Сургаалт үгс
28 Хэн ч мөшгөөгүй байхад муу хүмүүс зугтдаг бол,
Зөв шударга хүмүүс арслан шиг зоригтой байдаг.
2 Нутаг оронд хууль бус явдал гаарвал* захирагчид нь солигддог.
Харин ухааран ялгах чадвартай, мэдлэгтэй хүний ачаар захирагч удаан захирна.
3 Дорд хүмүүсийг залилдаг ядуу хүн бол
Ургацыг юу ч үгүй сүйтгэдэг бороо лугаа адил юм.
4 Хуулийг уландаа гишгэгчид муу хүмүүсийг магтдаг бол,
Хуулийг сахин биелүүлэгчид тэдэнд эгдүүцдэг.
5 Бузар мууг үйлдэгчид шударга ёсыг ойлгодоггүй.
Еховагаар удирдуулахыг хүсэгчид бүгдийг ойлгодог.
6 Завхарсан амьдралтай баянаас,
Үнэнч шударгаар явдаг ядуу нь дээр.
7 Юм ойлгодог хүү хуулийг сахидаг бол,
Ховдгуудтай нийлдэг хүү эцгээ гутаадаг.
8 Хүүний мөнгө, шударга бус ашгаар хөрөнгөө арвижуулдаг хүн
Ядууст сайныг үйлддэг хүний төлөө хурааж буй хэрэг.
9 Хуулийг сахидаггүй хүний
Залбирал нь ч жигшүүртэй.
10 Шулуун шударга хүнийг төөрүүлж буруу замаар оруулагч нь ухсан нүхэндээ өөрөө унана.
Харин гэмгүй хүн сайныг өвлөнө.
11 Баян хүн өөрийгөө мэргэн гэж боддог бол,
Ядуу боловч ухааран ялгах чадвартай хүн түүнийг нэвт шувт хардаг.
12 Зөв шударга хүмүүс ялбал асар их баяр хөөр болдог.
Муу хүмүүс эрх баривал ард олон нуугддаг.
13 Нүглээ нуудаг хүн амжилт олохгүй.
Харин нүглээ илчилж, дахин хийхээ больдог хүн өршөөл энэрэл хүртэнэ.
14 Хэзээд сэрэмжтэй байдаг* хүн жаргалтай.
Харин зөрүүд* хүнд гай гамшиг учирна.
15 Сул дорой ард түмнийг захирдаг хар санаат удирдагч бол
Архирах арслан, дайрах баавгай лугаа адил юм.
16 Ухааран ялгах чадваргүй удирдагч эрх мэдлээ урвуулан ашигладаг.
Шударга бус ашгийг үзэн ядагч нь урт удаан амьдарна.
17 Хүний амь хөнөөсөн этгээд булшинд ортлоо зугтаж амьдарна.
Түүнийг хэн ч бүү дэмжиг.
18 Гэмгүй хүн аврагдана.
Үйлс нь гажуудсан хүн гэнэт сүйрнэ.
19 Газраа боловсруулдаг хүн хоол хүнсээр гачигдахгүй.
Дэмий юмны хойноос хөөцөлддөг хүн ядуурна.
20 Итгэмжит хүн их ивээл хүртэнэ.
Баяжих гэж яарагч нь нүгэл үйлдэнэ.
21 Тал засах нь сайн биш.
Гэвч хүн зүсэм талхны төлөө зүй бусыг үйлдэх нь бий.
22 Атаархуу* хүн ядуурах гэж байгаагаа ч үл мэдэн
Эд баялагт шунадаг.
23 Бусдыг зэмлэгч нь эцэстээ
Зусарч хүнээс ч илүү хүндэтгэл хүлээнэ.
24 Эцэг эхээ дээрэмдчихээд «Энэ буруу биш» гэж хэлдэг хүн
Сүйрэл учруулдаг хүний хань хамсаатан юм.
25 Шунахай* хүн эвдрэлцлийг өдөөдөг.
Еховад найддаг хүн дэвжин дээшилнэ.
26 Өөртөө* найддаг хүн мунхаг.
Үйлс нь мэргэн хүн аюулаас зайлна.
27 Ядууст өгдөг хүн юугаар ч үл дутна.
Харин тэднийг харахыг ч хүсдэггүй хүн дээр хараал их бууна.
28 Муу хүмүүс эрх баривал ард олон нуугддаг.
Харин тэднийг мөхөхөд зөв шударга хүн олширдог.