Исаиа
24 Ехова энэ газрыг* хоосруулж, сүйрүүлж байна.
Тэрбээр дэлхийг хөмрөн*, оршин суугчдыг нь тараадаг.
2 Бүх хүнд нэг л зүйл тохиолдоно.
Ард түмэн ба тахилч,
Боол ба эзэн,
Шивэгчин ба эзэгтэй,
Худалдан авагч ба худалдагч,
Зээлдэгч ба зээлдүүлэгч,
Өртөн ба авлагатан бүгд ялгаагүй.
3 Газар нутаг бүрмөсөн хоосорч,
Юу ч үгүй тоногдоно.
Учир нь Ехова үүнийг айлдсан юм.
4 Газар нутаг гашуудаж*, тамир нь тасарч байна.
Үржил шимтэй газар хатаж, тэнхээ нь барагдаж байна.
Ихэс дээдэс нь ядарч сульджээ.
5 Оршин суугчид нь газар нутгаа бузарлажээ.
6 Тиймээс газар нутгийг хараал идэж,
Оршин суугчид нь буруутайд тооцогдсон.
Тиймээс оршин суугчид нь хорогдож,
Тун цөөхөн хүн үлдсэн.
7 Шинэ дарс гашуудан уйлж*, усан үзмийн мод хувхайрав.
Баярлаж байсан хүмүүс санаа алдаж байна.
8 Хэнгэргийн баясгалант дуу тасарч,
Найрлагчдын чимээ шуугиан намжиж,
Босоо ятгын цоглог ая зогсов.
9 Тэд дарс уувч дуу дуулахгүй.
Ууж байгаа архи нь гашуун амтагдах аж.
10 Эзгүйрсэн хот сүйрч,
Байшин болгон нь цоожтой, хэн ч орох аргагүй болжээ.
11 Дарс нэхсэн хүмүүс гудамжинд хашхиралдаж байна.
Хөгжил хөөр үгүй болж
Баяр баясгалан тэр нутгийг орхижээ.
12 Хот нь балгас хэвээрээ үлджээ.
Дааман хаалга нь эвдэрч, овоорсон хог болжээ.
13 Үндэстнүүдийн дундах миний ард түмэн энэ нутагт
Чидун модыг түншсэний дараа үлдсэн жимс шиг,
Усан үзэм хураасны дараах үлдэгдэл шиг байх болно.
14 Тэд чанга дуугаар
Баярлан хашхирна.
Тэнгисээс* Еховагийн цог жавхланг тунхаглана.
15 Гэрлийн нутагт* Еховаг алдаршуулна.
Арлуудад Израйлын Бурхан Еховагийн нэрийг алдаршуулна.
16 «Зөв Нэгэн алдаршиг!» хэмээн
Дэлхийн хязгаараас дуулж байхыг бид сонслоо.
Гэвч би: «Ядарч байна. Надад хүч алга.
Ямар хэцүү юм бэ! Урвагчид урван тэрсэлсэн.
Урвагчид урван тэрсэлж, хууран мэхэлсээр байна» гэж хэлэв.
17 Энэ газрын оршин суугчид аа, та нарыг айдас, нүх, урхи занга хүлээж байна.
18 Айдас төрүүлэм дуунаас зугтсан нь нүхэнд унаж,
Нүхнээс гарсан нь урхинд орно.
Тэнгэр дэх усны хаалтууд нээгдэж,
Газрын суурь ганхана.
19 Газар хага ярагдан,
Доргин чичирч,
Хүчтэй хөдлөв.
20 Энэ нутаг согтуу хүн шиг гуйвж
Салхинд савлах овоохой шиг нааш цааш найгадаг.
Нүгэл хилэнц нь улам хүнд болж байгаа учир
Унаад дахин хэзээ ч босохгүй.
21 Тэр өдөр Ехова тэнгэрийн дайчид,
Газрын хаадад анхаарлаа хандуулна.
22 Хоригдлуудыг нүхэнд бөөгнүүлдэг шиг
Тэднийг цуглуулж,
Нүхэн шоронд хорино.
Олон хоногийн дараа тэдэнд анхаарлаа хандуулна.
23 Тэргэл сар ичиж,
Гэрэлт нар нэрэлхэнэ.
Учир нь тэнгэрийн цэргийн жанжин Ехова Сион уул хийгээд Иерусалимд Хаан болжээ.
Ард түмнийхээ ахлагчдын өмнө алдаршжээ.