Сургаалт үгс
11 Хуурамч дэнс Еховад жигшүүртэй.
Зөв туухай* түүнийг баярлуулдаг.
2 Бардам зан нэр хугална.
Даруу хүн мэргэн ухаантай.
3 Шулуун шударга хүнийг үнэнч байдал нь удирддаг бол,
Итгэл эвддэг хүнийг заль мэх нь сүйрүүлнэ.
4 Уур хилэнгийн өдөр эд баялаг ямар ч ашиг өгөхгүй.
Харин зөв шударга байдал үхлээс аварна.
5 Гэм зэмгүй хүн зөв юм хийдэг учраас амьдрал нь шулуун замтай адил юм.
Муу хүн бузар явдлаасаа болоод гай зовлон амсана.
6 Шулуун шударга хүн зөв юм хийдэг учраас аврагдана.
Итгэл эвддэг хүн хүсэлдээ урхидуулна.
7 Муу хүнийг үхэхэд итгэл найдвар нь бөхнө.
Өөрийнхөө хүчинд тулгуурлаж байсан хамаг найдвар нь талаар болно.
8 Зөв хүн зовлонгоос аврагдаж,
Муу хүн оронд нь зовдог.
9 Тэрслэгчийн* хэлсэн үг бусдыг сүйрүүлдэг.
Зөв хүнийг мэдлэг нь авардаг.
10 Зөв хүн сайн үйлсээрээ хотынхныг баярлуулдаг.
Муу хүмүүс устгагдахад хотынхон баярлан хашхирдаг.
11 Шулуун шударга хүн ивээл хүртэхэд* хот өргөмжлөгдөнө.
Муу хүн үгээрээ хотыг нураадаг.
12 Ухаан муутай хүн бусдыг басамжилдаг*.
Ухааран ялгах чадвартай хүн чимээгүй байдаг.
13 Гүтгэгч хаа сайгүй явж нууцыг задруулдаг.
Харин итгэл даагч нууцыг хадгалдаг.
14 Мэргэн удирдамж* үгүй бол ард түмэн зовно.
Олон зөвлөгчтэй бол амжилтад хүрнэ*.
15 Танихгүй хүний батлан даагч болсон хүн гарцаагүй хохирно.
Гар барин тохиролцоогүй хүн аюулаас хол байна.
16 Ялдам* бүсгүй алдар хүнд олдог.
Хатуу сэтгэлтнүүд эд баялаг л олдог.
17 Сайхан сэтгэлтэй* хүний үйлс өөрт нь ч тустай.
Харин хэрцгий хүн өөртөө гай зовлон дууддаг*.
18 Муу хүний олдог хөлс хуурамч.
Зөв шударгыг үйлдэгчийн хүртдэг шагнал жинхэнэ.
19 Зөв шударгын төлөө тууштай явагч нь амийг олно.
Бузар муугийн араас хөөцөлдөгч нь үхэлтэй нүүр тулна.
20 Зүрх сэтгэл нь гажуудсан хүмүүс Еховад жигшигддэг бол,
Гэм зэмгүй явдаг хүмүүс түүнийг баярлуулдаг.
21 Муу хүн заавал шийтгэгдэнэ гэдгийг санаж яв.
Харин зөв хүний хүүхдүүд шийтгүүлэхгүй.
22 Гоо үзэсгэлэнтэй атлаа ухаан муутай эмэгтэй бол
Гахайн хоншоорт зүүсэн алтан гархитай адил юм.
23 Зөв хүний хүсэл сайн сайхан руу хөтөлдөг бол,
Муу хүний горьдлого уур хилэнг хөдөлгөдөг.
24 Харамгүй өгдөг атлаа илүү ихийг хүртдэг хүн байхад,
Өгөх ёстой юмаа ч өгдөггүй атлаа ядуурдаг хүн бий.
25 Өгөөмөр хүн дэвжин дээшилнэ.
Өрөөлийг сэргээгч өөрөө сэргэнэ.
26 Үр тариагаа нуун далдалдаг хүн зүхэгдэнэ.
Харин зарж борлуулдаг хүн ерөөгдөнө.
27 Сайныг хийх гэж хичээнгүйлэн зүтгэдэг хүн сайшаалыг олно.
Муу юм хийх гэж тэмүүлдэг хүнд муу юм тохиолдоно.
28 Эд баялагтаа найддаг хүн унана.
Зөв шударга хүн навч мэт дэлгэрнэ.
29 Гэрийнхэндээ гай тарьдаг* хүн салхийг өвлөнө.
Мунхаг хүн мэргэн хүний зарц болно.
30 Зөв хүний үйлсийн үр дүн нь амийн мод юм.
Бусдын зүрх сэтгэлийг эзэмддэг хүн* мэргэн.
31 Дэлхий дээрх зөв шударга хүн зохих шангаа хүртэх бол,
Муу хүн, нүгэлтэн бүр ч их хүртэх нь дамжиггүй!