Хосеа
4 Израйлчууд аа, Еховагийн үгийг сонс.
Ехова энэ нутгийн оршин суугчидтай заргалдаж байна.
Учир нь энд үнэн гэж алга. Үнэнч хайр, Бурхны тухай мэдлэг ч алга.
2 Хуурамч тангараг, худал хуурмаг явдал, аллага,
Хулгай дээрэм, завхайрал газар авч,
Цус урсгах явдал эцэс төгсгөлгүй үргэлжилнэ.
3 Тийм учраас энэ нутаг гашуудна.
Бүх оршин суугчийнх нь тамир тэнхээ барагдана.
Хээрийн амьтад, тэнгэрийн шувууд,
Далайн загас хүртэл устаж үгүй болно.
4 «Гэхдээ хэн ч бүү маргаг, бүү зэмлэг.
Учир нь чиний ард түмэн тахилчтай маргадаг хүмүүс шиг зөрүүд юм.
5 Чи гэгээн цагаан өдөр бүдэрч унана.
Зөнч бас шөнө яваа юм шиг, чамтай хамт бүдэрч унана.
Би эхийг чинь хорооно*.
6 Миний ард түмэн мэдлэггүйгээсээ болж устгагдана*.
Чи миний тухай мэдэхийг хүсээгүй учраас
Би бас чамайг тахилчаар үйлчлүүлэхгүй.
Чи Бурхныхаа хуулийг* мартсан учраас
Би чиний хөвгүүдийг мартана.
7 Тэд* олшрох тусмаа миний эсрэг бүр их нүгэл үйлдсэн.
Би тэдний суу алдрыг ичгүүр шившиг болгоно.
8 Тэд миний ард түмний нүглээр хооллож,
Тэднийг алдаа гаргачхаасай гэж ихэд хүсдэг.
9 Ард түмэн нь ч, тахилчид нь ч адилхан байх болно.
Би хийсэн хэргийнх нь улмаас тэдэнтэй тооцоо бодож
Үйлсийнх нь үр дагаврыг амсуулна.
10 Тэд идсэн ч ханаж цадахгүй.
Завхайрсан* ч өсөж үржихгүй.
Учир нь тэд Еховаг тоогоогүй юм.
11 Завхайрал ба шинэ, хуучин дарс нь
Зөв юм хийх гэсэн хүслийг үгүй хийдэг.
12 Миний ард түмэн модон шүтээнүүдээсээ асууж,
Таягийнхаа* хэлснээр хийдэг.
Завхайрах хүслээсээ болж замаасаа гаждаг.
Завхайралд автсанаасаа болж Бурхандаа захирагддаггүй.
13 Уулын орой дээр өргөл өргөж,
Толгод дээр тахил шатааж,
Царс, стиракс мод* болон аливаа том моддын доор
Сүүдэр сайтай болохоор нь тахил өргөдөг.
Тийм учраас охид чинь биеэ үнэлж,
Бэрүүд чинь завхайрдаг.
14 Би биеэ үнэлдэг охидтой чинь,
Завхайрдаг бэрүүдтэй чинь тооцоо бодохгүй.
Учир нь эрчүүд садар эмстэй явалдаж,
Сүмийн янхнуудтай хамт тахил өргөдөг.
Ухаангүй ийм ард түмэн устгагдана.
15 Израйл аа, чи биеэ үнэлдэг ч
Иудагаар нүгэл бүү үйлдүүл.
Гилгал юм уу Бет-авен руу бүү яв.
“Еховагаар тангараглая!” гэж бүү хэл.
16 Израйлчууд үхэр шиг зөрүүд болжээ.
Ехова тэднийг уудам бэлчээрт хурга хариулдаг шиг хариулах уу?
17 Ефраимчууд шүтээн шүтэж байна.
Тэднийг орхи!
Удирдагчид нь гутамшигтай юм хийх дуртай.
19 Салхи түүнийг* далавчин дээрээ авч одно.
Тэд өргөлөөсөө ичнэ».