр шиг байсан» гэж Бурхан чинь айлдаж байна.
7 «Хэсэгхэн хоромд би чамайг орхисон.
Харин одоо агуу өршөөлөө үзүүлэн буцааж авчирна.
8 Би ихэд хилэгнэн чамаас хэсэг зуур нүүрээ нуусан юм.
Гэхдээ миний үнэнч хайр үүрдийнх учир би чамайг өршөөнө» гэж чамайг буцаан худалдаж авсан Ехова айлдав.
9 «Энэ нь надад Ноагийн өдрүүд мэт бөгөөд
Газар дэлхийг ус дахин хэзээ ч бүрхэхгүй гэж би тэр үед тангараглаж билээ.
Би хойшид чамд уурлаж, чамайг зэмлэхгүй гэдгээ үүн шиг тангараглая.
10 Уулс үгүй болж,
Толгод ганхлаа ч
Чамайг гэсэн үнэнч хайр минь үгүй болохгүй.
Энхийн гэрээ минь ч ганхахгүй» гэж чамайг өршөөдөг Ехова айлдаж байна.
11 «Зовсон, шуурганд туугдсан, сэтгэл нь тайвшраагүй эмэгтэй минь,
Би чиний ханыг чулуу болон зуурмагаар барьж,
Суурийг чинь индранилаар хийж байна.
12 Цайзын чинь оройг бадмааргаар,
Хаалгануудыг чинь гялалзсан чулуугаар,
Хил хязгаарыг чинь үнэт чулуугаар хийнэ.
13 Хөвгүүд* чинь бүгд Еховагаар заалгаж,
Хэзээд амар тайван амьдарна.
14 Зөв шударга байдал чиний бат суурь болно.
Хэн ч чамайг дарлахгүй.
Чи юунаас ч айхгүй, чамайг юу ч айлгахгүй.
Учир нь ямар ч аюул чам руу ойртохгүй.
15 Хэн нэг нь чам руу дайрч болох ч
Энэ нь миний тушаалаар биш юм.
Чам руу дайрах бүхэн чамайг дийлэхгүй».
16 «Нүүрсний галыг хөөрөгдөн
Зэвсэг хийдэг дархан хүнийг
Би бүтээсэн.
Хөнөөж устгадаг хүнийг ч би бүтээсэн.
17 Чамайг хөнөөхөөр хийсэн аливаа зэвсэг ямар ч хэрэгцээгүй болно.
Шүүх дээр чамайг буруутгасан бүхнийг чи няцаана.
Энэ бол Еховагийн зарц нарын өв юм.
Би тэднийг зөв шударга гэж үздэг» хэмээн Ехова тунхаглаж байна.