Египетээс гарсан нь
22 Хэрэв хүн бух юм уу хонь хулгайлбал нядалсан ч бай, зарсан ч бай бухыг таван бухаар, хонийг дөрвөн хониор нөхөн төлнө.
2 (Хэрэв хулгайч үйлдэл дээрээ баригдан цохиулж үхвэл алсан хүн нь буруугүй. 3 Харин нар мандсаны дараа алсан бол буруутай).
Хулгайч нөхөн төлбөр өгөх ёстой. Хэрэв түүнд юу ч байхгүй бол хулгайлсан юмыг нь төлүүлэхээр өөрийг нь зарах ёстой. 4 Хулгайлсан юм нь түүний эзэмшлээс амьдаараа олдвол бух, илжиг эсвэл хонины аль нь ч бай хулгайч хоёр нугалж төлнө.
5 Хэн нэг хүн малаа тариалангийн талбай эсвэл усан үзмийн талбайдаа бэлчээж байтал мал нь өөр хүний талбай руу орчихвол тэр хүн тариалангийн талбай юм уу усан үзмийн талбайнхаа хамгийн сайн ургацаар нөхөн төлөх ёстой.
6 Хэрэв гал гарч өргөст бутанд авалцаад хадсан, хадаагүй тариа эсвэл талбайг шатаавал гал тавьсан хүн хохирлыг барагдуулах ёстой.
7 Хэрэв хүн мөнгө, эд зүйлээ хадгалуулахаар хүнд өгсөнд тэр нь хадгалж байсан хүний гэрээс хулгайлагдаж хулгайч нь баригдвал тухайн зүйлийг хоёр нугалж төлөх ёстой. 8 Харин хулгайч олдоогүй бол гэрийн эзнийг жинхэнэ Бурхны өмнө аваачиж, нөгөө хүний эд зүйлийг авсан эсэхийг нь шүүлгэнэ. 9 Хэрэв хүн өөр хүнд байгаа бух, илжиг, хонь, хувцас юм уу өөр ямар нэг юмыг “Энэ минийх” гэж нөгөөгөө буруутгавал хоёр тал Бурхны өмнө заргаа шүүлгэх ёстой. Бурхны буруутгасан тал нь нөгөөдөө хоёр нугалж төлнө.
10 Хэн нэгэн хүн илжиг, бух, хонь гээд өөр ямар нэг мал амьтнаа хүнд харуулахаар өгтөл тэр мал нь үхэх юм уу эрэмдэг зэрэмдэг болж эсвэл булаагдсан байгаад түүнийг нь харсан гэрчгүй бол 11 тэд хоёул Еховагийн өмнө очиж, малыг нь харж өгсөн хүн буруугүй гэдгээ тангараглана. Малын эзэн хэлснийг нь хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд нөгөөх нь нөхөн төлбөр өгөх ёсгүй. 12 Харин малыг нь хулгайд алдсан* бол эзэнд нь нөхөн төлбөр өгөх ёстой. 13 Хэрэв уг мал зэрлэг амьтанд бариулсан бол тэр малыг нотолгоо болгон авчрах ёстой. Зэрлэг амьтанд бариулсан малын төлөө нөхөн төлбөр өгөхгүй.
14 Хэрэв хүн өөр хүнээс мал зээлж авахад уг мал эзнийх нь үгүйд эрэмдэг зэрэмдэг болох юм уу үхвэл зээлсэн хүн нөхөн төлөх ёстой. 15 Эзэн нь хажууд нь байсан бол нөхөн төлөхгүй. Харин тэр малыг хөлсөлсөн байсан бол хөлсний мөнгө нь нөхөн төлбөр болно.
16 Хэрэв хүн сүй тавиагүй онгон бүсгүйг уруу татаж унтвал бүсгүйн төлөө инж өгч, эхнэрээ болгож авах ёстой. 17 Бүсгүйн эцэг охиноо өгөхөөс эрс татгалзвал тэр эрэгтэй инжтэй тэнцэх мөнгийг өгөх ёстой.
18 Ид шид үйлддэг эмэгтэйг амьд байлгаж болохгүй.
19 Мал амьтантай хавьтагчийг заавал алах ёстой.
20 Еховагаас өөр бурхдад тахил өргөдөг хэнийг ч бай хөнөөх ёстой.
21 Та нар харийн хүнтэй зүй бус харьцах юм уу дарлаж болохгүй. Яагаад гэвэл та нар ч Египетэд харь хүн байсан.
22 Бэлэвсэн эмэгтэй, өнчин хүүхдийг бүү дарла. 23 Дарлан зовоовол тэр надаас тусламж гуйн хашхирах бөгөөд би түүнийг нь заавал сонсоно. 24 Мөн би та нарт уурлан хилэгнэж, илдээр хөнөөн эхнэрүүдийг чинь бэлэвсрүүлж, хүүхдүүдийг чинь өнчрүүлнэ.
25 Та нар ядуу* элэг нэгтэндээ мөнгө зээлэхээр бол мөнгө зээлдэгч* шиг харьцах ёсгүй. Хүү нэхэх ёсгүй.
26 Зээлийнхээ барьцаанд хүний хувцсыг авбал нар жаргахаас өмнө буцааж өг. 27 Тэр хүний хувьд биеэ дулаацуулах цор ганц хувцас нь учраас шөнө юу нөмөрч унтах билээ? Тэр надаас тусламж эрэн хашхирвал би өрөвч нинжин сэтгэлтэй учраас заавал сонсоно.
28 Бурхныг бүү хараа*. Ард түмнийхээ удирдагчийг ч бүү хараа.
29 Та нар арвин их ургацаасаа, бялхсан шахуургаасаа* өргөл өргөхөөс битгий хойш суу. Хөвгүүдийнхээ ууганыг надад өгөгтүн. 30 Харин үхэр, хонины ууган эр төлийн тухайд долоон хоног эхтэй нь байлгаад найм дахь өдөр нь надад өг.
31 Миний ард түмэн та нар ариун байх ёстой. Тиймээс хээр талд зэрлэг амьтанд бариулсан амьтны махыг идэж болохгүй. Нохойд хаяж өг.