Дуулал
Удирдаачид зориулав. Давидын дуу.
64 Дуу хоолойг минь сонсооч Бурхан минь, би гуйя.
Дайсны аймшигт довтолгооноос амийг минь хамгаалаач.
2 Хорон санаатнуудын хуйвалдаанаас намайг хамгаалаач.
Хууль бусыг үйлдэгчдийн цугларалтаас намайг халхлаач.
3 Тэд хэлээ илд мэт хурцалж
Харгис үгийг сум мэт онилдог нь
4 Гэмгүй хүнийг нуувчаасаа харвахын тулд ажээ.
Тэд айж эмээх ч үгүй гэнэт харвадаг.
5 Тэд бузар санаагаа орхидоггүй*.
Урхи зангаа яаж нуухаа ярилцдаг.
«Хэн олж харах юм бэ?» гэдэг.
6 Тэд муу юм хийх шинэ арга хайж,
Зальт төлөвлөгөөг нууцаар боловсруулдаг.
Хүн бүр дотроо юу бодож байгааг таашгүй.
7 Харин Бурхан тэднийг харвахад
Тэд гэнэт суманд оногдон шархадна.
8 Тэд амнаасаа болж сүйрнэ.
Тэднийг харсан бүхэн толгой сэгсэрнэ.
9 Тэгэхэд бүх хүн айдаст автана.
Тэд Бурхны үйлсийн талаар ярьж,
Үйлдсэн бүхнийх нь учрыг ойлгоно.
10 Зөв шударга хүн Еховад баярлаж түүнд хоргодно.
Шулуун шударга бүх хүн бахдан баярлана.