Нэгдүгээр Тесалоник
1 Бурхан Эцэг болон Эзэн Есүс Христтэй санаа нэгтэй Тесалоник дахь хурлынханд Паул Силуан* Тимот нараас бичиж байна.
Бурхан та нарыг нигүүлсэж, амар тайвныг соёрхох болтугай.
2 Бид та нарын төлөө залбирахдаа Бурханд үргэлж талархдаг. 3 Учир нь бид бүхний Бурхан Эцгийн өмнө Эзэн Есүс Христэд найдаж, итгэл хайрандаа хөтлөгдөн тууштай үйлчилдгийг тань санадаг. 4 Бурхны хайрыг татсан ах дүү нар аа, Бурхан та бүхнийг сонгосныг бид мэддэг. 5 Учир нь та нар зөвхөн үгийг сонсоод л сайн мэдээг хүлээгээд авсан юм биш. Та нарт Бурхны агуу хүч нөлөөлсөн. Бид тунхагласан мэдээндээ итгэдэг бөгөөд энэ мэдээ та нарт их тус болсон. Та бүхний төлөө юу хийснийг маань та нар мэднэ шүү дээ. 6 Та нар их зовж байсан ч Бурхны агуу хүчний нөлөөгөөр үгийг баяр баясгалантайгаар хүлээж аваад биднийг болон Эзнийг дуурайдаг болсон. 7 Ийнхүү Македон, Ахейн бүх итгэл нэгтэндээ үлгэр дуурайл болсон.
8 Та нар Еховагийн* үгийг Македон, Ахейд төдийгүй газар бүр тунхагласан бөгөөд та нарын итгэлийн талаар газар газрын хүмүүс мэддэг болсон учир бидэнд хэлэх юм алга. 9 Яагаад гэвэл анх та нартай хэрхэн танилцсаныг маань, амьд бөгөөд жинхэнэ Бурханд үйлчлэхийн тулд шүтээнүүдээ орхисныг тань, 10 бас ойртож буй Бурхны шийтгэлээс биднийг аврах, Бурхны амилуулсан, тэнгэрээс ирэх Хүү Есүсийг хүлээж байгааг тань хүмүүс ярьцгаадаг.